top banner

Филиппиний Хүний эрхийн комиссын жилийн төсвийг ердөө 20 ам.доллар болгон танажээ


2017-09-13 14:27:54
Зураг
МАНИЛА. /Спутник/. Филиппиний хууль тогтоогчид мансууруулах бодистой тэмцэх дайныг мөрдөн шалгаж буй Хүний эрхийн комиссын жилийн төсөвт зориулан ердөө 1000 песо буюу 20 ам.доллар баталж өгсөн тухай Оросын “Спутник” агентлаг мэдээллээ.

Хүний эрхийн комиссын төсвийг 1000 песо болгож танахыг тус улсын Конгрессын 119 гишүүн дэмжсэн бол 32 нь эсэргүүцжээ.

Тус улсын Төлөөлөгчдийн танхимын дарга Пасалай Альварез энэ комиссыг “ямар ч хэрэггүй газар” гэжээ.
Тэгвэл шүүмжлэгчид “Ерөнхийлөгч Родриго Дутертегийн мансууруулах бодистой тэмцэх дайныг эрс шүүмжилсэнтэй нь холбогдуулан тус комиссын төсвийг ингэж таналаа” гэж үзэж байна.

Р.Дутерте мансууруулах бодис наймаалагчидтай тэмцэх дайныг өнгөрсөн онд  зарласнаас хойш тус улсад хэдэн  мянган хүн амиа алдаад байгаа юм. Түүний энэ дайны гол зорилго нь Филиппин дэх мансууруулах бодисын наймааг үндсээр нь устгах явдал боловч гэм буруутай нь тогтоогдоогүй хүмүүсийг цагдаа нар шууд буудан устгаж байгаатай холбоотойгоор энэ ажиллагааг нь олон улс эрс шүүмжилж байгаа билээ.



Хүмүүсийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хөнөөж байна гэх хэргийг мөрдөн шалгаж буй Хүний эрхийн комисс нь 2018 оны төсөвт зориулан 1.72 тэрбум песо баталж өгөхийг анх хүссэн байна. Гэвч Засгийн газар нь энэ мөнгийг 50 гаруй хувиар багасгах саналыг анх дэвшүүлжээ. Ингээд төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр Конгресс тус комиссын төсвийн хэмжээг эрс танан ердөө 1000 песо болгон баталжээ. Тус комиссын 2017 оны төсөвт 749 сая песо баталж өгч байсан гэнэ.

Төлөөлөгчдийн танхимын дарга П.Альварез нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө “Хэрвээ та нар гэмт хэрэгтнүүдийн эрхийг хамгаалах гэж байгаа бол төсвийн мөнгөө гэмт хэрэгтнүүдээсээ ав” гэжээ.
 
Г.Доржханд
 


Монгол брэнд