top banner
Шуурхай мэдээ

Египет улс Умард Солонгостой цэргийн харилцаагаа тасалжээ


2017-09-13 13:31:34
Зураг
КАИР. /Ёнхап/. Умард Солонгостой цэргийн харилцаагаа тасалж байгаагаа Египетийн Батлан хамгаалахын сайд мэдэгдсэнийг Өмнөд Солонгосын “Ёнхап”  агентлаг уламжиллаа.

Египетийн Батлан хамгаалахын сайд Седки Собхи мягмар гарагт Сөүл хотноо Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Сон Ён Мүтэй уулзах үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна. Сайд С.Собхи хэлэхдээ “Олон улсын энх тайван ба тогтвортой байдалд аюул заналхийлсээр байгаа Умард Солонгосын гаргаж буй зохисгүй үйлдлүүдийн эсрэг Египет улс Өмнөд Солонгостой идэвхтэй хамтран ажиллах болно” гэжээ.

Египет нь Хүйтэн дайны үеэс хойш Умард Солонгостой найрсаг харилцаатай байгаа бөгөөд эдийн засаг ба цэрэг армийн харилцаагаа хадгалсаар ирсэн улс билээ.

Хүний эрхийн асуудалтай холбоотойгоор Египетэд тусламж үзүүлэхээ хойшлуулж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өнгөрсөн сард мэдэгдсэн юм. Гэхдээ Америкийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар, АНУ-ыг ийм шийдвэр гаргахад Египет болон Умард Солонгос хоорондын найрсаг харилцаа нөлөөлсөн бололтой.
Г.Доржханд




Монгол брэнд