top banner

Их уулсын нутагт ирээдүйг сурвалжилсан тэмдэглэл


2017-09-13 12:01:49
Зураг Эртний түүхийг хөрсөндөө өлгийдсөн Их нууруудын хотгорт энэ жил налгар баян намар болж байна. Намрын дунд сар хэдийнэ эхэлсэн ч нарны илч зунаараа, өвсний толгой ногооноороо, нуурын ус хөхөөрөө, газрын өнгө зургийн эффект мэт эрээлжлэн солонгорох нь нүднээ баясалтай.

Усны шувууд хариг цагийг умартан нуур уснаа шумбалдах нь хэзээ ч тэд жигүүрээ цуцаан өнө холын замыг туулж өмнө нутаг руу зэллэн одохгүй мэт. Дөрвөн зууны тэртээ Галдан бошигт хаан Ойрадын цөст хөвгүүдээ цэрэглэн засаж явсан Хархираагийн их уулсын хормойг ороон могой шиг гулсан гарч ирэх аглаг буйдын зургар шаргал замаар мөнгөлөг цагаан Ланд-200 салхи зүсэн довтолгож явна. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Монгол брэнд” төслийн баг Увс нутгийг зорин яваа нь энэ ээ. “Увс хүнс” компанийн ТУЗ-ийн даргатай дөрөө харшуулсан энэ дориун нөхөд Увсын чацаргана жимсний тариалалт, үйлдвэрлэлээр дамжуулан Монгол орноо дэлхийд сурталчлах үндсэн зорилготой. 

МОНЦАМЭ агентлаг Ази Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллага ОАНА-гийн бүрэн эрхт гишүүний хувиар үндэсний үйлдвэрлэгч компани болон тэдний брэндүүдийг хилийн чинадад сурталчлан таниулахын зэрэгцээ өөрийн таван хэлээрх сонин, таван хэлээрх вэб хуудас болон цахим сүлжээгээрээ дамжуулан нийтэлдэг бөгөөд энэ нь эргээд Монгол Улсын гадаад сурталчилгаа хэмээх тугийн нэгэн хэсэг болдог билээ. “Монгол брэнд” төслийн энэ удаагийн дугаарт “Увс хүнс” компани  шилэгдсэн нь ихээхэн утга учиртай. Социализмын үед аймаг болгонд байсан Хүнсний үйлдвэрүүд нийгмийн шилжилтийн шуурганд ор мөргүй арилан замхарч, өмч хувьчлалын алдаатай бодлогын золиосонд гарал үүсэл нь тодорхойгүй, шошготой шошгогүй гадны идээ ундаа ард түмний ам руу визгүй нэвтрэх болсноор үндэсний аюулгүй байдал хэмээх асуудлын өмнө асуултын тэмдэг урган гарч ирсэн юм.  
Харин Увс аймгийн хүнсний үйлдвэр 75 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын зэрэгцээ “Увсын чацаргана” гэх амтат брэндийг бий болгосон нь эдүгээ Монголын нэрийг дэлхийд тунхаглаж байна.
Эх орны хөрсөнд ургасан арвай буудай, жимс жимсгэнэ, уулын голын цэвэр тунгалаг усаар хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Увс хүнс” компанийг мэдэхгүй Монгол хүн үгүй болжээ.

Дэлхий нийт байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүнийг сонгох болсон энэ үед жинхэнэ байгаагаараа байж, баялгаа баяжуулж, хөдөлмөрөө брэнд болгосон энэ хамт олныг сурвалжлах нь манай аяллын багийн үндсэн зорилт байсан юм. “Монгол брэнд” төслийн гадаад хэлээрх сурталчилгаанд компаний бий болгосон брэнд болон монгол чацарганы талаар тусгайлан танилцуулах тул бид энэхүү аян замын тэмдэглэлдээ хүнсийг нь биш хүнийг нь, хаяг рекламыг нь биш хамт олныг нь онцгойлон дурдахыг чухалчиллаа. Учир нь аливаа бизнесийн хөгжил, компаний амжилт бол эздийнх нь философи, шаргуу хөдөлмөр, үзэл хандлагынх нь шууд тусгал байдаг билээ. “Увс хүнс” компаний ТУЗ-ийн дарга Лхагвасүрэнгийн Мөнхнаран, Гүйцэтгэх захирал Эрдэнэбаатарын Баатарсан нартай ярилцаж, ажил үйлсийг нь сурвалжлах явцад тэднээс өнөө цагт ихээхэн үгүйлэгдэх болсон шударга цэгц байдал, ил цагаан яриа хөөрөө, итгэл  зүтгэл нэвт ханхалж байсан нь олзуурхмаар. Ер нь Увс нутгийнхан ажилсаг зүтгэлтэй зон гэдэг нь айл бүхний хашаанаас цухуйх чацарганы бут, аманд ороод тагнайнд шингэх болц нь гүйцсэн шаргал жимс шигээ эгэл боргилхон яриа хөөрөөнөөс нь илт тэмтрэгдэнэ.

Аймгийн төв рүү орох замд нүүгэлтэн угтсан Хархираа Түргэний уулс, энэ их уулсын суганаас салбарлан урсах дагшин горхины тунгалаг усаар тэжээгдсэн Увсын чацаргана өөрийн гэсэн брэнд нэр, шимт чанараараа Монголдоо төдийгүй дэлхийд танигдаж амжжээ.


Дэлхийн шинжлэх ухааны сүүлийн 50-аад жилийн судалгаагаар бүхий л жимс, жимсгэнээс хүнс тэжээлийн болон эмчилгээ сувиллын хувьд хамгийн үнэ цэнтэй нь чацаргана гэж тогтоогдсон нь түүний найрлагад аминдэм, биологийн идэвхит бодисууд иж бүрэн бай­дагтай холбоотой юм. Швейцарийн нэгэн лаборатори Увс аймагт ургуулсан хоёр төрлийн чацарганаас гаргаж авсан тосыг Монголын бусад газар оронд ургуулсан чацарганыхтай харьцуулан шинжлэхэд Увсын чацарганых эрүүл мэндэд онцгой ашиг тустай пальмитинийн хүчлийг 2.5 дахин ихээр агуулдаг нь тогтоогдсон. Түүгээр ч барахгүй хүний биед нэн хэрэгтэй гэж үздэг оливын тосны чанараас 40 хувиар илүү байжээ. Увс нутгийн чацарганы энэхүү онцгой чанарыг үндэслэн Европын холбоонд газарзүйн заалтаар бүртгүүлэх хүсэлтээ Монгол Улс албан ёсоор тавиад байгаа.

Өвөлдөө хасах 50, зундаа нэмэх 40 градусын эрс тэс уур амьсгал, далайн түвшнээс дээш 700-850 метр өргөгдсөн мөнх цаст уулсын цэнгэг усаар тэтгэгдсэн шаварлаг, иодлог хөрс болон давст нууруудын сав газрын онцлог нөлөөгөөр Увсын чацарганы тос омега аминдэм, тэр дундаа Е витамины агууламжаараа  бусад газрынхаас хамаагүй илүү байдаг. Хэрэв Европын комисс газарзүйн заалтаар бүртгэн авбал Увсын чацарганаар хийсэн ямар ч бүтээгдэхүүн Европын холбооны 28 орны зах зээлд өндөр нэр хүндтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэсэн тэмдэгтэйгээр худалдаанд гарах үүд хаалга нээгдэнэ гэсэн үг юм. Гадаад оронд Монгол Улс өөрийн бүтээгдэхүүнээ анх удаа газарзүйн заалтаар бүртгүүлсэн баярт мэдээ тун удахгүй сонстох биз ээ.  Ингэж гэмээнэ чацаргана тариалагчдын хөдөлмөр, зах зээлийг хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс хамгаалж, чухам л “Хөлөө явж хөлсөө хүртэх” сайн цаг ирнэ. Өнөөдрийн байдлаар Увс аймгийн хэмжээнд жилдээ 600 га талбайд чацаргана тариалж 550 гаруй тонн жимс хурааж байна. 1970-аад оноос сортын чацаргана тариалж эхэлсэн өлгий нутаг нь Увс билээ. 2007 оноос хойш тус компани 100 га талбайд чацаргана тариалж тогтмол арвин ургац хурааж экологийн цэвэр үйлдвэрлэл явуулсаар ирсэн юм.

Улс орны хамгийн эмзэг салбар бол яах аргагүй хүнсний үйлдвэрлэл. Алдаа нь эзнээ тэр дор нь бариад өгдөг учраас ашгаасаа түрүүнд хариуцлагаа тавьж явдаг. Тиймээс хүнс үйлдвэрлэгчдийн зовлон жаргалыг ард түмэн биш төр засаг ойлгож, анхааран сонсож, дүн тавьж байх ёстой. Харин өнөөдөр тэд сурлагын дэвтэртээ дүнгүй ч сурах эрмэлзлээрээ гэрийн даалгавраа хийж яваа оюутан шиг бор зүрхээрээ босож унан, хөлөө сэлгэн зогссоор байгаа.

Увс хүнс”-ийнхний хувьд урд өмнөх жилүүд нь онц дүнгээр дүүрэн зузаан зузаан дэвтрүүд байдаг. Дэлхийн дайны сүүдэрт жилүүдэд үүдээ нээсэн энэ байгууллага үүрэг хариуцлагаа үүрч туулсаар зах зээлийн нийгэмд хөл тавьсан түүхтэй. 1942 онд “Идэш тэжээлийн үйлдвэр” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус хамт олон зах зээл, өөрчлөн байгуулалтын он жилүүдэд үйлдвэрлэлээ зогсоолгүйгээр эдийн засгийн боломжиндоо тулгуурлан мацсаар 1992 онд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болон зохион байгуулагдаж 1997 онд төрийн өмчид байсан 51 хувиа дуудлага худалдаагаар хувьчилжээ. 1998 онд бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн 25 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба энэ үеэс “Увс Хүнс” ХК болон нэрээ өөрчилж, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан орчин үеийн менежментийн арга хэлбэрийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаж, цаашид өргөжин дэвжих бололцоо бүрдсэн байна. 2007 онд “UFC” групп болон өргөжиж Монгол улсын хэмжээд төдийгүй гадаад улс орнуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж байсныг бид бүхэн мэдэх билээ. Харин 2013 оноос “UFC” группээс хувьцаагаа татан авч “УВС ХҮНС” ХК нэрээрээ үйл ажиллагаагаа явуулах болжээ.

Байгууллагын сурлагын дэвтрийн сүүлийн хуудсуудыг хальтхан сөхөхөд, 2003 онд “Найдвартай татвар төлөгч байгууллага”, 2005 онд “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон” цол, 2006 онд шилдэг 10-н аж ахуй нэгжийн нэг, 2007 онд “Шилдэг үйлдвэрлэгч” өргөмжлөл, “Гурван А” зэрэглэлт “Алтан гэрэгэ” эзэмшигч, 2008 онд “Шилдэг ажил олгогч”, 2009 онд “Шилдгийн шилдэг татвар төлөгч байгууллага”, 2007-2010 онд Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас шалгаруулсан ТОП 100 аж ахуйн нэгжид багтан шалгарч мөн хугацаанд зохион байгуулагдсан бүсийн болон улсын томоохон үзэсгэлэн худалдаануудад бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцож “Гран при”, “Үлэмжийн чанар” алт, мөнгөн медаль хүртсэн гээд уртын урт жагсаалт үргэлжилнэ...
Энэ бүх алдар хүнд компаний өмч биш, дарга нарынх нь гоёл биш, халуун зүтгэлт ажилчдынх нь гар сэтгэлээр бүтэж бүрэлдсэн гэдгийг Мөнхнаран захирал ахин дахин онцолно билээ.

Үйлдвэрт ч, чацарганы талбай дээр ч, бүтээгдэхүүний агуулахад ч, хөдөө хээр ч нэг л сэдэв биднийг ямагт сэрээж байсан нь “Жинхэнэ байгалийн оргиналь, натурал бүтээгдэхүүн” гэх үг өгүүлбэрүүд байлаа. Хоёр захирал энэ үгээ хэлэхдээ гэрэлтээд л ирдэг. Энэ итгэл ирээдүйд Монголыг дэлхийд тунхаглах эрүүл, бардам амлалт лугаа санагдаж билээ. Манай үндэсний үйлдвэрлэл рекламаар биш чанараараа танигдах тэр цагт энэ бүхэн надад огт шинэ зүйл шиг санагдахгүй байх. Холгүй тэр ирээдүйн өмнө бүтээгчидтэй нь хамтдаа зогсож байх нэг л таатай...

Байгалийн бүс бүслүүр, эко системийн иж бүрдлийг нэг дор агуулсан “Дэлхийн өв”-ийн өлгий нутагт Увс аймагт эртний түүх соёлын дурсгалууд нэн арвин. Баруун монголчуудын домогт юүдэн малгай мэт Чандмань хайрхан эрт галвын дурсгалуудаа элгэндээ тэвэрсээр биднийг үдлээ. Аймгийн төв алсран ахуйд
Сүрлэг Хархираан торгон салхи хацар илбээд
Сүүн давалгаатай Увс нуур тольдон мэлтийгээд
Зүрхэн юүдэн уул эцгийн суудлаар ханхайгаад
Зүймэл газрын зэрэглээ тэнгэрийн салхитай мяралзаад... хэмээх дуу машины хөгжмөөр цуурайлж Хяргас нуурын мандалд долгио үүсгэн тархаж байлаа.

Ээх, аян зам, аян зам. Хан Хөхийн сүглэгэр уулс, Хархираа Түргэний ирмэгт хавцал, Цагаан дэглий хайрхан, цайрах их нууруудын орон Увсын цэнхэр хязгаар... Хүний үнэр ханхийсэн дагшин буйдын хөдөөгөөс хүрээ хотоо зориход сэтгэл нэг л хоргодонгуй...
 
Б.Занданхүү



 

Монгол брэнд