top banner

О.Болормаа: Багшийн хөдөлмөрийг бодитой үнэлбэл нийгэм зөв гольдрилд орно


2017-08-25 21:33:30
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Япон улсын бага ангийн багш 3000 – 6500 ам.долларын цалинтай гэдэг. Ирээдүйн япон иргэнийг бэлтгэж байгаа гэдгээрээ тэд ийн хүндлэгддэг ажээ. Түүнчлэн Өмнөд Солонгост багш нар хамгийн нэр хүндтэй давхаргынхан байдаг бөгөөд Их сургуулиа маш сайн төгссөн оюутнуудаас  л багш болох хүнийг сонгож, “том тоотой” чек амладаг гэнэ. Харин боловсролын тогтолцоо нь шилдгээр нэрлэгддэг Финланд улс багш нартаа тийм сайн цалин олгодоггүй ч, тэднийг маш зөв удирдан чиглүүлдэгээрээ гайхагддаг юм байна.

Тэгвэл, боловсрол бол нийгмийн тэргүүлэх салбар, багш бол хүний хөгжлийн тулгуур хүч хэмээн тунхагладаг эх орондоо дэлхийн жишгээр ажиллаж, цалинжих ёстой хэмээн Монголын багш нар шаардаж эхэллээ. 
Тэд есдүгээр сарын нэгнээс өмнө, цалингаа доод тал нь 1,6 сая төгрөг болгон нэмэхийг Засгийн Газраас шаардаж, биелүүлэхгүй бол 30 гаруй мянган багш ажил хаяна хэмээн мэдэгдээд байгаа юм. “Багш нарын цалин нэмүүлэх” түр хорооны гишүүн, нийслэлийн ЕБ-ын хоёрдугаар дунд сургуулийн математикийн багш Отгоны Болормаатай дээрх асуудлаар ярилцлаа. 

- Та бүхэн “Багш нарын цалин нэмүүлэх” түр хороог энэ сарын 10-нд байгуулжээ. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ онцгой үеэр яагаад ийм үйл ажиллагаанд оров?

-Манай түр хорооны, ерөнхий зохицуулагч Н.Мөнхтуяа, багш нарын цалин нийгмийн хангамж, баталгаа болохгүй, амьжиргаанд хүрэхгүйгээс амьдрал хэцүү, ядуу байна  хэмээн СӨБ гэсэн фэйсбүүк хуудсанд анх бичсэн юм билээ. Гэтэл багш нарын сэтгэгдлүүд хэдэн мянгаараа бичигдэж л дээ. Хөдөө орон нутгаас ч багш нар дэмжээд эхэлсэн. Тэгээд уулзалдъя хэмээн ярилцаад, 60 орчим багш уулзаж, түр хороог байгуулсан юм. Үнэхээр багш нарын амьдрал хүнд байна. Машин, орон сууцтай болох бол хүний амьдралын жирийн л хэрэгцээ, шаардлага  шүү дээ. Гэтэл зээлээ төлөөд үлдсэн цалингаараа амьдрахад хүнд байна.

-Багш нар ер нь яг ямар цалинтай байдаг юм бэ?

- Анх төгсөөд ажиллаж байгаа багш бол гар дээрээ 450 000 төгрөг авч байна. Харин тэтгэвэртээ гарах гэж байгаа багш, тухайлбал, би 27 жил багшилсан, миний гар дээр 700 гаруй мянган төгрөг ирж байна. Шатлалынхаа хамгийн дээд тал, анги даалт, зэргийн нэмэгдэл, хоёр гурван цагийн  илүүгээ аваад шүү дээ. Нийт багшийн  15 хувь нь л ийм цалин авч байгаа. Зөвлөх юм уу, тэргүүлэх зэрэгтэй, чанарынхаа бүх шалгуурыг хангасан багш л 800 мянган төгрөгт хүрнэ. Гэхдээ багш нар 800 мянган төгрөгийн цалин авна  гэдэг хэцүү. Нэлээд олон цаг,  25 -30 цагтай байж л авна. Одоо бол бүх багшийг 19 цагтай болгочихсон. Уг нь хэдэн жилийн өмнө 25 -30 цагт хүрдэг байсныг болиулчихсан юм.  Ер нь бүх нэмэгдлүүдийн дээд талыг авах шалгуур өндөр байдаг.

-Цалингийн ямар ямар нэмэгдлүүд байх вэ?

-Зэргийн, анги даалтын, илүү цагийн,  ур чадварын нэмэгдэл байдаг юм.
-Заадаг хичээлээсээ, тухайлбал математикийн, биеийн тамирын багшид цалингийн ялгаа байх уу?
-Байхгүй, ажилласан жилээрээ л ялгагдана. Багш нар “ТҮ 4”- өөр цалинжина. Захирал, эрхлэгч нар “ТҮ 5, 6” -аар цалинждаг байх. 

- Хувийн сургуулийн багш нар энэ үйл ажиллагаанд тань нэгдэж байгаа юу?

-Үгүй. Тэдний цалин биднийхээс ахиу шүү дээ. Дунджаар 1,3 сая орчим байдаг юм шиг байна билээ. Төлбөр ихтэй сургуулиудын багш нар бол бүр илүү авдаг гэсэн. 

-Та бүхэн Ерөнхий сайдад гурван заалттай шаардлага хүргүүлээд, хариугаа энэ сарын 24-нд авна хэмээн шаардаж байгаа. Ямар үндэслэлээр, доод зах нь 1,6 сая төгрөгийн цалин хэмээсэн бэ. Тооцоо, судалгаа хийсэн үү?

- Тооцоо хийнэ гэдэг бол бидний ажил биш. Дэлхийн жишигт багшийн цалин гурван сая, зургаан сая төгрөг байгаа. Тэгэхээр бид ардчилсан нийгэмд, хөгжиж буй улс оронд амьдарч байгаа л юм бол, дэлхийн жишгээр, цалинг шатлалтай нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм.   Эхлээд 1,6 сая, дараа нь гурван сая, улс орон маань хөгжөөд ирэхээр дээд тал нь зургаан сая төгрөгийн цалин авч байх хэмжээнд багш нар очих ёстой. Яг таны хэлээд байгаа шиг, өмнө нь багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаад, болохгүй бүтэхгүй болоод өнгөрсөн.  Багш нарын цалинг 1,6 сая төгрөг болгох энэ шаардлага бол Монголоо зөв хөгжилд хөтлөх зүй ёсны шаардлага юм.

-Багш нарын цалин нэмэгдсэнээр, Монголын боловсролын чанарт ямар өөрчлөлт орно гэж та нар үзэж байгаа вэ, тухайлбал, багшлах боловсон хүчин чанаржихад нөлөөлөх үү?

- Багш нарын хөдөлмөрийг, боловсролыг бодитой үнэлээд ирэх юм бол нийгэм өөрөө зөв гольдрилд орно гэж бид үзэж байгаа. Багшийг хөгжүүлэх, сурагчидтай нь ажиллуулах, боловсролын уналтыг зогсоох эдийн засгийн хөшүүрэг нь цалинг л нэмэх юм. Нийгмийн баталгаатай байж, сурагчидтайгаа хамтарч ажиллах багшийн сэтгэл зүй өндөр болно. 
Манай шинэ сайд боловсролын байгууллагыг судлалгүйгээр томилогдсон байна билээ. Багш нар захаасаа аваад шүүмжилж байна. Юу гэвэл, сайн ажилласан багшид сайн цалин өгөөд урамшуулаад, шагнаад явна гэсэн  алдаатай үг хэлсэн. Боловсролын систем бол уралдааны ч юм уу, спортын ч юм уу, 60 чавганц уралдаад нэг нь түрүүлэхээр шагнадаг систем бус, харин бүх багш нь бүх сурагчдаа хүртэж, сайн ажиллах ёстой салбар. Тэгж байж Монголын хүүхдүүдийн боловсрол жигд сайн байх ёстой юм.

-Гэхдээ, бүх багшийн цалинг нэг ижил хэмжээнд, тухайлбал, 1,6 сая болгох нь хэр зөв бэ. Муу багш сайн багштай ижил цалин авч болох уу?

-Тодорхой зохицуулалт байлгүй яах вэ. Гэхдээ багш муу ажиллаж байхад, муу багш гээд л удирдлага нь ч, яам нь ч ажиллуулаад байх нь ээ дээ. Тэгвэл, тэр муу багш өөрийн заадаг 200 хүүхдийг муу гаргаад байна гэсэн үг. Миний бодлоор, дээрээ сайн багшаа л урамшуулаад байх биш, тааруу багшаа шахах ухаалаг бодлогыг сайд ярих ёстой .
Багш нарын цалин 1,6 сая болохоор багш бэлтгэдэг сургуулиудад  тааруу сурагчид орохгүй,  шалгаруулалт нь өндөр болно. Би математикийн сонгоны багш л даа. Багш бэлтгэдэг сургуулиадаас над дээр дадлагажигч оюутнууд ирж байна. Миний зааж байгаа тоог бодоодох гэхээр бодож чадахгүй байна. Манай хүүхдүүд шоолж байна. Тийм оюутан дөрвөн жилийн дараа төгсөөд багш болохоороо хэдэн хүүхдийн амьдралаар тоглох вэ. Багш өндөр мэдлэгтэй, хүүхдэд заах ур чадвартай нөхцөлд ямар ч тааруу, сонирхолгүй хүүхдийг хичээл хийлгээд дуртай болгодог л байхгүй юу.

-Та чухал сэдэв хөндлөө. Японы багш нар цалин сайтай, яагаад гэвэл бид япон иргэнийг бэлтгэдэг гэж мэргэжлээрээ гайхуулж суухад, манайд бол үнэндээ багш нар гутмаар байна л даа.

Жишээлбэл, дэлгүүрт ороод нэг гайгүй шиг гутал авч өмсье гэхээр 500 мянга. Хамгийн их цалинтай багшийн цалин  800 мянга. Ингээд хэлэхээр, багш нар 500 мянган төгрөгийн гутал өмсөх гэж тэмцэж байна гэж мушгих байх. Гэхдээ нэр төр, нийгэмд гүйцэтгэж байгаа үүргийнхээ хувьд, багш хүн тийм гутал өмсчихөөр хүмүүс шүү дээ. Олон цагаар зогсож, олон хүүхдийн нүүрэн дээр ажилладаг багш нар ширэн, хөлд эвтэйхэн, загвар нь жаахан гайгүй гуталтай байх нь хэрэгцээ шүү дээ. 

Францын цэцэрлэгт тогооч, франц нөхөртэй монгол хүн ярьж байсан. Францад төрд ажиллаж байгаа хүн болгон төрийн албан хаагч байдаг. Төрийн албан хаагч болохын тулд маш олон хүн шалгуулдаг, тэгээд тэнцээд оронгуут шууд ажилд нь оруулдаггүй, заавал дадлага хийлгэдэг гэж байсан.

Түүнтэй адил багшийг яаж шалгаруулж авах хэрэгтэй вэ гэхээр,  мэргэжлийн сургуулиа дүүргэнгүүт нь төрийн албан хаагчийн шалгалт авдаг, тэгээд бас хоёроос гурван жил дадлагажуулж байж багш болгох нь зүйтэй санагддаг. Цалин сайн бол хэдэн зуугаараа багш болохын тулд өрсөлдөнө. Тэгж өрсөлдөж тэнцээд, төрийн албан хаагчийн шалгалт өгч,  ахиад дадлагажигчийг хийсэн хүн муу ажиллах уу. Гэтэл манайх багшлах үнэмлэх гээд нийслэлийн боловсролын газраас ёстой “шиддэг” байхгүй юу.   
Ер нь, таван жил ажиллаж байж зургаа дахь жилээсээ л жинхэнэ багш болдог, 10 дахь жилээсээ ур чадвартай болдог юм шүү дээ.

-Амжилттай яваа бизнесмен Билл Гейтс,  “АНУ сайн багш нарыг бэлдэж чадахгүй байна, харин Шанхайд хамгийн сайн багш бэлддэг, тэнд ахмад багштай залуу багш нарыг маш сайн хамтарч ажиллуулдаг” хэмээсэн байна билээ?

-Би анх сургууль төгсөөд ирэхдээ, заагаад л хашгараад л гүйгээд байдаг байлаа.  Нөгөө нэг ахмад багш маань ширээний ард суугаад л байх харагдана. Шалгалт авахаар, тэр багшийн хүүхдүүд ихэнх нь, миний хүүхдүүдээс ганц хоёр нь онц сайн авдаг байв. Би гайхдаг байсан. Одоо бол, би яг тэр ширээний ард суудаг багш шиг, хэнд юу шидвэл тэр хүүхдийг хөгжүүлэх вэ гэдгийг мэдсэн хүн болсон байна. Одоо энэ туршлага маань надтай хамт тэтгэвэртээ гарах нь. Залуу багш нар биднээс суралцахгүй байна шүү дээ.

- Өнгөрсөн онд, 41 000 орчим багш ЕБС, цэцэрлэгт ажилладаг гэсэн мэдээ гарч байсан. 30 гаруй мянган багш та нартай нэгдсэн гэхээр ихэнх багш маань энэ үйл ажиллагаанд оролцож байгаа юм байна. Тэд фейсбукээр л та нартай холбогдоод байгаа юу?

-Анх “СӨБ” гэсэн фейсбүүк дээр Н.Мөнхтуяа багшийн бичсэн юманд хэдэн мянган багш “лайк” дараад эхэлмэгц админ нь, “нийгэмд буруу уриалга өгөх гэж байна” гээд  устгачихсан юм билээ. Тэгэнгүүт “Багш багшдаа туслая” гэсэн фейсбүүк өөрсдөө нээсэн. Одоо 30 гаруй мянган багш дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

-Та бүхэн 24-нд хариугаа авна, шийдэж өгөхгүй бол ажил хаяна гэж мэдэгдсэн. Тухайлбал, багш нарыг цалинг 1,6 сая бус нэг сая болгоё гэвэл та нар яах вэ?

-Энэ бол миний дур мэдээд хариулах юм биш байна. Багш нар анхнаасаа 1,6 сая дээр гарын үсгээ зурсан учраас үүн дээрээ зогсох байх.
-Улс орны эдийн засаг ийм цалин өгөх боломжтой гэж үзэж байна уу?
-Эдийн засгийн боломжийг хараад байвал, бид ядуугаараа л байгаад байна. Ардчиллын 20 гаруй жилд, дөрөв дөрвөн жилээр ард түмэн улс орны амьдрал сайжирч байх ёстой байсан. Бидний цалин ч нэмэгдсээр  1,5 сая болчихсон байх ёстой байсан. Төсөв яаж унах вэ гэдэг бол бидний биш, төр засагт байгаа хүмүүсийн хийх ажил. 

-Эмч, цагдаа нарын цалинг бас яах вэ гэдэг асуудал босох болов уу?

-Энэ бол миний хувийн бодол шүү. Хөгжилтэй оронд эрүүл мэндээ хувь хүн өөрөө хамгаалах ёстой гээд  төлбөр төлөөд явдаг юм билээ. Түүнтэй адил, яваандаа эмнэлгүүдийг төрийн мэдлээс гаргах байх л даа. Төрийн алба цагдаа, багш, төрийн захиргааны албан хаагч гээд цомхон болох ёстой.

-Салбарын сайд тань, багш нарын цалинг зөв бодож олгогдож байгаа эсэхэд хяналт тавина гэж байсан. Та нарын цалинг буруу боддог юм бас байдаг юм уу?

-Манай сургуульд бол дүрмээрээ л, бүх юм олгогддог. Харин тэр Дархан-Уул аймгийнх бол, бүр өгөх ёстой юмыг өгөөгүй  юм шиг байна билээ.

-Багш нарын ажиллах нөхцөл ямар байна?

-Хүнд байгаа. Яагаад гэхээр, бид хүүхэдтэй ажилладаг биш, цаастай ажилладаг багш болсон. “Цөм” хөтөлбөр гэдгээр, бүх юмаа цаасан дээр хийхийг шаарддаг болсон нь хичээлийн 40 минутаас илүү сурагчидтай ажиллах бололцоог хааж, дарамт садаа болж байгаа. Багш нарыгаа тэгж үнэл гэсэн удирдамж  дээрээс өгсөн юм чинь захирал, эрхлэгч нар тийм  юм аа үзүүлээдэх гээд нэхнэ. 27 жил ажилласан багш намайг хичээл дээр заах юмаа бичээд бай гэхээр утгагүй байгаа биз дээ. 

-Багш нар өөрсдөө ажлаа сайн хийдэггүй шүү дээ гэсэн шүүмжлэл сошиалд байна билээ. Багш нар ямар түвшинд ажиллаж байна гэж та хэлэх вэ?

-Энэ бол шударга шүүмжлэл нь үнэн. Гэхдээ, багшийг буруутгах аргагүй. Учир нь, нэгд, цаасаар дарж байна. Хоёрт, багш зөвхөн ажлаа хийгээд явах байтал зээл гэх мэт өөр дарамтуудад шахагдаж байна. Хүүхэдтэй ажиллах гэхээсээ дуугүйхэн цаасаа үзүүлээд, цалингаа аваад явах нь дээр гэсэн байдал руу багш нарыг оруулж байна. Угаасаа зөв биш тогтолцоон дээр байгаа хүн ажлаа сайн хийх боломжгүй шүү дээ. 

-Энэ хавар эмч, багш нарын цалингийн зээлийн хүү буурч 18 болгосон. Энэ мэт багш нарын нийгмийн халамжид төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь хэр өгөөжтэй байна гэж та боддог вэ?

- Өгсөн нэртэй, халамж нэртэй дарамтууд байгаа байхгүй юу. 600 мянган төгрөгийн цалин өгчихөөд, байрны зээлийн хүү ахиу болохоор хэдэн сарын байрны зээлэнд  оруулан, хүүг нь өндөр тавьчихаар энэ чинь дарамт болж байгаа шүү дээ. Тэгэхээр багш нар л цалингаа нэмүүлэх гээд байна гэж эсэргүүцээд, нэгнээ унагаад байвал нийгмийн энэ муухай тогтолцооноос салахгүй л дээ.

-Багш нарын тэтгэвэрт гарах насыг 55-аас нэмэхгүй байх нь зөв юм. Багш нарт үе мөч, хоолойн гэх мэт өвчин их тусдаг гэж  орон нутгаас ирсэн багш хэлж байна билээ?

-Бас багш нарт даралт, шохойноос үүдсэн өвчин их тусдаг. Харин тэтгэвэрт гарах насыг нэмэхгүй байх нь нэг бодлын зөв юм. Гэхдээ ийм бага цалинтай байж тэтгэвэрт гарвал шууд бид ядуугийн эгнээ рүү орно. Төрдөө 20, 30 жил ажиллачихаад, ядуугийн эгнээнд орно гэдэг муухай байхгүй юу. Мундаг шавь нар нь багшдаа байшин барьж өгсөн тухай би дуулж байсан. Багшийн нэр хүнд, өгч байгаа шавь нарын сэтгэл үнэхээр сайхан.
Б.Хандмаа

Монгол брэнд