top banner
Шуурхай мэдээ

Өмнөд Азид 16 сая гаруй хүн үерт нэрвэгдээд байна


2017-08-19 18:33:06
Зураг
КАТМАНДУ. /ВВС/. Өмнөд Азийн улс орнуудад ширүүн бороо зүсрэн орсны улмаас үүссэн үер ус 16 сая гаруй хүний аж амьдралд сөргөөр нөлөөлөөд байна.

Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, Балба, Бангладеш болон Энэтхэгт үерт 500 орчим хүн урсан амиа алдаад байгаа аж. Нөхцөл байдал улам дордож болзошгүй гэж албаны хүмүүс өнөөдөр анхаарууллаа.

Олон улсын Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо мэдэгдэхдээ “Борооны улирал болж байгаатай холбоотойгоор ширүүн бороо зүсрэн орж, үер усны аюул нүүрлээд байна. Өмнөд Азид сүүлийн жилүүдэд болоогүй томоохон хүмүүнлэгийн хямрал болж байна” гэв.


Хүнсний бүтээгдэхүүн хомстож, янз бүрийн өвчин газар авах эрсдэлтэй байна гэж албаны хүмүүс мөн анхааруулав.

Тус холбооны Бүс нутаг хариуцсан орлогч захирал Мартин Фоллер хэлэхдээ “Бангладеш болон Балбын нийт хүн амын гуравны нэг гаруй хувь нь үерт өртсөн. Энэтхэгийн хойд нутгийн дөрвөн мужийн 11 сая орчим хүн мөн үерт нэрвэгдээд байна” гэлээ.

Энэтхэгийн УЗН-ийн мэдэгдсэнээр, тус улсын томоохон тариалангийн талбайнууд усанд автжээ.



Ойрын өдрүүдэд бороо зогсох төлөвгүй байгаа учир үерийн гамшиг улам бүр дордож болзошгүй байна гэж тус бүс нутгийн цаг уурчид анхаарууллаа.

Тус бүс нутагт жил бүрийн 6-8 дугаар сард борооны улирал болдог ч “Энэ оных урьд урьдын жилүүдийнхээс хүнд, маш их хохирол дагуулж байна” гэж “Save The Children” олон улсын ТББ-ын Энэтхэг дэх салбарын зохицуулагч ярилаа.
Г.Доржханд

Монгол брэнд