top banner
Шуурхай мэдээ

Мөнгөн тэмдэгтийг уул овоонд өргөхгүй байхыг анхааруулав


2017-08-19 17:39:29
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Хуучирч үнгэгдэн хиртэж, урагдсан, хамгаалалтын элемент нь арилсан гэх мэт гүйлгээнд явуулах шаардлага хангахгүй мөнгөн тэмдэгтүүд их болсон. Үүнийг засаж залруулахаар Төвбанкнаас “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” хоёр сарын аяныг зохион байгуулжээ.

Энэ талаар Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэг ярихдаа, “Бэлэн мөнгөний харилцаанд байнга оролцож буй банкууд, үйлчилгээний компаниуд, иргэдэд  сурталчилгаа, мэдээлэл, танилцуулга хүргэх зорилгоор “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ аян”-ыг улсын хэмжээнд орон нутаг дахь  хэлтэс салбарууд болон банкуудаар дамжуулан хоёр сарын хугацаанд явууллаа. Аяны үр дүнд  иргэдийн бэлэн мөнгөтэй харьцах хандлага өөрчлөгдөж, соёлтой хэрэглээнд дадаж эхэлсэн ч  хуучирч элэгдсэн дэвсгэртүүд нэг хэсэг гүйлгээнд эргэлдэнэ. Гүйлгээнд гарсан нийт бэлэн мөнгөний  30 орчим хувь нь арилжааны банкны кассаар дамждаг учир энэ дэвсгэртүүд тодорхой хугацаанд Монголбанкинд ирж ялгагдаж цэгцлэгдэнэ гэсэн үг.  Үлдсэн хэсэг нь иргэд, компаниудаар дамжин эргэлдэж буй бөгөөд хэзээ банкинд ирнэ тэр үед цэгцлэх боломжтой юм. Иймээс цаг хугацаа хэрэгтэй. Мөн Төвбанк соён гэгээрүүлэх ажлаа үргэлжлүүлнэ. Ингэж байж иргэдийн сэтгэлгээ өөрчлөгдөнө. Нөгөөтэйгүүр иргэд мөнгөн тэмдэгттэй зөв харьцаж уул овоонд өргөхгүй байхаас эхлээд зөв дадалтай болохыг уриалж байна” гэв.
Б.Заяа

Монгол брэнд