top banner
Шуурхай мэдээ

“Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах” ажлын хэсэг Баян-Өлгийд ажиллалаа


2017-08-19 17:13:21
Зураг
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг тэргүүтэй “Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах” ажлын хэсэг өнөөдөр тус аймагт ажиллалаа.

Тэрбээр аймгийн онцгой комиссын хуралд оролцож өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүний тайланг сонсож, цаашид авах арга хэмжээнүүд болон Монгол Улсын Шадар сайдын өвөлжилтийн бэлтгэл ажил хангахтай холбоотой гаргасан үүрэг даалгаврыг танилцууллаа.

Хурлын үеэр Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч А.Камелият: “Манай аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлууд төлөвлөгөө, хуваарийн дагуу явагдаж байна. Сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг зэрэг төсвийн байгууллагын засвар үйлчилгээний ажлыг ойрын хугацаанд дуусгах, ашиглалтад оруулах талаар аймгийн Засаг даргын зүгээс үүрэг өгөгдсөн юм. Харин 7 дугаар сарын байдлаар аймгийн нийт нутгийн 16,7 хувь нь гантай, 58,3 хувь нь гандуу, үлдсэн 25 хувь нь хэвийн үзүүлэлттэй байна” хэмээн товч мэдээлэл өгч, хилийн зурвас, тусгай хамгаалалттай газар нутагт мал оторлуулах, хадлан бэлтгэх зөвшөөрөл олгох, мөн аймаг, сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг нэмэх зэрэг асуудалд анхаарч ажиллахыг хүслээ.

Түүнчлэн Засгийн газрын 2017 оны 186 тоот тогтоол биелэлтийн талаар талууд нарийвчлан ярилцаж, салбарын яам, холбогдох агентлаг, аймгийн зүгээс өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын уялдааг сайжруулах, цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал үргэлжлэх, байгалийн давагдашгүй хүчин зүйл үүсэх нөхцөлд хэрхэн хохирол багатай авч гарах талаар зөвлөлдлөө.

Ажлын хэсгийн зүгээс орон нутгаас тавьсан санал, хүсэлт, тулгамдсан асуудлуудыг холбогдох газарт танилцуулахаа илэрхийлж, Увс аймгийг зорин мордлоо.   
 
Ө.Нурболат

Монгол брэнд