top banner
Шуурхай мэдээ

Махны үнэ буурч, ногооны үнэ өсчээ


2017-08-19 15:58:03
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулбал 2.4 хувиар өсч, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар буурчээ.

Тодруулбал хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.5 хувь, үхрийн ястай махны үнэ 4.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.1 хувь,  ямааны ястай махны үнэ 4.3 хувиар буураад байна. Харин адууны ястай махны үнэ 1.6 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногоос хонины ястай махны үнэ 0.9 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувь, үхрийн цул махны үнэ 0.2 хувь, адууны ястай махны үнэ 1.4 хувиар буурч, ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй гарчээ. Наймдугаар сарын 16-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6410 төгрөг, үхрийн /ястай/ мах 7380 төгрөг, үхрийн цул мах 8625 төгрөг, адууны /ястай/  мах 5275 төгрөг, ямааны /ястай/  мах 4500 төгрөгийн үнэтэй байв.

Харин гурилын үнийг өмнөх сартай харьцуулбал  савласан дээдийн дээд гурилын үнэ 3.9 хувь, савласан дээд гурил болон задгай 1-р зэргийн гурил 8.5 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 6.3 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос савласан дээдийн дээд гурилын үнэ 1.9 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 2.7 хувь,  задгай 1-р зэргийн гурил 3.3 хувиар өсч, савласан 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулбал төмсний үнэ 32.6 хувь, луувангийн үнэ 105.3 хувь, байцааны үнэ 10.6 хувь, хүрэн манжингийн үнэ 2.0 хувиар өсч, сонгины үнэ 2.5 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулбал төмсний үнэ 1.1 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байгаа юм.
 Б.Заяа

Монгол брэнд