top banner
Шуурхай мэдээ

Дэлхийн цагдаагийн их наадмаас манай тамирчид 13 алт, 8 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ


2017-08-19 15:20:35
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/ АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо наймдугаар сарын 7 нд эхэлсэн Дэлхийн цагдаагийн спортын их  наадмаас манай тамирчид 13 алт, 8 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн байна.

Тодруулбал наадмын эхний өдөр сонгомол бөхийн төрөл болж, сонгомол, чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ийн олон удаагийн медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Баянмөнх 130 кг-ын жинд мөнгө, “Хүч” спорт хорооны тамирчин, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар 80 кг-д хүрэл медаль хүртжээ. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Эрдэнэцогт “Powerlifting” -ийн +120 кг-д мөнгөн медаль, Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Ууганбаяр цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Powerlifting” -ийн120 кг-д мөнгөн медаль тус тус хүртжээ.
Мөн Дархан-уул аймгийн цагдаагийн газрын цагдаагийн хошууч Х.Батхишиг /эмэгтэй/ жүдо бөхийн төрөлд Алтан медаль, жиү жицү төрөлд мөнгөн медаль, НХЖХГ-ын ахлах ахлагч Ц.Цэрэннадмид эмэгтэй жүдо бөхийн төрөлд алтан медаль, Хан-уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахлах ахлагч Г.Жанчивдорж, Хамгаалалтын 3-р газрын ахлах ахлагч Б.Батгал, ХСИС-ийн дэслэгч Б.Батдорж нар тус тус мөнгөн медаль хүртлээ. Мөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын цагдаа ахлах ахлагч Б.Төмөрбаатар чөлөөт бөхийн төрлийн 86 кг жинд хүрэл медаль,  Грек ромын сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль тус тус хүртэж манай баг тамирчид амжилт дүүрэн иржээ.

Тэмцээн энэ сарын 17 хүртэл үргэлжилсэн юм. Хоёр жилд нэг удаа болдог 17 дахь удаагийн наадамд дэлхийн 96 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпийн болон спортын бусад 55 төрөлд өрсөлдсөн байна.

Монгол Улсын шигшээ багийхан энэ наадамд өмнө нь 4 удаа өрсөлдөж байсан. Тэд энэ удаад 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй олимпын наадамд өрсөлдсөнөөрөө онцлогтой.

Б.Заяа




Монгол брэнд