top banner

Сургууль, цэцэрлэгийн засварын ажил 54 хувьтай байна


2017-08-19 12:46:15
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ онд нийт 10 сургууль, 14 цэцэрлэг шинээр барих болон өргөтгөлийн ажлыг хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй засварын ажлын явц 54 хувийн гүйцэтгэлтэй байгааг албаныхан хэллээ.

Хичээлийн шинэ жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 241 сургуульд 31 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана гэсэн тооцоо бий. Харин цэцэрлэгт 20 мянган хүүхэд шинээр  элсэхээр бүртгүүлжээ. Үүнээс 11 мянган хүүхдийг цахимаар сонгон авах бол үлдсэнийг хувийн өмчийн цэцэрлэгт үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хамруулна хэмээн албаныхан онцлов. 2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгт 252.753 хүүхэд хамрагдана. Энэ нь өмнөх оныхоос 9321 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Харин улсын хэмжээнд нийт 2200 ор бүхий 20 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно. 14 цэцэрлэгийн барилгыг есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад  оруулах аж. Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 1422 цэцэрлэг ажиллана. Үүний 877  төрийн, төрийн бус өмчийн 545 цэцэрлэг байх юм.


Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр хонон өнжин дугаарладаг хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор цахим бүртгэл 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 25 хүртэл үргэлжлэх юм. Харин бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй түүврийн аргаар элсүүлэх буюу цахим элсэлт 8 дугаар сарын 25-нд болно.
Б.Заяа


Монгол брэнд