top banner

Булган дахь гааль хагас жилд 942,67 сая төгрөг төсөвт төвлөрүүлжээ


2017-08-17 11:15:55
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган дахь Гаалийн газар Гаалийн ерөнхий газраас зарласан “Мэдээлэлд суурилсан, техник технологид тулгуурласан гаалийн хяналт“ 2017 оны жилийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гаалийн байгууллагын чадавхийг дээшлүүлэх зорилтуудын хүрээнд энэ оны эхний хагас жилд 22 ажил үйлчилгээг газрын төлөвлөгөөндөө тусган биелэлтийг ханган ажиллалаа.
 
Тус гаалийн газарт улсын төсвийн өмнө хүлээсэн үүргийн дагуу энэ оны эхний хагас жилд 1633,4 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөнөөс 942.67 сая төгрөг буюу 57.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Оны эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлтийг орлогын төрлөөр нь авч үзвэл татварын орлогын төлөвлөгөө 1486.01 сая төгрөгөөс 611.95 сая төгрөг буюу 41.1 хувь, хураамжийн орлогын төлөвлөгөөгөөр 116.95 сая төгрөгөөс 280.86 сая төгрөг буюу 240.1 хувь, өөрийн орлогын төлөвлөгөөгөөр 30.44 сая төгрөгөөс 49.86 сая төгрөг буюу 163.7 хувийн биелэлттэй байна.

Нийт 22 удаагийн захиргааны шинжтэй гаалийн зөрчил илрүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж нийт 1.521.018.43 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлээд байна. Энэ хугацаанд  эрүүгийн шинжтэй зөрчил илрээгүй байна.

Дэлхийн гаалийн байгууллагын сургалтын модуль, орчин үеийн чиг хандлагад суурилж, гаальчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн  төлөвлөгөөт  сургалт  9 удаа, төлөвлөгөөт бус сургалт 4 удаа буюу нийт 13 удаа танхимын сургалт, мөн цахим хэлбэрээр зайнаас 3 удаагийн сургалтыг  зохион байгуулж гаальчдын гаалийн хэргийн мэдлэгээ дээшлүүлсэн байна.
А.Бямбасүрэн

Монгол брэнд