top banner

Өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол дутмаг байна


2017-08-16 12:58:37
Зураг
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт 15-24 насны өсвөр үе, залуучууд 16513 байгаа нь нийт хүн амын 30,1 хувийг эзэлж байна. Өсвөр үе залуучуудын 70 хувь нь ямар нэг эрхтэн тогтолцооны эмгэгтэй байна. Цэрэгт татагдсан залуучуудын 12,4 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөж байгаа тухай сэтгэл эмзэглүүлсэн мэдээллийг саяхан болсон аймгийн Залуучуудын нэгдсэн чуулган дээр сонссон юм.

Залуучуудын эрүүл мэндийн асуудлын шалтгаан юунаас үүдэлтэй байгаа тухай аймгийн Эрүүл мэндийн газрын Өсвөр үе залуучууд хариуцсан их эмч Л.Хулангаас тодруулахад “Судалгаагаар насанд хүрэгчдийн хөдөлмөрийн чадвар алдалтын суурь өвчлөл нь өсвөр насандаа эхэлсэн байдаг. Өсвөр насныхны  дунд хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, төрөлт, БЗДХ бүртгэгдэж байна. Бас нэг санаа зовоож байгаа асуудал тээврийн хэрэгсэл олширсонтой холбоотой нас баралтын шалтгаан нь осол гэмтэл, амиа хорлох  явдал байсаар байгаа нь гэр бүл найз нөхдийн харилцаа, сэтгэлзүйн тулгамдсан асуудлуудтай холбоотой байна” гэж хэллээ.

Түүнчлэн өсвөр насны охид  нөхөн үржихүйн мэдлэг дутмагаас болж жилд хүсээгүй жирэмслэлт 3,6 хувийг эзэлж байна. Өсвөр үеийнхэнд Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг тасралтгүй зохион байгуулж,мэдлэг мэдээллээр хангах асуудал тулгамдсан сэдэв болоод байна. 15-19 насны охидын төрөлтийн байдал 2012 онд 60 хүрч байсан бол жил нэмэгдэж 2015 онд 105 болж өсжээ. Энэ тоо баримт өсвөр үе залуучууд фээсбүүк, гар утас, сошиал мэдээллийн хэрэгслээс янз бүрийн гэр бүлийн зүй зохисгүй харьцааны талаар мэдээлэл авдаг, эцэг,эхчүүд үр хүүхдүүдтэйгээ ойр дотно тулж харьцдаггүй, цаг завгүй гэдэг шалтгаанаар ангийн багшид даатгадаг,багш нар хичээлийн бус цагаар хүүхдүүдэд нөхөн үржихүйн боловсрол мэдлэг олгох цаг гаргадаггүй гээд олон шалтгаан бий.Гэхдээ гэр бүлийн орчинд хүүхдүүддээ эцэг,эхчүүд зөв хүмүүжил, дадал хэвшил олгох асуудал үгүйлэгдэж байгааг дээрх тоо баримт харуулж байна. 
 
А.Бямбасүрэн

Монгол брэнд