top banner
Шуурхай мэдээ

Амжилтаар өөртөө бэлэг барьдаг алтан баритон


2017-08-03 14:07:03
Зураг
 Монголын сонгодог урлагийг дэлхийд гайхуулж, авьяас чадвар, гялалзсан амжилтаараа өөрсдийгөө болон эх орноо чимж яваа дуурийн залуу дуучид болох Чингисийн одонт, МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Э.Амартүвшин нарыг уншигчид андахгүй. Хамгийн сүүлийн бахдам амжилтын нэгэн жишээг дурдахад “BBC” агентлагаас хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг “Cardiff singer of the world” тэмцээнд Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар амжилттай оролцож Төрийн шагналт Б.Шаравын аялгуу “Монголын тал нутаг”-аар Европын үзэгчдийг уярааж, сэтгэлийнх нь утсыг хөглөн “Монголын сонгодог”-оор гайхуулж яваад ирсэн билээ.

Харин тэдний араас түүчээлэн гарсан олон ч алтан баритонууд гялалзсан амжилтаар өөрсдийгөө чимж, эх орныхоо нэрийг дэлхийд таниулсаар яваа билээ. Тэдний нэг нь Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга болон ОХУ-ын Магнитогорскийн театрын гоцлол дуучин Чулуунбаатарын Бадрал юм.

“Анхны” гэх тодотголуудын эзэн

Ч.Бадрал нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул. 2006 онд ХБК-ийн дуулаачийн ангид элсэж, Гавьяат багш Ц.Ерөөгөөр зам мөрөө “засуулан” дуурийн урлагт хөл тавьсан түүхтэй. Оюутан байхаасаа ЦДБЭЧ-д ажиллаж байгаад 2012 онд Гнесиний нэрэмжит хөгжмийн академид ОХУ-ын ерөнхий сайдын тэтгэлгээр суралцах эрхтэй болж энэ оны эхээр сургуулиа амжилттай дүүргэсэн юм.

Түүний аавыг Ж.Чулуунбаатар гэдэг бөгөөд тракторын жолооч, хурдан морины уяач нэгэн. Харин ээж О.Эрдэнэчимэг нь үр тарианы агрономич мэргэжилтэй бол ах Ч.Бадар-Ууган нь хүний их эмч ба эгч Ч.Оюунтүлхүүр нь англи хэлний багш мэргэлжилтэй гэнэ. Ийм л эрдэм мэдлэг, хөдөлмөрийн үр шимийг дээдэлсэн нэгэн айлын отгон хүү нь Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга болон ОХУ-ын Магнитогорскийн театрын гоцлол дуучин, МУСТА, Засгийн газрын шилдэг дуучин”-ы “Мөнгөн мод” шагналтан Ч.Бадрал юм.
Гаргасан амжилтууд нь гарын арван хуруунд нэгэнт багтахааргүй болсон бөгөөд, байр эзэлсэн тэмцээн бүрэн нь чансаа өндөртэй. Хамгийн сүүлд л гэхэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан нэрт хөгжмийн зохиолч Римский Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд дэд байр эзэлсэн.

2014 онд М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд оролцохдоо дэд байр эзлэхээс гадна Ц.Рахманиновын бүтээлийг сайн дуулсны төлөөх тусгай шагнал, шилдэг баритон хоолойтны шагнал хүртэв. 2015 онд ОХУ-ын ардын жүжигчин дэлхийн шилдэг дуучдын нэг Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдаанд дэд байр эзлэхдээ дэлхийн алдарт Марийнский театрт дуулах тусгай шагнал хүртэж хамт оролцсон дуучдаас илт илүүрхсэн юм.

Мөнхүү Ч.Бадрал нь ОХУ-ын Магнитогорск хотод зохион байгуулагддаг олон улсын “Вива опера” фестивальд урилгаар оролцон, Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдсан “Спаскийн цамхаг” цэргийн хөгжмийн наадамд оролцож 10 мянган үзэгчийн өмнө дуулсан анхны монгол дуучин болов. 

Гэхдээ энэ бүхнээс хамгийн чухал нь Ульяновск, Халимагийн нийслэл Элистэй,  Самара,  Магнитогорск зэрэг хотод айлчилж бие даасан тоглолтоо хийсэн нь түүнд бас л “анхны” гэх тодотгол зүүж өгөв. Үнэхээр тэр Орост өөрийн бие даасан тоглолтоо амжилттай хийсэн дуурийн анхны дуучин болсон болсон билээ.

Өөртөө өгч буй хамгийн том бэлэг бол “амжилт”

Сэтгүүлч Р.Оюунжаргал өөрийн эмхэтгэсэн “Их урлагийн манлай уран бүтээлчид” номынхоо тэргүүн дэвтэрт дуучин Ч.Бадралыг онцлон тэмдэглэж “Чимээ намтай, чансаа өндөртэй, тэргүүн дуучин” гэж тодорхойлсон байдаг. Энэ зан аашийн хувьд эгэл даруухан боловч дуу хоолойны хувь эрэмгий чадалтай тэргүүн зэргийн уран бүтээлч хэмээсэн хэрэг буй.

Мөн түүний хамгийн дотнын найз дуурийн дуучин Э.Анхбаяр “Ч.Бадрал анх юу ч мэдэхгүй ОХУ руу сургуульд явсан. Бид чинь тийм мундаг боломжтой айлын хүүхдүүд байгаагүй. Москвагийн оюутны амьдрал хүнд байдаг тухай олон л удаа сонсож байсан ч гэлээ миний найз Бадрал очингуутаа л ОХУ-д хэдийнэ байр сууриа олчихсон.  Миний найз Монголынхоо нэрийг дэлхийд байг гэхэд ОХУ-д бол тамгалж яваа уран бүтээлч” хэмээн хуучилсан нь үнэнээс зөрсөн зүйлгүй мэт санагдана.

Басхүү нэгэн итали  шүүгч “Чиний школь цэвэр оросынх биш. Итали өнгө аяс, школь мэдрэгдэж байна” гэж магтсан гэдэг. Эрс тэс уур амьсгалдаа зохицсон онцгой  тембрийг алдаршуулж, уралдаанд оролцох бүртээ шүүгчдийн анхааралд өртөж, гаргасан амжилтуудаараа эх орныхоо нэрийг өндөрт өргөж явдаг тэрээр “Амжилт бол өөрөөсөө авч байгаа хамгийн том бэлэг” гэж хэлсэн удаатай. Харин түүнд нэг мөрөөдөл байдаг бөгөөд нь энэ нь аавтайгаа хамтарч дуулах гэнэ. Монгол хүний сэтгэлд л ийм цагаахан, гэрэл гэгээ цацруулсан хүсэл төрөх биз хэмээн бодогдоно.


Өнгөрсөн онд л гэхэд ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Бүх Оросын гоцлол дуулаач нарын шагналтнуудын уралдаанд тэргүүн байр, /2016 -4 сар/ Казахстан Улсын Алма-Ата хотод зохион байгуулагдсан дэлхийн нэрт дуучин Бибигуль Тулегеновын нэрэмжит олон улсын VIII уралдаанд тэргүүн байр, /2016 -9 сар/ ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдсан нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцон төгсгөлийн шатанд шалгарсан, /2016-10 сар/ ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан хөгжмийн нэрт зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд тэргүүн байр гэсэн бахдам амжилтуудыг үзүүлсэн байна.
 
Өөртөө болоод эх орон, ээж аав, ард түмэндээ барьсан хамгийн том бэлэг нь түүний энэхүү томоохон “амжилт”-ууд байлаа.
 
Түүнд өөр “бэлэг” хэрэггүй. Алдар нэрийн оргилоос илүү “аавтайгаа дуулах хүсэл мөрөөдөлтэй” Ч.Бадралын амжилтын буухиа энэ онд мөн тасралтгүй үргэлжилэх биз ээ.
 
Б.Алтан

Монгол брэнд