top banner
Шуурхай мэдээ

МАН-ын дарга хэн болох нь цаг хугацааны хэрэг болжээ


2017-07-31 11:38:07
Зураг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын болон тус намын дарга М.Энхболд ялагдсан нь намаа хөдөлгөөнд оруулаад эхлэв бололтой. Тухайлбал, ойрмогхонУИХ-ын гишүүн Ж.Энхбаяр МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон намын удирдах зөвлөлдөө хандан уриалга гаргажээ.

Уг уриалгад “Төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчний нуруун дээр улс эх орон, ард түмний хувь заяа байдаг. Тийм  учираас  МАН-ын дотоод асуудал ард түмэнд хамаатай гэдгийг бид бүх шатандаа ухамсарлая. Намын удирдах зөвлөл яаралтай хуралдаж, бага хурлыг 08-р сарын 10-ны дотор хуралдуулж дотоод асуудлаа цэгцлэхийг нийт гишүүдийнхээ өмнөөс шаардаж байна" гэжээ.МАН-ын удирдлагадЕрөнхийлөгчийн 2017 оны сонгуулиас хойш  цаг хугацаа тодорхой заасан шаардлага хүргүүлж байгаа  анхных  тохиолдол энэ болов уу.

Ер нь 2017 оны сонгуулийн дүн гарахтай зэрэгцээд МАН-ын бага хурлын гишүүн Ч.Ганхуяг намын даргаа бүх гишүүдээсээ сонгох талаар мэдэгдэл гаргаж олны сонорт хүргэсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Төрийн албыг арилжсан 60 тэрбумынхнаас намаа цэвэрлэхийн төлөө хатуу тэмцэнэ” хэмээн жиргэсэн байдаг

Мөн НИТХ-ын төлөөлөгч  М.Ганбаатар, Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан намын Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалантай хариуцлага тооцох ёстой гэж мэдэгдэн намынхаа төв байрны өмнө суулт хүртэл зарлаад амжсан юм. 
МАН-ын гишүүд намынхаа даргатай анх удаа хариуцлага тооцох гэж байгаа юм биш л дээ. Тодруулбал,УИХ-ын 2012 оны сонгуульд амжилтгүй оролцсон гэдэг үндэслэлээр  тухайн үед намын дарга С.Батболдыг Ө.Энхтүвшингээр  сольсон байх жишээтэй

Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнийн нэрийг дэвшүүлж, өвдөг шороодсон тул хариуцлага хүлээн намын даргын албан тушаалаа Ө.Энхтүвшин  М.Энхболдод 2013 оны 10 дугаар сарын 30-нд ээлжит Их хурлаараа шилжүүлсэн байна.
Намын удирдлагад шаардлага хүргүүлээд байгаа  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болонЛ.Оюун-Эрдэнэ,Т.Аюурсайхан нар“60 тэрбумаас намаа цэвэрлэе” нэртэй хөдөлгөөн байгуулжээ. Түүнээс гадна намын даргад өрсөлдөх улстөрчдийн  нэр хэвлэлээр гарч байна. Тэндээс харахад намын даргын өрсөлдөөн  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нарын хооронд болох нь бараг тодорхой болоод байна

Хэрэв өнөөгийн Ерөнхий сайдын гарт намын даргын албан тушаал очвол одоогийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд онцгой өөрчлөлт орохгүй байх. Харин түүнтэй өрсөлдөж буй Шадар сайд У.Хүрэлсүх МАН-ын дарга болсон тохиолдолд намын даргатай дүйх хэмжээний албан тушаал буюу Еранхий сайд болно гэж зүтгэх магадлал тун өндөр.

Эрх баригч намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг зарчимын үүднээс ийм асуудал сөхөгддөг уламжлал бий. С.Баяр 2007 онд намынхаа их хурлаар намын дарга болчихоод, түүнтэй дүйх албан тушаал буюу Ерөнхий сайдын албан тушаалыг нэхэж, улмаар Их хурлаар тогтоол батлуулан уг албан тушаалыг авч байсан. Одоо үүсээд байгаа намын даргын өрсөлдөөн, болж өнгөрсөн тэр үйл явдлыг давтаж болох юм.

МАН-ын дарга  М.Энхболд  Бага хурлаа 9 дүгээр сард хуралдуулахаа зарласан юм билээ. Гэтэл шаардлага гаргаж байгаа Ж.Энхбаяр нарын  гишүүд наймдугаар сарын 10 гэж хугацааг нааш нь татаж байна. МАН дахь даргын төлөөх өрсөлдөөн өрнөж байгаа  үйл явдлыг харахад “авах хүн бөхийнө, өгөх хүн гэдийнэ” гэдгийг харуулаад  байх шиг ээ. Одоо намын даргыг тойрсон үйл явдал ямар хугацаанд үргэлжлэхийг харах л үлдлээ. МАН шинэ даргатай болох нь цаг хугацааны хэрэг болоод байна гэж хэлж болох нь.
                                                                                                                                                                     Г.Эрдэнэбат
 

Монгол брэнд