top banner

"Хааны эрэлд" анх удаа ротын сургууль хийж байна


2017-07-31 10:18:08
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ "Хааны эрэлд-2017" энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулилт долоо дахь өдрөө үргэлжилж байна. Сургуулилтад энэ жил АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Балба зэрэг 26 орны 1400 гаруй цэргийн албан хаагчид оролцож, онол практикийн олон төрлийн сургалт дадлага хийж байгаа юм. Өнгөрсөн баасан гариг буюу 07 дугаар сарын 28-ны өдөр Таван толгойд хээрийн сургуулилт хийж буй олон улсын энхийг сахиулагчдын нэг өдөртэй сэтгүүлчдийг танилцууллаа.

Биднийг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Р.Энхболд хүлээн авч газар орон, байрлалуудын тухай товч мэдээлэл өгөв. Тэрбээр команд штабын монгол талын удирдагчаар ажиллаж байна. Харин сургуулийн штабын даргаар ажиллаж байгаа 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн тасгийн дарга, дэд хурандаа О.Батзаяа хээрийн сургуулийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд 11 цэгт хийж, дадлага сургалтаа газар дээр нь үзүүллээ.

ЭНХИЙН ЭЛЧ НАРЫН ЗАВГҮЙ ӨДРҮҮД
 
Сэтгүүлч бидэнд бэлтгэл сургуулилтын "бяцхан дайтах" үзүүлбэрүүд нэн сонин байлаа. Таван Толгойн уужим хөндийд 26 орны 1000 гаруй албан хаагч өдөр бүр тусгай хөтөлбөрөөр тун завгүй, машид эрчимтэй ажиллаж байна. 11 цэг бүрт 6 сургагч багш ажиллаж байгаагийн 3 нь гадаадын цэргийн албан хаагч байгаа нь сургалтыг англи хэлээр явуулахад ихээхэн тустай болж буйг О.Батзаяа онцолсон.
Ер нь "Хааны эрэлд" сургалтад зохиомол улс орон гаргаж цагийн байдлыг тухай үнэлэн үймээн самуун, дайны нөхцөл үүсвэл харуул хамгаалалтыг яаж зохион байгуулах, иргэдийг амь насыг хэрхэн хамгаалах, босогчид /террорист/-той тэмцэж хорт үйл ажиллагааг шуурхай таслан зогсоох арга техникийн дадлага хийдэг л дээ.



Энэ жил 4 нам засагласан, 4 зэвсэгт хүчинд хуваагдсан "Дарлан" гэх зохиомол улсад болж буй үйл явц / дайны байдaл/-ыг үзүүлж байна. Өдөр бүр л үймээн самуун гарч, иргэд хохирч, иргэнлэгийн шугамаар ирсэн бараа тусламжийг жирийн иргэдэд олгож, шархдагсдыг эмчлэн сувилж, гэнэт зэвсэглэн дайрсан этгээдүүдтэй буудалцаж байгааг үзүүлэх сургуулиар үзүүлж байна. Энэ үймээн дунд эх хүн төрж, хүүхэд ч уйлах чимээ сонсдоно.
Энд нэг сонирхолтой нь энхийг дэмжигч олон орны өндөр бэлтгэлтэй цэргүүдтэй тулж самуун үүсгэгч, турхирагч болон энгийн иргэдийн дүрд тоглож байгаа манай монголын цэргийн албан хаагчид дүрээ маш сайн бүтээж үнэхээр л заримдаа энхийг сахиулагч дайчдыг сандаргаж байв.
Энэ дүрд өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд биеэр оролцсон цэрэг дайчдыг тоглуулж байгаа нь англи хэлээр сургалтаа явуулах, хэт даврагч, үймээн дэгдээгчдийн дүрийг амьд үнэмшилтэй болгожээ.
Бидний очсон цэг бүрт үймээн гарч, буудалцаж байв. Энхийн элч нар чухам тайван байх цаг хоромгүй л иргэдийг авран хамгаалах үүрэг гүйцэтгэлээ.
 
"ХААНЫ ЭРЭЛД" АНХ УДАА РОТЫН СУРГУУЛЬ ХИЙЖ БАЙНА
 
"Хааны эрэлд-2017"-ийн энэ жилийн онцлог нь түүхэндээ анх удаа ротын хээрийн сургууль хийж байгаа нь онцлог гэдгийг Монгол талын сургуулийн удирдагч, Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын Захирагчийн орлогч, дэд хурандаа Д.Жавхланбаяр, Америк талын сургуулийн удирдагч, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлалын хойд бүс хариуцсан орлогч дарга, хошууч генерал Рожер Нобел нар онцолж байсныг саналаа. Ротын сургуульд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг дэмжих " UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх мото буудлагын батальоны нэг ротыг оролцуулан дадлагажуулж байна. Энэ ротынхон удахгүй Өмнөд Судан улс руу очих энхийг сахиулагчид тул сургалт үнэхээр бодитой, тустай болж байгаа ажээ.



Монгол Улсын ротын захирагчаар хошууч Б.Мөнхбаяр, АНУ-ын ротын захирагчаар ахмад Эринфилд Андрью нар ажиллаж байна. Эринфилд Андрью " Энэ жил ротын шинэ сургалт нээсэнд баяртай байна. БНӨСУ-д удахгүй үүрэг гүйцэтгэх монголын ротын дайчдад тухайн газар оронд гүйцэтгэх бүх үйл ажиллагааны хичээл зааж байна" гэлээ.
 
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ҮҮРЭГ ЭХНИЙ ЭГНЭЭНИЙНХЭНД ОНОГДДОГ
 
Үймээн самуун бүхэнд л иргэд гэмтэж, шархдах юм. Хамгаалалтын дайчид ч шархдах юм. Тэр бүхэнд эмнэлгийнхэн яралзан гүйцгээж хүний амь насыг аврахын төлөө зүтгэнэ. Эмнэлэг, улаан загалмайн тэмдэг бүхий асарт шархтны ёолох, дээр дурдсан хүүхдээ төрүүлэх эхийн дуу ч сонсдоно. 
Эмнэлгийн сургалтыг бас л америк, монгол талын удирдагч удирдана. АНУ-ын эмч Хэнсон "Монгол Улсад анх удаа ирсэндээ баяртай байна. Энэ удаа бэртэл, гэмтэл авсан, шархадсан хүмүүсийг анхны цэгээс хоёрдугаар шатлалын эмнэлэг рүү хүргэх ажиллагаа явуулах сургалтыг хийж байна" гэв. Монгол талаас ажиллаж буй Цэргийн төв эмнэлгийн мэс заслын тасгийн их эмч, ахмад Ц.Ганбилэг "Бид ямар ч үед эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байдалд ажиллаж байна" гэлээ.



Нээрэн ч нисдэг тэрэг унаж олон цэрэг гэмтэж шархдахад эмнэлгийн түргэн тусламжийн тэрэгнүүд дуут дохиогоо хангинуулан ирж гал, утаа, буудалдцаан дундуур гүйж шархдагсдыг дамнуургаар зөөх нь дайны талбарт байгаа юм шиг санагдуулсан шүү!
 
КОМАНД ШТАБЫН СУРГАЛТЫНХАН Ч АГШИН ЗУУР АНХААРАЛ АЛДАХГҮЙГ ХИЧЭЭНЭ
 
Бид тэндээсээ шууд Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төв буюу 311 дүгээр ангид байрлаж буй команд штабаар орлоо. Мөнөөх дэд хурандаа Р.Энхбат угтан авч сургалт нэг бүрээ үзүүлэн тайлбарлав. Энд 10 орчим бүлэгт 10-30 албан хаагч хамрагдаж байна.
Тус бүртээ чиг үүрэгтэй газрын зураг дээр ажиллах нэг хэсэг байхад компьютер дэлгэцээр нүд цавчилгүй хянах нэг хэсэг, тагнуулын үйл ажиллагаа болон тактик стратеги боловсруулах нөгөө хэсэг ч байна. Мөн л олон орны цэрэг, тэр дунд бас л энхийг сахиулах бэлтгэлээ хийж буй монгол дайчид ч үүрэгтээ үнэнч хандаж байгааг анзаарахгүй өнгөрөх аргагүй.



Энэ сургалтын талаар АНУ талаас удирдаж буй ноён Пэли Росдал "Би америкийн Зэвсэгт хүчний талаас тавьсан хүсэлтийн дагуу "Хааны эрэлд" үйл ажиллагаанд 8 дахь жилдээ ажиллаж байна" гэв. Энэ Швед эр ихээхэн туршлагатайгаас гадна Монголоор зогсохгүй Зүүн өмнөд Азийн орнуудад ажиллаж байсан гэнэ. 
Онолын олон сургалтыг бас л практик руу ойртуулан хичээлээ өдрөөс өдөрт чангаруулж байгаа гэж тэрбээр онцлов.
Монгол талын удирдагч Р.Энхбат энэ хоёр үнэхээр гар сэтгэл нийлэн ажиллаж байгаа харагдав. Энэ удаагийн команд штабын сургалтад 20 гаруй орны 100 албан хаагч оролцож буйг тэр дуулгасан юм.
 
ЭР ЦЭРГИЙН ХООЛ БОЛ ЭРЧ ХҮЧ НЭМДЭГ
 
"Хааны эрэлд"-ийн хоолны үйлчилгээ үнэхээр бас сайн байдгийг дуулгалтай. Сэтгүүлчдэд цэрэг эрсийн хоолыг амтлуулдаг уламжлалтай болжээ.  Ар талын хамгийн чухал энэ ажлыг Ар тал, хангалтын бүлгийн ахласан дэд хурандаа Х.Эрдэнэчимэг гэж бүсгүй гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Түүний багийнхан зөвхөн хоол ундаар зогсохгүй угаалга, цэвэрлэгээ гээд бас л завгүй өнжинө. Энхийн элч 1400 гаруй цэргийн өглөө, өдөр, оройн зоогийг элбэг хангалуун бэлтгэн өгч байна. Зарим орны цэргийн албан хаагчийн хүсэлтээр хоолныхоо цэсэнд өөрчлөлт оруулснаас өөр гомдол ирээгүй байгаагаа ч дуулгалаа.



Дашрамд дуулгахад 24 цагийн турш 20 гаруй албан хаагч эргүүл тойруул хийж байгаа ажээ. Цагдаагийн хэсэг болон эрүүл ахуй хариуцсан хэсэг ч ажиллаж байна. "Соёл олон нийтийн бүлэг"-ийнхэн орой бүр олон орны сурталчилгааны болон урлаг соёлын тоглолт, спорт тэмцээнийг хариуцан ажилладаг. Нээлтээс эхлээд хаалт хүртэлх бүх өдрүүдийн соёл хүмүүжлийн ажлын төлөвлөгөө гаргаад орой бүр орон орны дайчдыг цэнгүүлж байна.
Хэвлэл олон нийтийн бүлгийнхэн сэтгүүлч биднийг үзүүлэх сургуулийг сурвалжлах ажлыг гялалзтал зохион байгууллаа. Мөн хээрийн өдөр тутмын "Энхийн элч" бэсрэг сонин гаргаж өдөр бүрийн мэдээллийг түгээдэг байна. Биднийг газарчлан хөтөчлөн завгүй цэргийнхэнтэй эв зүйг олон уулзуулж өгсөн тус бүлгийн монгол талын ажилтан, "Соёмбо" сонины сурвалжлагч, дэслэгч Д.Болормаа, америк талын ажилтан, ахмад Dohertv нартаа талархах учиртай.
Энхийг сахиулах ажиллагааг дэмжих "Хааны эрэлд-2017" амжилттай үргэлжилж байна.
 
Ж.Батсайхан

Монгол брэнд