top banner

Амьд хөгжмийн эрх чөлөө


2017-07-18 14:44:39
Зураг

2002 онд анх үүсэн байгуулагдаж байсан амьд хөгжмийн “PLAYTIME 2017” наадам өнгөрсөн амралтын өдрүүдээр 16 дахь жилдээ “Монгол шилтгээн”-д болж өнгөрлөө.

Тус наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм. Энэхүү наадам нь амьд хөгжмийн шинэ дугаралт, түүний төлөөлөл болсон хамтлаг, дуучид, тэдгээрийн дуу хѳгжмийг олонд хүргэх тайз нь болсноороо онцлогтой байв.



Огт өөр хүн болчихоод буцаж ирэхийг хүсэн тэмүүлж, өдөр тутамд тохиолддог хүндхэн асуудлуудыг шуудхан мартаж орхиод тув тунгалаг зүрхтэй болчихсон огт өөр хүн “Монгол шилтгээн”-д ирлээ. Ганц хоёрхон үүлс тэнгэрийн шигтгээ мэт үзэгдэж, зөөлөн салхинд моддын навчис сэрчигнэх нь “Play time” наадмын хамгийн анхны эгшиг. Байгаль өөрөө энд хүрэлцэн ирсэн рокерууд, өөрсдийн ертөнцийг өрж бүтээж яваа залуучууд, хүзүүн дээрээ балчир үрээ суулган инээмсэглэж яваа аав нар, улаан хүзүүвчтэй нохойгоо хөтлөөд нөхөрөө сугадан, хүүгийнхээ аз жаргалтай мишээлээр амьдралыг төсөөлж сэтгэл зүрхэндээ нар мандуулсан ээжүүдэд зориулан дуулж байгаа нь энэ…

Бидний сайн мэдэх олон хамтлаг энэхүү наадмаар танигдаж байсан түүхтэй. 2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэж байсны дотор АНУ, ИХ Британи, ОХУ, Япон, Ѳмнѳд Солонгос, Ѳвѳр Монголоос урилгаар ирж оролцсон гадны хамтлаг олон байдаг.

Энэ жилийн хувьд алдарт “Харанга” хамтлаг ирж дуулсан нь нэлээдгүй онцлогтой болсон бөгөөд Монголоос “Нисванис”, “Моханик”, “Recon”, “The Colors”, “Мagnolian”, Вazo, “The Lemons” зэрэг хамтлаг, дуучид ая дуугаа өргөсөн бол гадаадаас Японы алдарт “The Fin”, “The You” Оросын “Starcardigan”, Швейцарын “One Sentence” зэрэг хамтлагийнхан “Play time” наадмын тайзнаа дуулсан юм. Мөн электроник дэнс хѳгжмийн шилдэг 20 Ди-Жэй, нийт 50 гаруй хамтлаг дуучин, уран бүтээлчид цэвэр агаарт гурав хоногийн турш “Playtime”, “Нааглихац” гэсэн тайзуудаар дамжуулан ѳѳрсдийн бүтээлээ хүргэлээ.

“Play time – 2017” наадмыг “Escape” хамтлаг эхлүүлсэн бол гурван өдөр үргэлжилсэн тус наадмын хаалтыг рокын амьд домог болсон “Харанга” хамтлаг хийсэн билээ. Аливаа зүйлийн төгсгөл сонирхолтой боловч уйтгартай байдлыг илүү ихээр бий болгодог. Учир нь бүх зүйл төгсчихөж буй мэт их хоосрол цээжин цаана бүрэлддэг. Гэтэл “Харанга” тийм мэдрэмжийг огтхон ч төрүүлсэнгүй. “Замд гаръя”, “Шүүдэр цэцэг”, “Үгүйлэн санана”, “Бороо” зэрэг дуунууд амьдралын төгс үе гэж юу болохыг, аз жаргал оргил хэсэгтээ ямар өнгөтэй байдгийг харуулж чадсан юм шиг… Яг л ийм төгсгөл шиг аз жаргалтай, олон олон онцлох үйл явдлуудаар “Play time – 2017” наадам дүүрэн байлаа.



Ихэнх охид залуус хар бараан өнгийн хувцас сонгож өмссөн харагдана. Энэхүү фестивальд хүрэлцэн ирдэг залуусыг муу зүйлд татагддаг, ихэнх нь  болж бүтэхгүй бүхнийг үйлдэж явдаг хүмүүс байдаг хэмээх бодол нийгмийн ихэнх хүмүүсийн сэтгэл зүйд шингэсэн байдаг. Гэтэл хөгжмийн хүнд хэмнэлийг мэдэрч, нууцлаг чимээнээс өөрийн эрх чөлөөг хайж олох нь жинхэнэ урлагийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг билээ. Тэгээд ч уг наадамд зорьж ирсэн залуус бүхэн өөрсдийн гэсэн дотоод ахуй, ертөнцийг харах үзэлтэй, дуртай зүйлдээ цаг заваа гаргаж, найзуудтайгаа эрүүл агаарт зугаалж, амьд хөгжмийн хэмнэлд бүжиглэж гурван өдөр, хоёр шөнийн турш хоосон агаарт өөрсдийгөө зурж, зорж, дуулж бүтээсэн юм. Ингэж л бид амьдралаас, гэрэл гэгээнээс амсч үздэг. Бидэнд таашаал өгч буй зүйлсийг эцсийг нь тултал хийх, оргил руу нь заавал гарах хэрэгтэй. Үгүй бол бид яах гэж энд ирснээ ухаарахгүй явсаар эрээн бараан хорвоогийн ээдрээтэй олон асуултанд хүлүүлсээр л байна.

Дараагийн дуучид тайзнаа гарахын өмнө толгойгоо усаар норгохоор голын эрэгт очив. “Play Time” наадмаас онцолж ярих ёстой зүйл яах аргагүй голын эрэг. Ногоон нуга дээр дэвсгэрээ дэлгээд, моддын сүүдэрт гараа алдлан хэвтэж буй олон залуус яг энд байна. Цаана нь амьд хөгжим эгшиглэж ихэнх нь агаарт дүүлж явахад голын эрэгт ирсэн залуус чихэвчээр дамжин чих рүү шунгах дуртай дуугаа сонсонгоо ном уншиж, хөгжмөөс өөр зүйлийн тухай ярилцана. Голын урсгал өнгөрсөн жилийнхийг бодвол харьцангуй намуун, дөлгөөн байсан тул ихэнх хүмүүс хөлөөрөө ус зөөлөн хөдөлгөж юуг ч юм бодмоглон суух ажээ.

“Play time”-ийн өдрүүдийг “дулаахан, хэрцгий, жинхэнэ амьд хөгжмийн наадам” гэж хэлж болно. Хүн бүхэн ганцхан уриатай. “Юу ч байсан хийхэд бэлэн”. Гэвч тэд шоудах гэж бус хөгжмийн талаарх өөрсдийн үзэл бодлыг дээшлүүлэх, агаарт амрах, өөртөө итгэх итгэлээ сэргээж, энэхүү наадмын талаар буруу ойлголттыг тээж яваа хүмүүсийн эргэлзээг арилгах гэж энд цугласан. Гэхдээ ямар нэгэн үйл ажиллагаа, тоглолтын адил шоу шинжтэй наадам байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин хүмүүсийн халуун дулаан харилцаа, , Нисванисийн дуун дээр нэгэн зэрэг алга таших хэдэн зуун фэнүүд, Франц маягийн нөхөрсөг тэврэлтүүд нь угтаа бүгд эрх чөлөөтэй, чин сэтгэлийнх байлаа.

Наадмын хамгийн шилдгүүд нь болох болох “The Colors”, “Моханик”, “The Lemons”, “Нисванис”, “Мagnolian”, “The Fin” нарын дуунууд сэтгэл хөдөлгөм, мартагдахын аргагүй. Энэ л илбийн мэт ертөнцөөс гарч буй “Play time – 2017” –ийн үзэгчдийг “Монгол шилтгээн”-ий гадаа хот руу үнэ төлбөргүй хүргэж өгөхөөр арван автобус хүлээж зогсоно. Хаалтын тоглолтыг хийж бодол санаандаа нэвтрэх гайхалтай үүдийг хүн бүрт нээж өгсөн, эх орноо хайрлах энэрэнгүй сэтгэлийг хайрласан “Харанга” хамтлагт хүн бүхэн “баярлалаа” гэж хэлсэн биз ээ.

“Play time” наадам нь дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийг сонсогч олонд хүргэж чаддаг гэдэгт эргэлзэх уншигч үгүй биз ээ. Шинээр төрөн гарч буй “Моханик”, “Magnolian”, “The Colors” зэрэг хамтлагийн уран бүтээлчдийг тун удахгүй дэлхийн амьд хөгжмийн тайзан дээрээс харна гэдэгт итгэлтэй байна. Тэдэнд боломж дүүрэн буй.
 
Б.Алтанхуяг
 

Монгол брэнд