top banner

Монголын цэргийн баг марш тактикийн олон улсын тэмцээнд тэргүүлжээ


2017-07-16 15:34:36
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Норд Райн Фестфален муж улсын цэргийн командлалаас жил бүр зохион байгуулдаг Мёнхенгладбахын марш тактикийн олон улсын тэмцээн энэ сарын 8-нд болж тусгай урилгаар оролцсон Монголын баг тамирчид олон улсын цэргийн байнгын бүрэлдэхүүний ангилалд "Тэргүүн байр" эзэлжээ.

34 дэх удаагаа болж буй тус тэмцээнд АНУ, Их Британи, Франц, Итали, Нидерланд, Эстони, Польш, Монгол зэрэг 9 орны 34 баг тамирчид оролцож, Германы болон Олон улсын цэргийн байнгын бүрэлдэхүүн, Бэлтгэл цэргийн бүрэлдэхүүн гэсэн үндсэн гурван ангилалд өрсөлджээ. Баг тамирчид 14 км зайд гүйж буудлага, саадын зурвас, усан саад, эргүүл, тэсрэх бөмбөгийн зурвас, отолт, гал унтраах, татан гаргах, өвчтөнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг даалгаварыг биелүүлэн, цэрэг, улс төрийн аюулгүй байдлын талаарх асуултад хариулжээ.

ХБНГУ-ын Бундесверийн академийн сонсогч, дэд хурандаа Д.Эрдэнэбилэгийн удирдлага, зохион байгуулалтын дор тус улсад суралцаж буй дэслэгч Г.Анхбаяраар ахлуулсан дэслэгч Б.Угтахбаяр, М.Бат-Орших, ахлагч Ц.Наранхүү, дэд ахлагч Н.Хүрэлхүү нарын бүрэлдэхүүнтэй баг Олон улсын цэргийн байнгын бүрэлдэхүүний ангилалд "Тэргүүн байр" эзэлж, цомоор шагнуулан, эх орон, Зэвсэгт хүчнээ амжилттай сурталчлав.

Уг тэмцээнд манай цэргийн албан хаагчдын баг 2015 онд анх удаа оролцож, Олон улсын цэргийн байнгын бие бүрэлдэхүүний төрөлд гутгаар байр эзэлж байсан. Энэ удаад амжилтаа ийнхүү ахиулсан тухай мэдээг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегийн албанаас мэдээлсэн байна.

Монгол брэнд