top banner
Шуурхай мэдээ

Х.Баттулга: Хүчирхэг Монголыг цогцлоохын төлөө хүн бүр зүтгэцгээе


2017-07-12 21:26:46
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хааж үг хэлэв.

"Эрхэм хүндэт наадамчид аа, Эрхэм хүндэт зочид оо
Монгол төрийн их баяр наадам ургах нарнаас шингэх наран хүртэлх уудам их газарт ёслол төгөлдөр сайхан болж, монгол хүн бүрийн сэтгэлийн галыг бадраан өндөрлөж байна. Эр бяртай бөхчүүд маань уран хурц мэхийг уралдуулан барилдаж ид хаваа гайхуулцгаалаа. Уяачийн эрдэм төгс, хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань иртэй сайхан уралдлаа. Эрхийдээ эрчтэй харваачид маань цэц мэргэн харвалаа. Монголчууд бид нэгдэж нягтарсан цагтаа ялан дийлж, хөгжин бадарч явсан аугаа түүхтэй ард түмэн. Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хайрлан хамгаалж, эвийн хүч, эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлж, шударга ёс, үүрэг хариуцлагыг ухамсарлан улам илүү хичээцгээе. Хүчирхэг Монголыг цогцлоохын төлөө хүн бүр чадахын хэрээр зүтгэж, хөдөлмөр зүтгэлээ өрх гэрийнхээ болоод, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө зориулж, хамтын хүчээр амжилтын төлөө зүтгэцгээе. Монгол хүн бүр эрүүл бие, саруул ухаан, эрдэм төгс, хийморь золбоотой байж, эх орон маань цэцэглэн хөгжихийн бэлгэ ерөөл өргөж, үндэсний их баяр наадам өндөрлөж байгааг уламжилъя. Хөх Монгол мандан бадраг ээ" хэмээв.



Улмаар Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоймроос Хүндэт харуулын цэргүүд хүндэтгэлтэйгээр Төрийн ордон руу залснаар энэ жилийн наадам өндөрлөж байна.

 

Д.Өлзий


Монгол брэнд