top banner

Уран нарийн хийцтэй уламжлалт гар урлалын бүтээлүүдийг толилуулж байна


2017-07-06 17:20:28
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлтээ хийсэн “Монголчуудын уламжлалт гар урлал” үзэсгэлэнгийн бүтээлүүд гоёмсог байдал, уран нарийн хийцээрээ олны хараа булааж, сэтгэл татна.

Монголчуудын уламжлалт гар урлал олон зууны түүхтэй, өөрийн гэсэн уран сайхны өвөрмөц онцлогтой.
Тус музейн цуглуулгад XVII-XX зууны эхэн үеийн монгол гэр, гэрийн тавилга, сав суулга, гоёл чимэглэл, дээл хувцас, тоглоом наадгай, хөгжмийн зэмсэг, бурхан тахил, малын тоног хэрэгсэл зэрэг урлаачийн уран сэтгэмж, чимхлүүр нарийн ажиллагааг тусгасан, монголчуудын эдийн соёлыг илтгэх олон зуун үзмэр хадгалагдаж байна.

Энэхүү үзэсгэлэнгээс модон эдлэлийн үзэмж, гоо сайхан харагдах байдлыг сийлбэрлэх, зүмбэрлэх, өнгө хослон дагнаас гарган хээлж будах аргыг өргөн ашиглан чимж ирснийг авдар сав, унь тооно, ширээ сандал, гүнгэрваа, өөжин зэрэг гэрийн тавилга, цацал, аяга, хул, хувин зэрэг сав суулга, морин хуур, шатар, хорол зэрэг тоглоом наадгай, хөгжмийн зэмсэг, ташуур, хусуур зэрэг морины тоног хэрэгслээс тольдох боломжтой.




Монголчууд эртнээс нааш мод, яс, чулуу, төмөрлөгөөр бүтэн сийлбэр, товгор сийлбэр, хүрээлсэн сийлбэр, нэвт цоолбор үйлдэн, гэр ахуйн эд зүйлсээ чимэхийн зэрэгцээ гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс урлаж ирсэн. Мөн малынхаа ноос, арьс, шир болон эсгийгээр эд зүйлс урлахын зэрэгцээ бөс даавуу, торго дурданг түгээмэл хэрэглэж, оёмол, хатгамал, ширмэл, наамал урлалыг хөгжүүлж ирсэн түүхтэй. Дээл хувцас, малгай, гутал, оймс, хавтага, бэл, хэтэвч, даалин, гаансны дугтуй, аяганы уут зэргийг олон өнгө хоршуулан, ур гарган шаглаж, хатгаж, зүү ороож, зээг тавьж, уран нарийн хийцтэй, ховор нандин эд зүйлсийг урлаж иржээ.



Монголчуудын оюун санааны шилдэг бүтээл болсон гар урлалын гайхамшгийг бүтээхэд зураг загварыг бэлтгэх, тухайн эд дээр шивж, цоолох, зурах, өнгө будгийг тааруулах, хийх эдийг сонгох зэрэг олон үе шатыг дамждаг байсныг харуулах үүднээс энэхүү үзэсгэлэнд урлах багаж хэрэгслэлийг дэлгэн үзүүлжээ.

Тус үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдээс дээжлэн 180 үзмэрийг дотоод гадаадын үзэгчдэд толилуулж байна.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Монгол брэнд