top banner
Шуурхай мэдээ

Уурхайн хаягдлыг улсын баялаг болгосон “Эрдмин” үйлдвэр


2017-07-03 12:02:23
Зураг
“Монгол брэнд” цувралынхаа энэ дугаараар бид Монголын үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэг “Эрдмин” компанийг танилцуулахаар бэлтгэлээ. Зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог “Эрдэнэт” үйлдвэрийн  уурхайн хаягдлаас цэвэр зэс ялган авах туршилтыг тухайн үеийн “Эрдэнэт” vйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг агсан хийсэн нь 23 жилийн өмнөх явдал бөгөөд энэ нь “Эрдмин” компаний үүтгэл байсан юм. Бид бүхний нэрлэж заншсанаар “Уурхайн хаягдал” гэх балансын бус, бага агуулгатай хvдрийн овоолгоос хvхрийн хvчлийн сулруулсан уусмал ашиглан катодын цэвэр зэс гарган авах энэхүү туршилт амжилттай болсноор Монгол улсын “Эрдэнэт Концерн” ХХК, АНУ-ын “RCM” компаниуд шинэ үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурж 1997 оны 02-р сарын 13-нд анхны бvтээгдэхvvнээ танилцуулж албан ёсоор нээлтээ хийсэн түүхтэй. Ийнхvv “Erdenet Minerals Solution” буюу “Эрдмин” компани байгуулагдсан юм.

      Тус vйлдвэрийн дизайн, барилгын зураг төслийг АНУ-ын “BКS” компани, “Эрдэнэт vйлдвэр” ХХК-ийн Зураг төслийн хэлтэс хийж, барилгын ажлыг Монгол-Оросын хамтарсан “Стройинвест” компани гvйцэтгэжээ. Yйлдвэрлэж байгаа катодын зэсийн чанарыг олон улсад нэр хvнд бvхий Английн “Аlex Stewart Assayers” компани баталгаажуулсан байна. Тэдний катодын зэсийн чанар +99,999 хувийн цэвэршилттэй байгаа нь Лондонгийн металлын биржийн “А” зэрэглэлийн чанарын шаардлагыг хангадаг.
 
“Эрдмин” компани хоёр үйлдвэртэй. Нэг үйлдвэрт нь катодын зэс гаргаж авдаг бол нөгөөд нь зэсээ эцсийн бүтээгдэхүүн болгодог. Катодын зэсний үйлдвэрлэл нь уусгалт, уусган хандлалт, цахилгаан хими гэсэн үндсэн гурван дамжлагаас бүрддэг ажээ. Хүхрийн хүчлийн ногоон уусмалаар зэсийн эрдэс бүхий шороог норгон зэсийг усан уусмалд шилжүүлнэ. Үүний дараа зориулалтын бодис ашиглан уусгалтын хэсгээс ирсэн зэс бүхий уусмалыг цэвэрлэдэг. Анод, катод хавтан байрлуулсан баннуудыг зэсийн сульфатын уусмалаар дүүргэж тогтмол гүйдэл өгснөөр цахилгаан цэнэг уусмал дахь зэсийн ионыг катодын гадаргуу руу зөөвөрлөж, 5-7 хоногийн дараа цэвэр зэс бэлэн болно. Харин зэс утасны үйлдвэрлэл нь зэс хайлуулж цувих, нарийсгах, ээрэх, бүрэх гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. Тодруулбал, катодын зэсээ хоногт 1.5 тн, жилд 2500 тн зэс хайлуулах хүчин чадал бүхий зууханд 1145 градуст хайлуулж, 8 мм-ийн голчтой зэс цувимал үйлдвэрлэнэ.
Дараа нь нарийсгах дамжлагын машинаар 1.04-8 мм-ийн голчтой 11 төрлийн зэс утас гаргаж авдаг. Ингээд утсаа дамарт ороож, дараа нь бүрнэ. PVC хэмээх будаа шиг нунтагаас өнгийг нь сонгон бүрэх машинд хийж утсыг бүрдэг. Хэрэв саарал өнгөөр бүрэх бол хар, цагаан, цэнхрийг холиход л хангалттай. Бүрсэн зэс утсанд алдаа гарсан эсэхийг “Spank tester” машин шалгана. Ер нь бол энд бүх зүйлийг машины тусламжтайгаар хийдэг бөгөөд мэргэжилтнүүд тохиргоог нь тааруулдаг. Бүрэх дамжлагын машин нь Тайвань, бусад нь Германых юм байна. Хэрэв утасны бүрхүүлд ямар нэг цоорхой байвал машин дохио өгдөг. Зэс утсаа бүрсний дараа хэмжээ тавьж таслана. Бэлэн болсон утсанд сэрээ, залгуур угсарснаар уртасгагч залгуур бэлэн болдог. Сэрээ, залгуурыг Монголд хийдэг компани байхгүй учир БНХАУ-аас худалдаж авдаг аж. Сэрээний бариулыг мөн л машины тусламжтай хийнэ.“Манайх залгуур хийж болох ч тоног төхөөрөмж авахад хөрөнгө хэрэгтэй. Бас бүгдийг нь нэг компани хийх нь буруу. Ганц компани хөгжөөд бусад нь хөгжихгүй. Бусад орны жишгийг харахад нэг нь утсаа, нөгөө нь сэрээг, бас нэг нь залгуураа хийгээд, нийлүүлж угсардаг тусдаа компани байдаг юм билээ” хэмээн мэргэжилтнүүд нь бидэнд ярьсан. Шинэ юм бүхэн амаргүй. Өмнө нь ийм үйлдвэр байгаагүй учир энэхүү амжилтад хүрэх гэж тэд нэлээд бэрхшээл туулснаа ярьж байв.

“Эрдмин” ХХК 2004 он хүртэл алдагдалтай ажиллаж байгаад өр зээлээ дарж, ашигтай ажиллан дараа жилээс нь 8 мм-ийн голчтой зэс цувимал хийж эхэлжээ. Катодын зэс, зэс цувимал нь үнийн хувьд зөрүүтэй. Боловсруулсан зэсийн үнэ тогтвортой байдаг бол катодын зэсийн үнэ сар бүр хэлбэлздэг. Лондоны металлын биржид зарж буй катодын зэснээс зэс цувимал 300-400 ам.доллараар илүү үнэтэй. Харин зэс утас тонн нь 10000-11000 ам.доллар хүрдэг аж. Боловсруулсан зэс цувимлыг манай хоёр их хөрш Орос, хятад улсын аль нь сонирхоогүй учир Өмнөд Солонгос руу нэг вагоныг гаргаад больжээ. Ингээд нарийсгах, бүрэх дамжлагын машин авч зэс утас хийж эхэлсэн байна. “Монголд энэ салбар хөгжөөгүй учраас мэдэхгүй, чадахгүй зүйл их байсан. Бид хийхгүй бол өөр хэн ч хийхгүй юм байна гэдгийг ойлгосон. Гадаадынхан бол бүр ч хийхгүй шүү дээ. Манай компанийн 58 хувийн хувьцааг Америкийн MSR компани эзэмшдэг. Тэднийхээс зөвшөөрөл ч авалгүй, зэсээрээ эцсийн бүтээгдэхүүн хийж эхэлсэн” хэмээн “Эрдмин” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Баатар ярьсан.

“Эрдмин”-ий үйлдэрлэж  байгаа цахилгаан монтажны хатуу зөөлөн нийлсэн 40 гаруй төрлийн  утас нь Монгол улсын MNS 60227 стандарт бүрэн нийцсэн бүтээгдэхүүн бөгөөд 2012 оноос зэс утсаараа уртасгагч үйлдвэрлэж эхэлсэн нь Монголд нэлээд эрэлттэй бүтээгдэхүүн болсон юм. Монголчууд уртасгагчаа зөвхөн хятадаас оруулж ирдэг, тэдгээр нь чанар муутай тул ахин дахин худалдан авч эдийн засгийн хувьд багагүй хохиролтой байсан билээ. Харин “Эрдмин”-ий уртасгагч залгуур нь чанартай атлаа хямд үнэтэй тул зах зээлд гарсан даруйдаа хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн юм. Гэвч тэд катодын зэсийн борлуулалтаасаа гол ашгаа олдог, харин уртасгагч, цахилгаан утасны үйлдвэрлэлээс ямар ч ашиг олдоггүй ажээ. Учир нь Монголын зах зээл жижиг. Монголоос бусад улс оронд экспортлох гэхээр  тулгамддаг гол асуудал нь боловсруулсан бүтээгдэхүүнээс импортын татвар авдаг учраас тэд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг сонгодог байна.
            Юутай ч Монголын катодын зэсний анхны үйлдвэр өнгөрөгч 20 жилийн хугацаанд бизнесийн салбарт хангалттай өсөн төлөвшиж, тэдний бүтээгдэхүүнүүд монгол чанарыг дэлхийд тунхагласаар ирсэн юм.
/> Б.Занданхүү

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд