top banner
Шуурхай мэдээ

Монголын боксчид одтой, хийморьтой байна


2017-07-02 14:31:22
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксчид сүүлийн жилүүдэд олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцон медалийн буухиаг үргэлжлүүлсээр байгаа юм.

Шинэ залуу боксчдоор тасралтгүй сэлбэгдэж байгаа нь энэ спортоор хичээллэгч хөвгүүд, охидын амжилтыг ахиулах, ур чадварыг дээшлүүлэхийн төлөө Монголын боксын холбоо болон нийт дасгалжуулагч багш нар маш санаачлагатай ажиллаж байгаагийн нэг илрэл  юм.



Өнөөдөр нийслэлд Спортын төв ордны боксын заалнаас гадна “Хангайтан” / багш, МУГТ Х.Алтанхуяг, ОУХМ Эрдэнэбаяр/, “Ширэн Бээлий” / ОУХМ Д.Төрбат/ “Алдар” спорт хороо /гавьяат дасгалжуулагч А.Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр/ “Барселона” /ОУХМ Н.Мөнхсайхан/, “UB Pro boxing” /ОУХМ Даваацэрэн/, “One Team” /ОУХМ Ш.Ганбаатар/, “Аврагч” спорт хороо /МУГД  Д.Ганзориг/, “Хүч” спорт хороо /ОУХМ Б.Ганбаатар/, “Red Bulls” /СМ Мөнхжаргал/, “Хөдөлгөөнт бай” /СМ Чулуунбат/, СХД-ийн спорт хороо /ОУХМ О.Дэмбэрэл/, “Монгол мастер” /ОУХМ Д.Отгонбаяр/ зэрэг 20 шахам клубт боксын спортоор хүүхэд, залуусыг тогтмол хичээллүүлж байна.


 
Үүнээс гадна хөдөө орон нутагт боксын олон клуб үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Дорнодын “Талын бүргэд”, Баянхонгорын “Бүргэд”  Хөвсгөл, Эрдэнэт, Дархан-Уул, Баян-Өлгий зэрэг олон аймагт боксын клуб тогтмол үйл ажиллагаа явуулж шилдэг тамирчдыг бэлтгэн гаргаж байгаа юм.

Энэ олон клуб, спорт хороодын тамирчид жил бүр дотоодын болон хилийн чанадын тэмцээнүүдэд хүч, ур чадвараа сорьж байгаа нь Монголын боксчид жин тус бүртээ олон сайн тамирчдыг төрүүлэх ширүүн өрсөлдөөнийг бий болгож байна. Тэдний дундаас ирээдүйд олимп, дэлхий, тивийн аваргууд төрөх нь гарцаагүй юм.


 
Тэртээ 48 жилийн өмнөөс нийслэл хотноо жил бүр зохион байгуулж 2000 он хүртэл 26 удаа шилдгүүдээ тодруулсан боксын олон улсын уламжлалт тэмцээнийг МБХ дахин сэргээж өнгөрсөн жил “Улаанбаатар цом” нэртэй 27 дахь удаагаа амжилттай зохион явуулсан билээ. Харин 28 дахь удаагийн “Улаанбаатар цом” тэмцээнийг  өнгөрсөн долоо хоногт /2017.06.21-25/ Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт амжилттай зохион байгуулсан юм.



Энэ тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, БНАСАУ, Киргиз, Бутан, Филлипин, Индонези, Тайвань зэрэг орны 105 шилдэг боксчид эрэгтэй 7, эмэгтэй 3 жинд хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээнд дэлхийн 5 удаагийн аварга, олимпийн наадмын хүрэл медальт, Энэтхэгийн алдарт боксчин Мэри Ком, ДАШТ-ий хүрэл медальт Филлипин улсын боксчин Логен Лодан, Армийн дэлхийн аварга, “Химийн цом” тэмцээний аварга, боксчин Б.Чинзориг, Тайландын эзэн хааны цомын аварга, Энэтхэг улсын боксчин Кумар Кахара тэргүүтэй Ази тивийн шилдгүүд “Улаанбаатар цом”-д оролцсон нь энэ тэмцээний чансаа, зэрэглэл, нэр хүндийг өргөсөн билээ.



Олон улсын А зэрэглэлийн “” Улаанбаатар цом-2017” тэмцээнд Монгол Улсаас жин тус бүрт 4 тамирчин оролцож, багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ. Манай боксчид 3 алт, 5 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн бол хоёрдугаар байрт багийн дүнгээр 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар БНАСАУ-ын баг орлоо. Харин Филлипин улсын баг 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж гуравдугаар байрт шалгарсан.



Энэ удаагийн тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк, ивээн тэтгэгчээр Ажнай групп, АПУ, МИАТ зэрэг манай улсын тэргүүлэгч компаниуд ажилласан юм. Тэмцээний зохион байгуулагчаар МБХ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ, НЗДТГ, “Их тамир” спорт цогцолбор зэрэг байгууллага хамтран ажиллав. Капитрон банк өмнө нь энэ оны 2 дугаар сард болсон Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавъяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит УЗАШТ-ийг дэмжиж ажилласан.



“Улаанбаатар цом-2017” олон улсын боксын тэмцээний зарим тоглолтуудаас сонирхуулбал, эрэгтэйчүүдийн 49 кг-д тулалдсан ОУХМ Г.Ган-Эрдэнэ алтан медаль хүртсэн. Тэрбээр шигшээ тулаанд Филиппиний боксчин дэлхийн аваргын хүрэл медальт Ладон Рогеныг 3:2 ялж эх орондоо анхны алтан медалийг авчирлаа. 2017 оны АТАШТ-ий мөнгөн медалийн төлөө Г.Ган-Эрдэнэ Ладон Рогеныг мөн л ялсан юм. Энэ жинд хүрэл медалийг Индонезийн боксчин Фердинан Бертолен Касе, Энэтхэгийн боксчин Кумар  Какара нар хүртэв.  



Харин 56 кг-д аваргын төлөө Монголын боксчин Б.Төмөрхуяг- БНАСАУ-ын Жо Хю Намтай тулалдлаа. Гурван үе эн тэнцүүхэн өрсөлдөж БНАСАУ-ын боксчин шүүгчдийн санал нэгтэйгээр "Улаанбаатар цом"-д түрүүлэв. Б.Төмөрхуягийн хувьд 20 настай, “Барселона” клубт бэлтгэл сургуулилтаа хийдэг. 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол энэ удаа өсөх ирээдүйтэй боксчин гэдгээ батлан харууллаа.  



Рио-2016 олимпийн наадамд 52 кг-д эх орноо төлөөлөн тулалдсан ОУХМ Х.Энх-Амар, Энэтхэгийн тамирчин Хуссамуддин Мохаммед нар хүрэл медаль хүртэв. Х.Энх-Амар хагас шигшээ тулаанд БНАСАУ-ын боксчинд 5:0 хожигдсон. Мөн 64 кг-д өрсөлдсөн армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг Хятадын боксчин Эрланбекийг 5:0 ялж шигшээд шалгарсан. Азийн дэвжээнээс ДАШТ-д оролцох эрхээ авсан Б.Чинзориг шигшээ тулаанд сарвууны яс цуурсан бэртэлтэй учраас тун болгоомжтой тоглосон. Энэ жингийн хагас шигшээд ОУХМ, залуу тамирчин Г.Баярхүү Филипинний боксчин Суарез Чарлиг 3:2-оор хожиж Б.Чинзоригтой аваргын төлөө тоглон ялж аваргын алтан медалийн эзэн болов.



Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д О.Жаргалан мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр шигшээ тулаанд БНАСАУ-ын боксчин Чол Би Бангтай тулалдаж 5:0 ялагдсан юм. БНАСАУ-ын боксчин Чол Би Банг хүрэл медалийн төлөөх тулаанд дэлхийн таван удаагийн аварга, олимпийн хүрэл медальт Мэри Комыг ялж энэ тэмцээний гол дуулианы эзэн болсон билээ. Хүрэл медалийг Монголын боксчин Л.Алтанцэцэг, Хятадын тамирчин И Най Ян нар хүртлээ. 



Дашрамд сонирхуулахад, Энэтхэгийн алдарт боксчин Мэри Ком бүтэн жил завсарласны эцэст “Улаанбаатар цом”  тэмцээнээр рингэндээ эргэн ирсэн юм. Түүний хувьд ирэх 11 дүгээр сард эмэгтэйчүүдийн Ази тивийн АШТ-д 48 кг-д өрсөлдөхөөр бэлтгэлээ хийж эхэлжээ.  


“Улаанбаатар цом” олон улсын боксын тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-д Э.Эрдэнэтуяа мөнгөн медаль хүртлээ. Энэ жингийн шигшээ тулаанд Тайванийн боксчин Чен Ниен Чен, Э.Эрдэнэтуяаг 5:0-ээр ялж түрүүлэв. ОХУ-ын боксчин Сандакова Дарима, Лусупова Любов нар хүрэл медалийн болзол хангасан юм.

Энэ тэмцээний үеэр боксын шүүгчдийн олон улсын зэрэглэл ахиулах онолын болон практик шалгалтыг АIBA-гаас мэргэжилтэн ирж зохион байгуулсан юм. Өөрөөр хэлбэл АIBA-гийн нэг одны зэрэглэлтэй гадаадын болон манай шүүгчдээс хоёр одны зэрэглэлтэй болох шүүгчийн шалгаруулалт явагдсан.



Энэ тэмцээн дуусаад маргааш нь манай тамирчид ОХУ болон БНХАУ-ыг зорьсон юм. Манай зарим залуу боксчид ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгуулсан "Байкал-2017" боксын олон улсын тэмцээнд /12 тамирчин/ оролцсон бөгөөд тэд 3 алт 2 мөнгө 3 хүрэл медаль хүртсэн байна.

Монголын боксын багш, дасгалжуулагчдаас өмнөд хөршид ОУХМ Ц.Цэрэнням, ОУХМ Ж.Энхтөр, ОУХМ Баяраа, Н.Галтбаатар нар гэрээт дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм. Манай шигшээ багийн болон залуучуудын шигшээгийн тамирчид “Улаанбаатар цом” ОУТ-ий дараа өмнөд хөршид хамтарсан бэлтгэл хийхээр багш нарын хамт явсан. Манай боксчид долдугаар сарын сүүлчээр Чехийн олон улсын тэмцээнд хүч үзнэ. Улмаар ирэх наймдугаар сарын 23-наас есдүгээр сарын 04-нд 2017 оны боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Германы улсын Хамбург хотод болно.



“Токио-2020” олимпийн циклийн эхний ДАШТ-д тив, тивийн төлөөлөн шилдэг 280 боксчин өрсөлдөнө. AIBA /Олон улсын сонирхогчдын боксын холбоо) 2015 оны ДАШТ-ээс дүрмэндээ өөрчлөлт оруулж, тамирчдад өндөр шалгуур тавьдаг болсон. Тухайлбал тивийн АШТ-д эхний зургаад орсон тамирчдад ДАШТ-д өрсөлдөх эрх олгох юм.

Манай улсаас энэ жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хос мөнгө, хүрэл медаль хүртэж ДАШТ-д оролцох эрхээ авсан дөрвөн боксчин байгаа. Тухайлбал, “Рио-2016” олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг, ОУХМ Б.Түвшинбат, ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар эх орноо төлөөлөн хүчээ сорих юм.

Ийнхүү Монголын боксчид “Токио-2020 ” олимпийн наадмын өмнөх жилүүдэд эрчимтэй бэлтгэлээ базааж олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медалийн буухиаг даллан дуудсаар хийморьтой байна.

Д.Өлзий

Монгол брэнд