top banner
Шуурхай мэдээ

Нийтийн эзэмшлийн талбайд барилга барихыг эсэргүүцэн гомдол гаргажээ


2017-06-19 18:55:22
Зураг
Дундговь/МОНЦАМЭ/ Нийтийн эзэмшлийн талбайд барилга барих гэж буйг эсэргүүцэн Мандалговь хотын 14- р орон сууцны оршин суугчид аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнийн  нэр дээр гомдол илгээжээ. Энэ дагуу газар дээр нь ирж нөхцөл байдалтай танилцсан Засаг дарга барилгын ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон юм. Харин өнөөдөр тэрээр,  газар эзэмших эрх, барилга барих зөвшөөрлийн хуульд нийцсэн эсэхийг нь хянаж үзэхийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэстээ үүрэг өгөв.
14- р орон сууц 1984 онд ашиглалтад орсон Мандалговийн анхны орон сууцнуудын нэг юм. Энд 48 өрхийн 160 гаруй оршин суугч аж төрдөг. Орон сууц “Мандал” худалдааны төвийн зэргэлдээ, хоорондоо 7 метр орчим зайтай оршдог бөгөөд үүний ихэнх нь нийтийн эзэмшлийн талбай ажээ.  Энэ багахан зайд шахцалдуулан иргэн Т үйлчилгээний зориулалтаар барилга барих зөвшөөрлийг 2016 онд авч, уг газрыг эзэмшсэн бөгөөд газрыг урьд ажиллаж байсан Засаг дарга С. Од- Эрдэнийн захирамжаар олгосон байна.
Иргэн Т барилгаа барьж эхлэхдээ 14- р орон сууцны хойд ханын суурийг ил гарган ухаж, хормой хамгаалалтыг нь эвдсэн байна. Үүнээс улбаалан орон сууцны 4- р орцны 1, 2 дугаар давхарын хананд цууралт үүсч оршин суугчдыг бухимдуулжээ.
Барилга барихаар зэхсэн энэ газар 14- р орон сууцны оршин суугчдын нийтийн эзэмшлийн талбай, нөгөөтэйгүүр Мандалговь хотын ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл сүүлийн 2 жилийн хугацаанд хотын төвд газар олголтыг зогсоох тухай аймгийн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад иргэн Т ийнхүү газар эзэмшсэн нь хууль бус гэж оршин суугчид үзэж байна. Захирамжаа мөрдөж ажиллаагүй урьдны Засаг дарга ч буруутай. Тиймээс газрын зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахыг шаардаж, гомдол хүргүүлсэн гэлээ.

 
Т. Отгонтуяа  

Монгол брэнд