top banner
Шуурхай мэдээ

Монгол дахь Олон улсын хатагтай нарын нийгэмлэг 25 нас хүрлээ


2017-06-19 17:57:08
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайн үйлсийн төлөө нэгдсэн Монгол дахь Олон улсын хатагтай нарын нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг өнгөрөгч долоо хоногт тэмдэглэн өнгөрүүллээ.

IWAM /International Women's Association of Mongolia/ буюу Монгол дахь Олон улсын хатагтай нарын нийгэмлэг нь өөр өөр улс орноос ирсэн бүсгүйчүүдийг нэгтгэж, соёл, зан заншил, ахуй амьдралын хэв маяг, цаашлаад урлаг, түүх, эдийн засаг, нийгмийнхээ талаар харилцан ойлголцож, танин мэдэх, идэвхтэй үйл ажиллагааг дэмжих, тусламж шаардлагатай бүлэгт сайн үйлсээ хүргэх зорилгоор 1992 онд байгуулагдаж байжээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд олон олон хатагтай нар нийгэмлэгт элсэн, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу хүүхдүүд, ганц бие ээжүүд, төрөх эмнэлгийн нярайн тасаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн анги танхим тохижуулах гэх зэргээр сайн үйлсийн олон ажил хийж иржээ.

Мөн тус нийгэмлэг нь гадаад хэл, морь унах, хоолны гэх мэт сонирхлын группуудтэй бөгөөд Монголд амьдарч, ажиллаж байгаа гадаад орны бүсгүйчүүдийн чөлөөт цагийг өнгөрөөх, Монгол Улстай танилцах, дасан зохицоход нь зориулж олон үйл ажиллагаа явуулдаг аж.

Нийгэмлэгийн удирдах зөвлөл нь Ерөнхийлөгч Юүнсүб Мүррай /Их Британи/, үүсгэн байгуулагч, Хүндэд ерөнхийлөгч Д.Балжинням, дэд ерөнхийлөгч Ч.Бямба, Нина Сейффэрт /Герман/, нарийн бичгийн дарга Г.Номин, Санхүүгийн албаны дэд дарга Тонга Катюш, Гишүүнчлэл хариуцсан дарга Силфиа Грендэн /Литва/, Арга хэмжээ хариуцсан дарга Д.Дарьсүрэн, Төсөл хариуцсан дарга Зэйнэп Кадирэ Сайым Язал /Турк/, Олон нийтийн харилцаа хариуцсан дарга Анна Кун /Казахстан/, Үйл ажиллагаа хариуцсан менежер Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй юм.

Нийт 100 гаруй гишүүдтэй, нэгэнт байр сууриа тогтоон, үйл ажиллагаагаа тогтворжуулж чадсан Хатагтай нарын нийгэмлэг 25 жилийн ойгоо үе үеийн ерөнхийлөгч, удирдлагууд, удирдах зөвлөлийн гишүүд болон идэвхтэн гишүүдтэйгээ тэмдэглэсэн юм. Хатагтай нарын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч Д.Балжинням “Эмэгтэй хүн санаа сэтгэл байвал юу хийж болдгийг энэ байгууллага харуулж байгаа юм. Гаднаас ямар ч санхүүжилт, тусламж дэмжлэг авдаггүй, бүсгүйчүүд, ээжүүд санаа сэтгэлээрээ сайн дураараа нэгддэг. Гадаад улс оронд ч олон жил амьдарсан хүний хувьд би харь улсад ямар байдгийг сайн мэднэ. Тийм ч учраас анх 4 эмэгтэй нийлж, энэ нийгэмлэгийг байгуулах санааг гаргасан. Өнөөг хүртэл Монголд ажиллаж, амьдарч байгаа, нөхрөө дагаад ирсэн бүсгүйчүүдэд зориулж, тэднийг идэвхтэй үйл ажиллагаагаар нэгтгэж, өөр хоорондоо болон монгол эмэгтэйчүүдтэй найзалж нөхөрлүүлж, соёл, заншлаа харилцан солилцох гүүр болж байна. Мөн нийгэмд зориулсан төсөл ч олноор нь хэрэгжүүлсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Нийгэмлэгийн ерөнхийлөгч Юүнсүб Мүррай /Их Британи/ “Би өнгөрсөн жил есдүгээр сард Монголд ирсэн. Анх ирэхэд хэнийг ч танихгүй, нэг ч монгол хүнтэй ярьдаггүй, өвөл ч болж байлаа. Маш гунигтай гэсэн үг шүү дээ. Тэр үед би нийгэмлэгийн тухай сонсч анх удаа уулзалтад ирж, маш олон нөхөрсөг, сайхан сэтгэлтэй бүсгүйчүүдтэй танилцсан. Энэ бол нийгэмлэгийн гол утга учир. Бид хүмүүсийг нэгтгэж, гэрээс нь гаргаж ирдэг. Гадаа 30 хэмийн хүйтэн байсан ч найзуудтайгаа уулзахын тулд гэрээсээ гараад очдог. Бид монгол бүсгүйчүүд хэрхэн амьдардаг, ямар хоол иддэг, яаж хийдэг гээд их олон зүйл сурч танилцаж, эргүүлээд бид өөрсдийн улсынхаа соёлоос заадаг. Биднийг нэгтгэж байгаа хамгийн гол зүйл нь бид Монголд амьдарч байна. Үүнээс гадна сайн үйлсийн ажил өрнүүлж, төслөө нээлттэй сонгон шалгаруулдаг. Үнэхээр бидний тусламж дэмжлэг хэрэгтэй бол 1000 ам.доллар хүртэл хөрөнгө оруулдаг юм” гэлээ.

Энэхүү нийгэмлэгийн гишүүн болох боломж монгол бүсгүйчүүд болон Монголд амьдарч буй гадны улсын хатагтай нарт нээлттэй юм байна.
Н.Гантуяа



 


Монгол брэнд