top banner

“Элэг бүтэн Монгол” өдөрлөгөөр БЗД-ийн 2000 гаруй иргэнд үзлэг хийж, зөвлөгөө өгөв


2017-06-19 17:16:47
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2020 он гэхэд элэгний В,С вирусгүй жишиг улс болох зорилт тавин ажиллаж буй ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Баянзүрх дүүрэгт “Элэг бүтэн Монгол” өдөрлөгийг  Жуковын талбайд зохион байгууллаа.

Тус дүүрэгт 40-65 насны иргэдийн элэгний В,С вирусын эрт илрүүлэгт 77680 хүн хамрахаас өнөөдрийн байдлаар 1400 гаруй хүн хамарчээ.

Өдөрлөгийн үеэр  Улсын төв III эмнэлэг, ХСҮТ, ХӨСҮТ, Геронтологийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн 20 гаруй эмч 2000 гаруй иргэнд эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгөв.

Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвд өвчтөний ор 5 ширхэгийг гардуулж өгсөн юм. Түүнчлэн ЭМЯ-ны Жуух бичгээр Эрүүл мэндийн төвийн эмч Б.Энхтүвшин, Б. Өнөр, Т.Болортуяа, И.Амгалан, арга зүйч Г. Бадамханд, Эрүүл мэндийн тэргүүний ажилтанаар эмч Б.Эрдэнэтуяа, А.Бямбасүрэн, Ц.Оюунчимэг, Зохицуулагч С.Эрдэнэчимэг, А.Хишигтогтох нарыг шагнасныг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат гардуулан өглөө. Тэрээр,  “Эмч, эмнэлгийн ажилчид амралтын өдрөөр ч утсаа салгах эрхгүй, хүний төлөө зүтгэж явдаг билээ. ДЭМБ-д манай улс 2020 он гэхэд  элэгний В,С вирүсгүй жишиг улс болох амлалт өгсөн. Бүх иргэдээ үе шаттай үзлэг, оношлогоонд хамруулж, эмчилгээний үр дүнг хянаж ажиллана. Тиймээс 40-65 насны иргэд В,С вирусын үзлэг оношилгоонд даруй хамрахыг уриалж байна” гэсэн юм. 

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НЭМГ-ын дарга Д.Төмөрбаатар, БЗД-ийн орлогч дарга Д.Уламбаяр,  УГТЭ-ийн дарга Ц.Төмөр-Очир, ГССҮТ-ийн дарга Т.Мөнхсайхан зэрэг албаны хүмүүс оролцов.

Өдөрлөг маргааш Хан-уул дүүрэгт үргэлжилнэ.
Ж.Болор

Монгол брэнд