top banner
Шуурхай мэдээ

“Мазаалай” хиймэл дагуулын хандивлагчдад батламж гардуулав


2017-06-19 16:58:13
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын анхны “Мазаалай” хиймэл дагуулыг бүтээхэд дэмжлэг үзүүлсэн хандивлагчдад батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны дугуй танхимд боллоо.
Тус хиймэл дагуулыг бүтээхэд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын газар, Улсын онцгой комисс, Онцгой байдлын газар дэмжин ажиллажээ. Мөн Орчлон”, “Шинэ Монгол” сургууль, “Талст” 51 дүгээр цэцэрлэг, Төв аймгийн Баянжаргалан сумын Баянбулаг баг, Сэлэнгэ аймгийн I сургууль  зэрэг 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 278 хүн хандив өргөжээ. Эдгээр аж ахуй нэгж, байгууллага, хувь хүмүүст дурсгалын батламж гардуулсан юм.

МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нарын бүтээсэн “Мазаалай” хиймэл дагуул Олон улсын сансрын станцаас өөрийн тойрог замдаа орж ажиллаж эхлэх түүхэн үйл явдал ирэх сарын 5-7-нд болох урьдчилсан тов гарчээ. Энэ үеэр анхны сигнал хүлээж авах, Монгол Улсын төрийн дууллыг “Мазаалай” хиймэл дагуулаас эгшиглүүлэх аж.



МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, “1981 онд Ж.Гүррагчаа баатар анх сансарт ниссэнээс хойш 36 жилийн дараа Монгол Улс ийнхүү анхны хиймэл дагуултай болсон. Монгол хүний оюун ухаан, уран гараар бүтсэн анхны хиймэл дагуул Олон улсын сансрын станцаас салж өөрийн тойрог замд орон үүргээ гүйцэтгэж эхлэх түүхэн цаг мөчөөс сансрын уудамд Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулна. Хиймэл дагуулын хамгийн чухал ач холбогдол нь Монгол Улс сансарт өөрийн орон зайтай болж, тусгаар тогтносон улсын баталгаа, бэлгэ тэмдэг болж байгаа явдал юм. Үүнээс гадна зөвхөн нэг дагуул хөөргөөд зогсохгүй удаа дараагийн тусгай зориулалтын  хиймэл дагуул бүтээж хөөргөх мэргэжилтнээ тасралтгүй бэлтгэх эхлэл болж байна” гэдгийг тодотгов.

Мөн тэрбээр Монгол Улсад сансар, огторгуй хиймэл дагуулыг хөгжүүлэх нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой гэдгийг хэлж байлаа. Манай улс хэрэв сансраас өндөр нарийвчлалтай мэдээлэл богино хугацаанд авч чадвал ой хээрийн гал түймэр, эрэл хайгуул, цас зуд, аюулт шуурга, аянгат бороо, үер зэрэг байгалийн гамшгийн үед  тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах үр ашигтай.
Мөн цөлжилт, ойн ургамлын өвчнөөс сэргийлэх, ургамлын гарц, хөрсний чийгшил зэрэг хөдөө аж ахуйд  үнэтэй мэдээллийг цаг хугацаанд нь авч дамжуулбал малчид, тариаланчдаас эхлэн шийдвэр гаргагчдад үнэтэй мониторингийн мэдээлэл болох юм. Эдгээр мэдээллийг өөрсдийн хүссэн хугацаандаа, хүссэн газар нутгийн хүрээнд авч чаддаг байх нь улс орны хувьд онцгой ач холбогдолтой аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд