top banner

"Говь" үйлдвэрийн гал түймэртэй холбоотой байж болзошгүй 8 хүнийг байцаан шалгаж байна


2017-06-19 16:37:48
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ “Говь” компанийн агуулах, үйлдвэрийн дээвэр галд өртсөн явдал  тав хоногийн өмнө гарсан. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн  нэгдүгээр  хэлтсийн дарга С.Хүрэлбаатараар ахлуулсан 40 хүний баг хэргийн газарт тасралтгүй үзлэг хийж, гал юунаас үүдэлтэй вэ гэдэг дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргаад байна. 
Тодруулбал, тус барилгын дээвэрт засварын ажил хийж байсан ажилчид, борооны дусаал гоождог хэсгийг хар цаасаар давхарлаж, хар лакыг хайлуулахдаа газ ашиглан ил гал гаргажээ.Тэндээс гарсан газны хий нь агааржуулалтын хоолойд хуримтлагдаж, цагийн дараа утаа болон уугьж, гал гарсан байна. Барилгын дээврийн баруун хойд талаас гарч эхэлсэн гал нь агааржуулалтын хоолойд хуримтлагдсан газны хийнээс үүдэлтэй гэх дүгнэлтэд хүрчээ. Ажлын хэсэгт цагдаагаас гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн газрын шинжээч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын байцаагч нар болоод “Тэнгэр” даатгал, “Монгол” даатгал компанийн төлөөлөл багтжээ.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн  хэлтэс  гал гарсан объектын дээвэр дээр засвар хийж байсан 8 хүнээс байцаалт ч авсан байна. Тэд хар лак хайлуулахаар хийн газаар ил гал гаргаснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэд засвар хийхдээ гал гаргаж байсан, тэднийг явснаас нэг цагийн дараа “Говь” үйлдвэрийн барилгын дээврийн баруун хойд хэсгээс утаа уугьж эхэлснийг хажуугийн барилгын гэрчүүд мэдүүлсэн байна.

Ж.Батсайхан

Монгол брэнд