top banner

Наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг ажлын хэсэг олгоно


2017-06-19 16:29:26
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зөвшөөрлийн материалыг нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэст хүлээн авч эхэлжээ.
Зөвшөөрөл хүссэн материалыг зургадугаар сарын 27-ны өдрийг хүртэл авах бөгөөд 28-29-ний өдрүүдэд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, 30-ны өдөр олон нийтэд нээлттэй зарлах аж. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл хүссэн материалыг дүүрэг хүлээн авч, зөвшөөрлийг дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас гарсан ажлын хэсэг сонгон шалгаруулж олгоно гэсэн үг юм.
Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрөл, Хүй долоо худагт хуушуурын 210, худалдааны 110 зөвшөөрөл олгохоор болсон. Хоол үйлдвэрлэл явуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжид олгох аж. Харин худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа, айраг, зайрмаг, бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэх юм байна.
Н.Туяа 

Монгол брэнд