top banner
Шуурхай мэдээ

“Фүкүшима-1"-ийн реакторыг робот-загасны тусламжтайгаар шалгаж үзнэ


2017-06-19 15:30:51
Зураг
ТОКИО./TASS/. Японы “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын /АЦС/ гуравдугаар реакторыг шинээр зохион бүтээсэн робот-загасны тусламжтайгаар шалган үзэх ажээ. Уг робот-загас усан доогуур явж, шаардагдах хэмжилт хийж чадах төдийгүй эрчим хүчний блокийн хамгаалалтын бүрхүүл доторх байдлыг камерт бичиж чадна. Уг шинэ аппаратыг Ёсосүка хотод туршин танилцуулжээ.

Уг робот гаднах байдлаараа загастай төстэй ба урт нь 30 см, голч нь 13 см бөгөөд нэг секундэнд 4 см хурдтай явдаг байна. Энэ аппарат нь хэд хэдэн камер, цацраг хэмжигч болон бусад мэдрэгчүүдээр тоноглогджээ. Шинэ аппаратын цуглуулах мэдээлэл нь гамшгийн үр дагаврыг арилгахад маш чухал байгаа юм.

Үүнээс өмнө янз бүрийн төрлийн роботуудыг нэгдүгээр болон хоёрдугаар реакторт ашиглаж байсан боловч төдийлөн үр дүнтэй байгаагүй аж. Цацрагийн хэмжээ их байсан учраас эдгээр аппаратууд даалгавраа биелүүлж чадаагүй байна.
О.Барс 

 


Монгол брэнд