top banner

Чихээ мөнгөөр бөглөгсдийн нүдэнд хүргэх үгс


2017-06-14 16:31:17
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Америкт нэг хүн боловсон жорлонд бие засчихаад усаа татахад Африкт хэн нэгэн тэр хэмжээний ус дутагдсанаас харангадаж үхэж байна. Дэлхий дүүрэн ус цэлэлзэж байхад хатаж үхэж байдаг азгүй хар негрүүд вэ гэж үү? Харамсалтай нь цэнхэр нүдэн гаригийн маань нийт усны дөнгөж 2.5 орчим хувь нь цэвэр ус бөгөөд түүний ихэнх нь газрын гүний мөнх цэвдэгт түгжигдсэн байдаг юм. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн үзэж байгаагаар дэлхийн гадаргуу дээрх болон газар доорх цэвэр усны нэг хүрэхгүй хувийг хүмүүс хэрэглэх боломжтой. Хамгийн бүдүүлгээр харьцуулж хэлэхэд юмкость дүүрэн уснаас ганцхан дусал нь л бидэнд оногдоно гэсэн үг. Хүн төрөлхтөн ундандаа хэрэглэх ёстой мөнөөх ганц дуслаа амь шигээ хайрлаж хамгаалан хэмнэж гамнаж байхад харин Монголчууд түүгээр нь алт угааж байна.
Монгол улс байгалийн зүй тогтлын хувьд усны нөөцөөр хомсхон орон. Монгол Оросын эрдэмтэд манай орныг 609.5 шоо км усны нөөцтэй хэмээн тогтоосон. Нийт нөөцийн 1.96-хан хувийг эзэлж буй газрын гүний усыг нийгэм тэр аяараа ашиглаж байна. Сүүлийн арван жилд Монгол улс уул уурхайг хөгжлийнхөө тэргүүлэх чиглэл болгосноос үүдэн гадаргын болон гүний ус, мөнх цэвдгийн тогтвортой байдал өөрчлөгдөж Африкийн орнуудын адил усгүй ирээдүй тосч болзошгүй нь хэмээн гадны эрдэмтэд манайд байнга анхааруулсаар ирлээ. Өнөөдрөөс 10 гаруй жилийн өмнө НҮБ-ийн эксперт Пётер Марриот “Монголын эрчим хүчний зарцуулалт хөгжилтэй орнуудынхаас 1.5 дахин илүү, усны зарцуулалт Америк, Германаас 50 хувиас дээгүүр байна” гэсэн дүгнэлт хийснийг Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай “Үндэсний аюулгүй байдалд экологийн эзлэх орон зай” өгүүлэлдээ онцолж байсан. Аливаа улс орон “Эрүүл мэнд үү, эд баялаг уу” гэсэн асуултад хариулсныхаа дараа хөгжлийн машиныхаа түлхүүрийг эргүүлдэг юм гэсэн. Үүний өмнө машинаа сайтар судалдаг ажээ. Бодлогоо тодорхойлоогүй тохиолдолд үйл ажиллагаа ямагт зөрчил саадтай учирдаг нь хөгжлийн машиныхаа түлхүүрийг хөшиж байгаад хугалж байгаатай адил хэрэг л дээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгаль экологид бодит аюул нүүрлээд байгаа билээ. Энэ нь Монгол оронд ч сүүдрээ тусгаж олон улсын эрдэмтдийн тооцооллоор, агаарын температурын хэм нэмэгдэхийн хэрээр Монгол орны гадаргын усны ууршилт 2020 онд 39-66 мм, 2050 онд 50-72 мм, 2080 онд 106-193 мм болж мөстөлт эрчимтэй хайлна гэжээ. Ингэснээр монголчууд усны өлсгөлөнд нэрвэгдсэн Африкийн гашуун тавиланг давтах юм. Хамгийн харамсалтай нь хариуцлагагүй уул уурхайн цэцэглэлт энэ хэвээр үргэлжилбэл дээрх тооцоолол цаг хугацааны хувьд наашлан маргаашийн сүйрэл өнөөдөр болж мэдэхээр байна. Аврагдах арга төлөвлөгөөгөө ч зохиож амжихгүй нь.
Хүний эрх хөсөр унаж амандаа алт цутгуулан нүд аних ирээдүй л хүлээж байна гэсэн үг л дээ. Хүний амьд явах эрх бол төрөлхийн заяамал эрх юм. Ямар ч тохиолдолд тухайн хүнээс булаан авч болдоггүй эрхийн нэг. Хүн төрмөгц л амьд явах эрх нь үйлчилж эхэлдэг. Хүний амьд явах эрх өөрөөсөө үл шалтгаалсан байдлаар зөрчигдөж байгааг хараад дуугүй суух эрх сэтгүүлчдэд л лав байхгүй. Тиймээс л цаасан дээр ч болов “хашгирч” суугаа минь энэ.
Бассейны усаар үйлдвэрлэл явуулах ёстой уул уурхай Монголд өнөөдөр гадаргын болон гүний усыг ашиглаж байгаа нь ч бүүр дүүрч. Хамгийн эвгүй нь төрийн нэгдсэн бодлогогүйгээс цэвдгийн тархалттай газруудаас олборлолт хийж, тухайн бүсэд обьект суурилуулан үйлдвэрлэлээ явуулж байгаа нь жинхэнэ нөхөн төлөгдөшгүй сүйрэл юм. Дэлхийд мөнх цэвдэгтэй газарт 1700 гега тонн метаны хий бий. Хүлэмжийн хийний нэг төрөл. Одоо агаарт байгаагаас гурав дахин их. Цэвдэг хайлж эдгээр хий агаар мандал руу алдагдвал дулаарал маш их болно. Метаны хий нь нүүрсхүчлийн хийнээс 72 дахин их хэмжээгээр дэлхийг дулааруулдаг.
Саяхан Монгол улсын ШУА-ын Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрхлэгч доктор А.Дашцэрэн 5-р цахилгаан станц байгуулах хонхорт очиж хээрийн судалгаа хийсэн гэнэ лээ. Мөнх цэвдэгтэй газар л даа. Тэр газарт Дулааны цахилгаан станц байгуулагдана гээд бод доо. Нэг га талбайд нэгхэн метрийн зузаантай мөнх цэвдгийг хууллаа гэхэд ойролцоогоор 2,5 сая төгрөгтэй тэнцэх усыг хог дээр хаяж байна гэсэн үг. Гантай жил ургамлууд эрчимт эмчилгээний кислородоо мөнх цэвдгийн чийгнээс авдаг тул цэвдгийг хөрсний уснаас илүү хайрлан хамгаалах ёстойг эрдэмтэн А.Дашцэрэн хичээнгүйлэн тайлбарлана билээ.

Газрын хэвлийгээс олборлож буй ашигт малтмалаас хамгийн их хэмжээтэй нь нүүрс, газрын тос, алтны аль нь ч биш, харин ус ажээ. Бид хатуу ашигт малтмалаас бараг 40 мянга дахин их хэмжээний усыг олборлож ашигладаг. Усгүйгээр ажилладаг салбар гэж байхгүй. Манай улс усны судалгаанд цаг хугацаа, хөрөнгө зарсан ч олигтой үр дүнд хүрч чадахгүй байна. Учир нь шинжлэх ухаан нь нэг байтал геологи, гидрогеологи хоёрыг салгаж өөр яамдад харьяалуулснаас судалгааны уялдаа, цогц байдал алдагдаж энэ нь эргээд экологийн сүйрэл хэмээх амилсан чөтгөрийн дүрээр ард түмний аюулгүй байдал, амьдрах орчин руу халдаж эхэлсэн. Өмнө нь геологи, гидрогеологи хоёрыг нэг яам хариуцаж байхад судалгааны ажил цогцоороо хийгддэг байсан бол одоо гидрогеологийн судалгааг геологитой уялдуулж хийхгүй байгаагаас усны салбарынхан ажлын тайлан бичихдээ геологийн асуудлыг номноос хараад хуулах төдий оруулж байгаа тухай Олон улсын гидрогеологичдийн холбооны гишүүн, ШУ-ны доктор Н.Батсүх нэг удаагийн ярилцлагандаа дурдсан байсан. Монгол улсад гидрогеологийн нэгдсэн бодлого байхгүй тухай шүүмжилдэг энэ хүн  Монгол орны нутаг дэвсгэрт 1:200000-ны экологи-гидрогеологийн судалгааг хийх хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлж байсан. Нэгэнт л бид газрын хэвлийн усаа бараг 100 хувь ашиглаж байгаа учраас улсын төсвөөр 1:200 000 экологи-гидрогеологийн судалгаа хийж зураг зохиох хэрэгтэй юм. Ингэснээр бид шинжлэх ухааны үндэстэйгээр усны асуудлаа мэдэх боломжтой болно.
Хариуцлагагүй үйлдвэрлэл гэдэг бол эх байгалийнхаа элгэнд шааж буй мэс бөгөөд хутгаа хуйнд нь байлгахыг эрдэмтэд дэлхий нийтэд уриалсаар байгаа. Харин хүнд үйлдвэрийн салбарт бизнес эрхлэгчид бол чихээ мөнгөөр бөглөдөг хүмүүс. Хүн төрөлхтөнийг айлгаж буй дэлхийн дулаарал байгаль экологийг сүйрүүлэхийн зэрэгцээ хүний мөсийг хайлуулж эхэлсэн нь өнөө цагийн хамгийн гашуун сүйрэл юм.
Хүн гэдэг амьтан айх аюулгүй, эрүүл саруул, баян тансаг амьдрах эрхтэй. Энэ эрхээ хангахын тулд хөгжих хөлжих хэрэгтэй. Гэтэл аливаа хөгжлийн хөлд байгаль экологи гишгэгдэж хохирч байдаг. Энэ нь эргээд “Эрүүл мэнд үү, эд баялаг уу” гэдэг асуулт дээр ирж золгодог. Хүрзнийхээ ишнээс атгахын өмнө хүний эрхийг эргэцүүлж байж л бүгдээрээ урт насалж удаан жаргана даа.
 
Сэтгүүлч Б.Занданхүү 
 
 

Монгол брэнд