top banner
Шуурхай мэдээ

Инновацийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэх Хятад орон


2017-06-08 09:45:17
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс орнуудын хөгжил, шинэ бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд инноваци хэмээх үг нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ.

Инноваци нь шинэ санааг баялаг болгон хувиргах үйл явц юм. Дэлгэрүүлбэл шинэ тоног төхөөрөмж үйлдвэрлэх санаа гаргаж, түүнийгээ үйлдвэрлэж, борлуулах явдал юм. Энэ чиглэлээр дэлхийд тэргүүлж буй томоохон орнуудын нэг нь урд хөрш. Тиймээс урд хөршид шинээр үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж, инновацийн хөгжилтэй танилцахаар Монголын 47 сэтгүүлч өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 06-нд БНХАУ-д айлчилсан юм.

2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин манай оронд айлчлах үедээ Монголын 250 сэтгүүлчийг эх орондоо айлчлахыг урьсан. 2015, 2016 онд тус бүр 50 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг БНХАУ-д айлчлаад байсан юм. 2017 оны буюу бидний явсан гуравдугаар баг “БНХАУ-ын инновацийн хөгжилд анхаарлаа хандуулъя” сэдвийн дор долоо хоногийн айлчлал хийж, 10 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцсаныг доор товчлон хүргэе.

Биднийг өнгөрсөн сарын 31-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Олон улсын нисэх буудалд газардахад “Чайна рефорт” сэтгүүлийн орлогч редактор Зао Жун, Олон улсын харилцааны хэлтсийн захирал Ван Руй Шиан, сэтгүүлч Гуо Мон, Зан Яан болон Өвөр Монголын их сургуулийн физикийн багш Д.Цэцэнбаатар нар угтлаа. Д.Цэцэнбаатар бидний орчуулагчаар ажилласан юм.

Биднийг онгоцноос буунгуут Бээжин хотын төв талбай болох Тян Ань Мэний талбайг зорилоо. Автобусанд явах зуурт Ван Руй Шиан Бээжин хотын талаар товч танилцуулав. Юань улсын үед Хубилай цэцэн хаан Хятадын нутагт орд харш цогцлоон барьж, хамгаалалтын суваг татан байрлаж, "Дайду" буюу их нийслэл хэмээн нэрлэсэн өдгөөгийн Бээжин. Энэхүү хот эдүгээ Хятадын түүх, соёл, аялал жуулчлалын төв болон хөгжиж, 20 сая гаруй хүн аж төрж байгаа юм.  Эл хотод түүх соёлын үндэсний зэрэглэлийн хамгаалалтанд орсон дурсгалт газар 23, эртний сүм хийд 2666, эртний соёлын буурь 51 байна. 20 сая гаруй хүн амтай аж.



Харин Тян Ань Мэний талбай 440 мянган шоо метр хэмжээтэй бөгөөд нэг сая хүн багтана. Энэ нь дэлхийн хотууд доторхи хамгийн том өргөн чөлөө. Манай тооллоос өмнөх 770 оноос улбаатай, Юань улс, Мин улс болон Чин улс бүгд Бээжинд төвлөрч, 34 хаан энд зарлиг тушаал буулган, бүх Хятадыг захирч байсан үнэхээр арвин түүхтэй. Талбайн эргэн тойронд Ардын Их Хурлын Ордон, Хятадын Хувьсгалын Музей, Хятадын Түүхийн Музей, Ардын Баатруудын Хөшөө, Мао Зэ Дунийн Дурсгалын Ордон зэрэг үндэстний онцлог бүхий орчин үеийн барилгууд байрлах аж.

Маргааш нь буюу энэ сарын 02-нд сэтгүүлчид БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны удирдлагуудтай уулзалт хийж, санал бодлоо солилцов. 2016 онд Хятадын инновацийн судалгааны санхүүжилт 1 их наяд, 550 тэрбум юань зарцуулсан бөгөөд энэ нь дэлхийд дэд байранд орох хэмжээний хөрөнгө оруулалт гэдгийг Хятадын Инновацийн хороон дарга  Жан Ши танилцуулав. Тус улс сансрын пуужин бүтээх, хиймэл дагуул нисгэх, газрын гүнийг судлах, далайн ёроолд шумбах шумбагч онгоц зэрэг технологийн шинэ ололт амжилтанд суурилсан томоохон төслүүдийг инновацийн хөгжилд суурилан  амжилттай хэрэгжүүлж чадсан гэдгийг тэрбээр онцлоод ойрын хугацаанд дэлхийн тэргүүлэгч орон болох зорилт тавин ажиллаж буйг дурьдав. Мөн газар тариалан, аж ахуйд инновацийн хөгжлийг нэвтрүүлж, Бээжин, Шанхай зэрэг том хот болон бүх хятадад 16 инновациййн паркийг нээн ажилуулж байгаа аж. Шинжлэх ухаан, технологи инновацийн хөгжилд зарцуулж байгаа нийт зардлын 70 хувийг аж ахуйн нэгжүүд, 22 хувийг төрөөс санжүүлэх, үлдсэн 8 хувийг бусад эх сурвалжаас санхүүжүүлдэг аж. Түүнчлэн дэлхийн өнцөг буланд  мэргэжил эзэмшин, инновацийн хөгжилд товойм амжилт гаргаж байгаа  хятад улсын залуу эрдэмтэн судлаачдыг эх орондоо ирж ажилахыг уриалан цалин болон ахуй амьдралын баталгаагаар ханган ажиллуулж байгаа хэмээв.



Дараа нь бид Бээжин хотын Шинжлэх ухаан, технологийн хороогоор зочлон, бодлого, төсөл хөтөлбөртэй танилцлаа.  БНХАУ-ын санаачилсан  “Нэг бүс-Нэг зам” бол бүтээн байгууллатын, шинэчлэлтийн замаас гадна хамтаараа урагш хөгжих зам хэмээн тус улсын дарга Ши Жиньпин хэлсэн байдаг. Энэ хүрээнд Монгол Улстай инновацийн хөгжлийн талаар хэрхэн  хамтран ажиллах талаар бодлого гаргаж байгаа хэмээн тус хорооны дэд дарга Ву Жиан Мин хэллээ. Тус хорооноос Монгол Улстай хамтарсан судалгааны лаборатори байгуулах, эрүүл мэндийн салбар болон их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллахаар төлөвлөж байгаа аж. Хөрш орны хувьд байгаль орчин, мал аж ахуй, газар тариалан, хот төлөвлөлт, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр зэрэг олон чиглэлд хамтран ажиллах боломжууд нээлттэй байгаа, цаашид эдгээр чиглэлд хоёр улсын холбогдох байгууллагууд хамтран анхааран ажиллах нь зүйтэй хэмээсэн юм.

Сэтгүүлчид үдээс хойш Бээжин хотын Жунь Гуань Цунь үндэсний инновацийн  үлгэр жишээ үзэсгэлэнгийн төвөөр зочиллоо. Энэ төвд Хятадын шилдэг аж ахуйн нэгжүүдийн бүтээсэн шилдэг тоног төхөөрөмжүүдийг байрлуулсан байна. Тухайлбал, 3D принтерийг нэрлэж болох юм. Энэхүү принтер бүх тусгай тоноглол бүхий бээлийгээр скайнардаж компютерт оруулсан бүх төрлийн хатуу бүтээгдэхүүнийг загвар хэмжээ болон ижил жинтэйгээр хэвлэх хүчин чадалтай. Энэхүү принтерээр хүний яснаас эхлээд байлдааны онгоцны сэлбэг хэрэгсэл хүртэл хэвлэх боломжтой аж. Мөн элсээр хийсэн явган хүний замын хавтан үйлдвэрлэсэн байна. Энэхүү хавтан нь борооны усыг шууд доошоо хөрс рүү нэвтрүүлдэг байна. Эсхүл хавтангийн доор ус цуглуулах хоолой байрлуулж, доошоо нэвтрүүлсэн усыг дахин ашиглах боломжтой аж.



Мөн хүний мэдрэлийн систем буюу тархины гэмтэл, өвчинд дурангийн хагалгаа хийх төхөөрөмж байна. Уг төхөөрөмж нь өвчтөний тархины хэсгийг скайнардаж, өвчин байгаа хэсгийг нарийвчлан тогтоож, улмаар хагалгаа хийх төлөвлөгөөг зохиодог байна. Энэхүү төхөөрөмжөөр хагалгаа хийхэд нэг цаг гучин минут шаардлагатай бөгөөд толгойны хэсгийг ердөө 2 мм-ийн хэмжээтэй цоолж, бүх төрлийн хагалгаа хийх юм. Төхөөрөмжийг Бээжингийн эмнэлгүүд эмчилгээнд ашиглаж эхэлжээ. Түүнчлэн эрдэнэ шишийн иш болон бусад ногооны хаягдлаас хий гаргаж авах төхөөрөмж, ус төрөгчөөр ажилладаг автомашин, хүүхэд саатуулж, үлгэр ярьж, дуу дуулж, зураг зурж өгөх робот зэргийг энэхүү төвийн үзэсгэлэнгийн танхимаас харж болохоор байв.

Мөн лед дэлгэц, видео судалгааны чиглэлийн Ли Яа Дэ компанийн үйл ажиллагаатай танилцлаа. 2500 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж буй тус компани хамгийн жижиг дэлгэцээс эхлээд бүхий л хэмжээний лед дэлгэц, нүдний шилгүй 3D телевиз, видео тоглоом үйлдвэрлэдэг аж.

Маргааш нь буюу зургадугаар сарын 02-нд Бээжинд очсон баг ГХЯ болон МСНЭ гэсэн хоёр хэсэгт хуваагдав. ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал П.Баярмагнайгаар ахлуулсан баг Гуанжоу, Шиньжин хотыг зорьсон бол МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридаар ахлуулсан баг Ханжоу, Нингбо хот руу хүлгийн жолоо заллаа.

Миний хувьд ГХЯ-ны багт багтаж, Гуандун мужийн Ганжоу хотыг зорив. Тус хотод мужид бид “Гуандун радио групп”, болон “Нанфан” мэдээллийн группийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Гуандун радио групп” нь АТМ, касс болон чек шалгах төхөөрөмж үйлдвэрлэгч. Тус группын бүтээгдэхүүн хурд болон аюулгүй байдлаараа дэлхийд тэргүүлдэг тул 80 гаруй орон худалдан авч ашигладаг байна. Тухайлбал тус байгууллагын үйлдвэрлэсэн АТМ-ээс өөрийн дансандаа мөнгө хийхэд бүх мөнгөн тэмдэгтийн сериал дугаарыг тэмдэглэн авч, хадгалдаг аж. Түүнчлэн банкны карт захиалах төхөөрөмжийг онцолж болно. Энэхүү төхөөрөмжид үйлчлүүлэгч нь иргэний үнэмлэхээ уншуулж, шаардлагатай мэдээллийг бөглөснөөр хэдхэн минутын дотор банк орохгүйгээр карт нээлгэж болно.

Дараагийн өдөр буюу зургадугаар сарын 03-нд бид “Нанфан” мэдээллийн группийн үйл ажиллагаатай танилцсан. 8 сонин, 9 сэтгүүл, 14 цахим хуудас эрхлэн гаргадаг тус байгууллага давхар мужийнхаа төрийн байгууллагуудын цахим хуудсыг хийж, зарим мэдээ, мэдээллийг нь бэлтгэн нийлүүлдэг. 10 орчим мянган сэтгүүлч, орчуулагчтай тус групп зөвхөн төрийн байгууллагуудын цахим хуудсанд өдөрт 5 мянган мэдээ, мэдээлэл бэлтгэн нийлүүлдэг аж. Дээр дурдсан сонин, сэтгүүл, цахим хуудсаараа дамжуулан 183 сая 635 мянга гаруй иргэнд өдөр тумын мэдээ, мэдээллийг шуурхай хүргэдэг байна.



Манай багийн аяллын хөтөлбөрт Wechat группын үйл ажиллагаатай танилцах байсан ч тус байгууллага их засвар хийж байгаа тул нэвтэрч чадаагүй ч дараах мэдээллийг хөтчөөч тодруулсан юм.

 БНХАУ-д Фейсбүүк болон твиттер зэрэг олон нийтийн сүлжээг ашиглах хориотой. Тиймээс Wechat групп анх дотоодын иргэддээ зориулж  2015 онд wechat хэмээх дотоодын олон нийтийн сүлжээ зохион бүтээснийг эдүгээ дэлхийн 900 сая орчим хүн ашиглаж байгаа юм. Хятадын иргэдийн амьдралын салшгүй хэсэг нь Wechat болжээ. Энэхүү сүлжээгээр хоорондоо харилцахаас гадна Wechat Pay аппликейшнээр дамжуулан дэлгүүр, таксины төлбөр төлөх, буудал захиалах, дугуй түрээслэж унах зэрэг бүхий л газарт төлбөр тооцоогоо хийдэг байна. Wechat-ийн нийт хэрэглэгчдийн талаас илүү хувь нь Pay аппликейшнийг ашиглан төлбөр тооцоогоо хийдэг аж.



Хөтөлбөрийн дагуу бидний дараагийн зогсоол Шиньжин хот байв. 18 сая хүн амьдарч буй энэхүү хот 35 гаруй жилийн түүхтэй. Гэсэн хэдий ч хот байгуулалт, эдийн засгийн хөгжлөөрөө Бээжин, Шанхай, Гуанжоу хотын дараа орох том хот. Шиньжин хот 1980 онд анх байгуулагдахдаа 270 сая юаньтай тэнцэх ДНБ-тэй байсан бол 35 жилийн дотор 951 тэрбум болтол өсчээ. Энэ нь тус хотыг техник, технологийн төв болгох Хятадын Засгийн газрын бодлоготой салшгүй холбоотой. Дэлхийн ухаалаг гар утасны 70, суурин компютерийн 90, агааржуулагчийн 80 хувь нь энэ хотод үйлдвэрлэгддэг гэсэн тоо баримт  хөгжлийг илтгэнэ гэдгийг Шиньжин хотын Засаг даргын тамгын газрын Гадаад сурталчилгааны газрын удирдлагууд танилцуулав.

Мөн биднийг тус хотын Инновацийн шинэчлэлийн хорооны Төрийн бодлогын дарга Рао Мин Хуй хүлээн авч уулзав. Тэрбээр, Шиньжин хотын хөгжлийн дөрвөн тэргүүлэх чиглэлийг танилцуулав.

Нэгдүгээрт тус хот дүүргүүдээ газар зүйн байрлал, хүн амын нягтаршил зэргээр нарийвчлан судалж, тодорхой бүсүүдэд ангилдаг байна. Тус хот үйлдвэрлэлийн дүүрэг, улс төрийн дүүрэг, инновацийн дүүрэг, худалдааны дүүрэг хэмээн ангилан жишиг бүс болгох бодлого баримтлан хөгжүүлдэг байна. Тухайлбал, Нансан дүүргийг инноваци, технологийн дүүрэг болгохоор хөгжүүлж эхэлжээ. Өдгөө тус бүсэд 300-гаад технологийн компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ инновацийн бүсэд үйл ажиллагаа явуулахын тулд өндөр шаардлага, стандарт хангасан байх ёстой байдаг аж. Шаардлагыг хангаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн компанийг төрөөс санхүү, төсвийн хувьд маш сайн дэмждэг байна. Ингэснээр компаниудын өрсөлдөх чадвар нэмэгдэж, бүтээгдэхүүний хөгжүүлэлт ч сайжирдаг байна. Тухайлбал, амжилттай ажилласан аж ахуйн нэгжийн татварыг буцаан олгох, хөнгөлөх, түрээсийг багасгах гэх мэт.



Хоёрдугаарт гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа сайн боловсон хүчнийг эгүүлэн татах бодлого. Сайн боловсон хүчин улс орны хөгжлийн нууц гэдэг зарчмаар Шиньжин хот гадаадад ажиллаж, амьдарч байгаа, сурч байгаа боловсон хүчнийг татах бодлогыг хэрэгжүүлж, суурь судалгааны зардал, амьдрах орчин, хангамжийг маш сайн дэмжиж өгдөг байна. Иймдээ ч  цагаачдын хот гэж нэрлэсэн бөгөөд 30 жилийн дотор хүн ам нь 30 дахин өссөн байна.

Гуравдугаарт суурь судалгааны төв байгуулах бодлого. Томоохон их сургуулиудыг зөвхөн суурь судалгааны төв болгон ашигладаг нь энэ хотын хөгжлийн бас нэгэн тулгуур. Судалгааны төв, лабораториудаа байгуулахдаа бусад орны жишгийг харгалзан үзэж, хамтарч ажилладаг. Тухайлбал, Нобелийн шагналтын хүртсэн эрдэмдтийг урьж туршлага судлах, судалгааны лаборатори, инновацийн төв байгуулах гэх зэрэг шат дараалсан бодлогыг хэрэгжүүлдэг байна. Нэг үгээр хэлбэл, суурь судалгаанд маш их хөрөнгө, санхүү зарцуулдаг аж.

Дөрөвдүгээрт Старт ап буюу гарааны компани. Шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж буй гарааны компаниудад чиглэсэн олон бодлого авч хэрэгжүүлдэг бөгөөд тэдгээрийн нэг нь 500 сая юанийн төсөл ажээ. Үнэхээр шилдэг бүтээгдэхүүний санаа, шийдэл гаргасан бол түүнийгээ хөгжүүлж, үйлдвэрлэхэд нь эхлэл хөрөнгө болгож 500 сая төгрөгийн төсөл олгодог байна. Гэхдээ энэ нь бусдаас онцгой, шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадсан тохиолдолд маш өндөр шалгууртай олгогддог байна.

Ийнхүү БНХАУ-ын инновацийн хөгжил, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан долоо хоногийн айлчлал өндөрлөж, энэ сарын 6-нд эх орондоо ирэв.

Ч.Ариунболд

Монгол брэнд