top banner

Монголд дахин ирнэ гэж ирсэн жуулчид ам бардам хэлдэг, шинэ жуулчдыг бид нүүр бардам угтдаг болохсон


2017-06-02 17:30:29
Зураг
Монгол улсад 2016 онд 404,239 жуулчин иржээ. Үүнийг 2015 онтой харьцуулах юм бол  17,952-оор нэмэгдсэн байна. Ирсэн жуулчдыг бүс нутаг улс орон тус бүрээр нь авч үзвэл Ази Номхон далайн бүсээс 231,350, европоос 150,418 ирсэн байна.  Ирсэн  жуулчид  манай эдийн засагт 312 817 514 ам доллар орхиод буцжээ.

Аялал жуулчлалын улирал манай улсад ердөө гураван сар үргэлжилнэ. Оргил үе нь Улсын баяр наадам. Энэ үеэр  үндэсний бөхийн барилдаан, сур харваа, морин уралдааныг бидний нэгэн адил үзнэ.Гэрэл зураг авна бичлэг хийнэ. Ирсэн жуулчдыг гаднаас нь харахад маш тодорхой байдаг. Харин тэд ямар ойлголттой буцдагыг хүн бүр мэдэхгүй. Өнгөрсөн жил ирсэн жуулчдын 28 хувь нь дахин ирэхгүй гэж хэлсэн тухай албан бус мэдээлэл  хэвлэлүүдээр үзэгдэж байна. Тэгвэл 70 хувь нь монголд дахин ирэх магдлалтай гэж үзэж болох нь ээ. Жил бүр бага боловч өсөлт энэ салбарт гарч байгаа нь ингэж хэлэх үндэслэл боллоо.

Аялал жуулчлал нь  эдийн засаг, эклоги, хүн судлал, түүх газарзүй, социологи, менежмент, сэтгэл зүй, хууль зүй мэдээлэл технологи, урлаг, соёл судлал  гэх мэт хүний танин мэдэхүйн өргөн хүрээнд явагддаг тул ямар нэг бие даасан шинжлэх ухаан биш юм. Харин эдгээр шинжлэх ухаан, ёс заншил, уламжлал, зан үйлийг  өөртөө шингээсэн асар өргөн хүрээний ойлголт.  Өргөн  хүрээний ойлголтын тулах цэг нь  хүн хоорондын  харилцаа юм билээ. Хүн хоорондын харилцаа нь бие даасан салбар болон хөгжихдөө  хамгийн аз жаргалтай бизнес  болон хувирсан гэнэ. Энэ бизнес тав тухтай орчин, найдвартай түнш, эвсэг найрсаг таатай орчныг шаарддаг. Ийм орчин байхгүй нөхцөлд хөгждөггүй эмзэг бизнес  гэж мэргэжилт -нүүд үздэг юм билээ.

Манай улсын аялал жуучлалын салбар албан ёсоор 1954 онд үүссэн жар гаруй жилийн түүхтэй.  Анх төрийн өмчит “Жуулчин” компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Өдгөө уг салбарт 600 гаруй тур оператор компани, 370 зочид буудал, 300 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа  явуулж, нийт 50 мянга гаруй хүн ажиллаж  дотоодын нийт бүтээгдэхүүний 3,2 хувийг нийлүүлэх болсон байна.  
Аялал жуулчлалын  бизнэс бусад бизнесээ бодвол хамгийн олон ажлын байр бий болгодог  онцлогтой,  дэлхийн 10 ажлын байр тутмын нэг нь тус салбарт  хамаардаг. Харин нэг жуулчин хүлээн авахад 20 ажлын байр идэвхждэг гэсэн  олон улсын байгууллагын судалгаа бий.

Монголд ирсэн жуулчдын хувьд нүүдлийн мал аж ахуй, таван хошуу мал,  тэмээ хомноод гэрээ ачаад нүүдэг, малаа сааж сүүгээ хөөрүүлэн өрөм байлгах, сүүгээр тараг бүрэх, хооромогоо буцалган аарц улмаар ааруул болгох зан үйл малчин түмний амьдарлын хэв маяг дэлхийн аль ч өнцөгт дахин давтагдахгүй зүйл л дээ. Гэхдээ бид энхүү онцлогоо жуулчдын нүдийг хужирлах  бүтээгдэхүүн  болгож чадаж байгаа болов уу. 

Хөдөөгийн амар амгалан орчноос гадна нийслэл хот, уламжлалт шашины хүрээ хийдийн барилгын өвөрмөц дүр төрх,  худалдаа наймааны , газрууд, үйлчилгээний хэлбэр, дэлгүүр хоршоо, гудамж талбай, шөнийн амьдрал бүхэлдээ жуулчны нүдэнд  бие даасан  соёл болон харагдана. Монголын говь, хангайн бүсүүд өөр өөрийн онцлогт тохирсон баяр наадам урлагын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал тогтож байна. Өмнөговь аймагт  “Сайханы сарлаг 2017” сарлагын баяр боллоо. Үүнийг дотоодын 1500, гадаадын 60 жуулчин үзсэн аж.

Аялал жуулчлал Монгол улсын хувьд сүүлийн жилүүдэд хүрээгээ тэлж байгаа шинэ салбар. Энд хэлэхэд ололт байгаач түүнээс дутахгүй их алдаа дутагдал байгааг хэлэх хэрэгтэй. Иргэдийн хувьд гадны мөнгөтэй жуулчнаас хэдэн ногоон салгана гэдэг өөдгүй сэтгэлгээнээсээ салахгүй байна. Энэ сэтгэлгээнээсээ бид салаагүй нөхцөлд тус салбарыг хөгжсөн гэж хэлэх боломжгүй. Аялал жуулчлалын салбарыг  илүү өндөр түвшинд хөгжүүлж байж бид эндээс илүү ихийг олно. Энэ салбарыг хөгжихөд төрийн байгууллагаас гаргаж байгаа шийдвэрүүдээс илүү хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж өгөхгүй байгаа нь хамгийн том тээг бул хар чулуу болох юм.

Монгол Улсын нэрээр  жуулчид хилийн дээс алхаж, жуулчны баазын үйлчилгээ, иргэдийн зан харилцаанаас манай аялал жуулчлалын хөгжлийн түвшинг дүгнэнэ. “Монголд дахин ирнэ” гэж зорин ирсэн жуулчид ам бардан хэлж, шинээр ирэх жуулчныг монголчууд  нүүр бардам угтаж чаддаг болох юмсан даа. Ийм болох боломж хэзээ ирэх нь энэ салбарынхны мэргэжил, урчадвар мэрийлт, төрийн бодлогоос шалтгаалах болов уу.
 
                                                                                                                                                                           .Г. Эрдэнэбат
:

Монгол брэнд