top banner

Япон улсаас олгох 850 сая ам.доллараар санхүүжилтийн урсгал үргэлжилнэ


2017-06-02 12:35:56
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсыг чиглэх санхүүгийн урсгал эрс нэмэгдэж байна.

Монгол Улсад ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн нийт санхүүжилтийг 5.5 тэрбум ам.доллар байхаар тооцож, баталсан юм.

Багц санхүүжилтийн салхийг хагалж, хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний өдөр Монгол Улсын төлбөрийн тэнцлийг дэмжих, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд зориулан 38.6 сая ам.долларыг ОУВС-гаас Монголбанкинд шилжүүлсэн. Үүгээр зогсохгүй уг 38.6 сая ам.долларыг ОУВС-гаас улирал тутамд олгож байхаар тохирчээ. Монгол Улсын гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 1.2 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа бөгөөд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд энэ оны эцэст 1.6 тэрбум, 2020 онд 4 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байгаа тухай Монголбанк мэдээлсэн. Хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас нийт 314.5 сая зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын санхүүжилтээр дэмжих болсон нь ийнхүү орж ирж эхлээд байна.

Анхны санхүүжилтийг үргэлжлүүлэн Азийн хөгжлийн банкнаас 250 сая ам.долларын Бодлогын зээл олгохоор болж, эхний хэлэлцээрүүдэд энэ долоо хоногийн лхагва гарагт Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын дарга Аюуми Кониши нар гарын үсэг зурж баталгаажуулав. Азийн хөгжлийн банкнаас “Өртөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 900 сая ам.доллар Монгол Улсад олгохоор тооцоолж байсан ч тавдугаар сарын 30-нд хуралдсан тус банкны Захирлуудын зөвлөлийн хурлаар 450 сая ам.доллараар нэмэгдүүлж, нийт 1.35 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор баталсан юм.

Санхүүжилтийн дүнг ийн өсгөсөн нь Азийн хөгжлийн банк ирэх дөрвөн жилд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийг баталсантай холбоотой бөгөөд Түншлэлийн стратеги хэрэгжих хугацаанд тус банкнаас нэг жилд ойролцоогоор 300 орчим сая ам.долларын зээлийн санхүүжилт олгож байхаар болов. Үүний тал орчим хувь нь бодлогод суурилсан зээл байхаар мөн тохиролцоод байна. Энэ долоо хоногт баталгаажуулсан Бодлогын зээлийн хэлэлцээрүүдийн ээлжийн санхүүжилт болох 200 сая ам.доллар ирэх саруудад Монголд орж ирэх бол 50 сая ам.долларыг нь энэ оны сүүлээр олгох аж.

Санхүүжилтийн урсгалыг Япон улсаас олгох 850 сая ам.доллар үргэлжлүүлэх бөгөөд хэлэлцээрийг 6, 7 дугаар сард багтаан эцэслэхээр Сангийн яамнаас зорьж байгаа юм. Хэрэв хэлэлцээр батлагдвал 2017 онд 300-425 сая ам.доллар Япон улсаас орж ирэхээр тооцжээ.

Мөн энэ онд Дэлхийн банкнаас амалсан 600 сая ам.долларын 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл нь орж ирэх бөгөөд БНСУ-аас авах 500 сая ам.долларын төслийн санхүүжилт энэ онд мөн эхлэх төлөвтэй байна.



“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн багц санхүүжилтийн томоохон хэсэг бол БНХАУ-ын Ардын банк, Монголбанк хооронд байгуулсан своп хэлэлцээрийг 2 тэрбум ам.доллараар сунгах явдал юм. Тэгвэл энэ хэлэлцээрийг мөн 6, 7 дугаар сард багтаан явуулахаар талууд тохиролцоод байгаа аж.

ОУВС-гийн багц санхүүжилтээс гадна Монгол Улсад хөрөнгө оруулахад бэлэн болсон, сонирхлоо илэрхийлсэн хэд хэдэн улс байгаа юм. Тодруулбал БНЭУ-ын “Экспорт импорт” банкнаас олгох 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг энэ лхагва гарагт УИХ-аар соёрхон батлаад байна. Хэлэлцээрийг ийн баталснаар Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой барих ажил эхлэхэд саадгүй болов. Манай улс Газрын тос боловсруулах үйлдвэртэй болсноор жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулан 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийж, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байгаа юм.

Үүнээс гадна БНХАУ-ын “Эксим” банк 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн болсон бөгөөд Австри, Польш улс, Германы хамтын ажиллагаа зэрэг олон улс, байгууллага Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахаа илэрхийлжээ. Мөн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /AIIB/ 2017 онд багтаагаад хоёр төсөлд санхүүжилт олгоход бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсад хөрөнгө оруулагчдын сонирхол, итгэл сэргэж, Монголыг чиглэх санхүүгийн урсгал ийн эрчимжиж байна. Үүнийг даган гарах олон сайн мэдээний нэг нь санхүүгийн рейтинг тогтоодог "Фитч" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В-Тогтвортой” ангилалд хадгалан үлдээснээ зарлав. Зээлжих зэрэглэлийг сайжруулж, тогтвортой байдлыг хадгалснаар Монгол Улсын гадаад дахь үнэт цаасны хүүг буулгах боломжтой болж байгаа аж. Мөн ЗГҮЦ-ийг дотоодод борлуулах санхүүгийн хэрэгцээ огцом багасч, хүү нь мөн буурч байна. 

Ийнхүү эхэлж буй хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт Монгол Улсад орж ирснээр эдийн засгийн өндөр, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах орчин бүрдэж, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд голлох дэмжлэг үзүүлэх юм. Хэрэв “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийг Монгол Улс амжилттай хэрэгжүүлж чадвар -0.2 хувийн /2017 он/ өсөлттэй байсан эдийн засаг 2018 онд 1.8 хувь, 2019 онд 8.1 хувьд хүрэх боломжтой гэж тооцож байна.

Н.Гантуяа

Монгол брэнд