top banner
Шуурхай мэдээ

Хүүхэд насанд хүргэдэг Хаяао Мияазаки өвөө


2017-06-01 17:02:05
Зураг


Дэлхийн бүх л хүүхдүүд Америкийн “Walt disney” хэмээх хүүхэлдэйн кино бүтээдэг, алдартай стиудыг хайрладаг. Тус газартай Японы алдартай анимэ бүтээгч Хаяао Мияазакигийн “Studio Ghibli”-г харьцуулж болно.

"Би логикоор кино бүтээдэггүй. Оронд нь би далд ухамсарынхаа гүнд нэвтрэх гэж хичээдэг. Ингэснээр нүд нээгдэж, тэс өөр санаа, дүр зургууд гарч ирнэ. Би тэднийг ашиглан кино бүтээдэг. Гэхдээ ингэх хэрэггүй ч байж магадгүй. Яагаад гэвэл сэтгэлийнхээ гүнд байгаа зүйлсийг гаргаад ирэхээр нийгэм дунд амьдрахад хэцүү болчихдог юм" хэмээн алдартай найруулагч Хаяао Мияазаки хэлж байсан удаатай. Түүний бүтээлүүд хүүхэд насны мөрөөдөл, дурсамжинд хадгалагдан үлдсэн хэнд ч ярьж байгаагүй төсүүллүүдийг амилуулж өгдөг. Магадгүй хүүхдийн зохиол, төрөл бүрийн үлгэрийн номууд ихээр уншдаг байсан нь Мияазакид нөлөөлсөн болов уу.

Кинонууд нь бодит байдлаас илүүтэйгээр фантастик, төсөөллийн зураглал, үйл явдал голдуу дүрслэгддэг боловч тэрээр  бодит ертөнцөөс хэтэрхий ихээр тасрах нь дэмий зүйл гэж үзсэн юм. Ер нь оршихуйгаас өөр оршихуйд шилжиж, өдөр тутам тохиолддог нэг хэвийн бодит ертөнцөөс бага зэрэг холдож, дотоод сэтгэлийн гүн дэх ертөнцөөрөө аялаж үзэх нь тийм ч муу зүйл биш гэдгийг Мияазакигийн анимэнүүд харуулсан юм.

Ингээд хүүхэд бүрийн дуртай Мияазакигийн дөрвөн киног танилцуулж байна.

Миний хөрш Тоторо

Анимэ үзэх дуртай хүүхэд багачуудын дунд Тоторог мэдэхгүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Монголын хүүхэд багачууд “Боролдойн цаг” нэвтрүүлгийн цагаан морьтой хүүд дуртай байдаг шиг Япон орны хүүхэд бүр Тоторог хайрладаг. Киноны үйл явдал нь хөдөөгийн бяцхан сууринд нэгэн залуу, хоёр охиныхоо хамт нүүн ирснээр эхэлдэг. Ээж нь ойролцоох эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд удаан хугацаагаар эзгүй хойгуур хоёр охин нь ээжийгээ ихэд санан бэтгэрэх ч гэлээ хүүхэд юм хойно инээж хөөрч, гүйж явах бөгөөд энэ аз жаргалтай байдал киноны туршид тасрахгүй хөвөрдөг.

Орчуулагч, кино судлаач Ж.Тэгш-заяа “Бороон дунд аавынхаа ирэх автобусыг тосон буй охины дэргэд Тоторо ирээд чимээгүй зогсоод хамтдаа хүлээдэг мөч бол анимегийн түүхэн дэхь хамгийн сэтгэлд хоногшим, өхөөрдөм, шидэт зураглал гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ” хэмээн бичсэн байдаг. Хүүхдийн гэнэн боловч мөрөөдөмтгий чанар нь хамгийн сайхан түүхийг бүтээдэг гэдгийг “Миний хөрш Тоторо” киноноос харж болно.

Нүүдэлч шилтгээн

Мияазакигийн хамгийн алдартай, нөр их хөдөлмөр шингэсэн гайхалтай бүтээлүүдийнх нь нэг бол “Хаулын нүүдэлч шилтгээн” хэмээх анимэ юм. Дайан Уин Жонсийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн тус кино өдгөө ч Японы хамгийн их ашиг орлого олсон киноны нэгт тооцогддог. Оскарт шилдэг хүүхэлдэйн кино төрлөөр нэр дэвшиж байснаас нь үзэхэд ямархуу чансаатай бүтээл болох нь илт мэдрэгдэнэ.

Залуухан бүсгүйг нэгэн шулам хөгшин эмэгтэй болгон хувиргаснаар ид шидийн нууцыг тайлж, урьдын төрхөндөө орохын тулд аян замд гарна. Гэхдээ тэр хаашаа явах тухай толгой гашилгаж суугаагүй бөгөөд шууд Хаулын цайзыг олохоор явна. Гэвч цайз хүн бүхэнтэй тааралдаад байдаггүй билээ. Гэтэл нэг мануухай гарч ирэн зам зааж өгөх ба цайзад аваачдаг. Тус цайзад илбэчин Хаул болоод түүний туслах хүү, бас нүд амтай гал байдаг.

Өгүүлэмжийн хувьд ойлгоход бэрх ч гэлээ Мияазаки угаас товч тодорхой, бүх утга санаа нь ил байдаг бүтээлд дургүй хүн шиг санагддаг.  Үзэгчийн өөрийн уран сэтгэмж киноны үйл явдалтай хослож чадвал таны бодсоноос илүү төгс бүтээл болох нь ойлгогдох болно.

Кикигийн хүргэлтийн үйлчилгээ

Энэхүү киноны санааг Японы зохиолч Эйко Каданогийн романаас авсан байдаг. Кики бол хүүхдүүдийн хамгийн хайртай шулам бөгөөд охин хотод нүүн ирж, нисдэг шүүрийнхээ тусламжтайгаар хүргэлтийн үйлчилгээ үзүүлснээр үйл явдал өрнөнө. Шүүрээ ганцаар унадаггүй бөгөөд хайртай, өхөөрдөм хар муур нь үргэлж хамт явдаг. Японы өсвөр насны охидын эцэг эхээс хамааралтай байх болон бие даасан байдлын заагийг тус кинонд хөндөн үзүүлсэн тухайгаа Миязаки ярьсан байдаг.



“Поссо Роко”, “Хаулын нүүдэлч шилтгээн”, “Тэнгэрийн цайз” зэрэг маш олон кинонд нь нислэг гардаг. Ерөөс Миязаки нисэх дуртай, эрх чөлөөг эрхэмлэдэг нэгэн шиг санагддаг юм. Салхит хөндийн Наусика болон Кики охины дүр хоорондоо ижил төсөөт чанартай. Хоёулаа сониуч, цэвэр нинжин сэтгэлтэй бөгөөд бусдад туслах, шалтгаангүйгээр хайрлах нь аз жаргалтай амьдралыг бий болгодог гэдгийг тэд мэднэ.

Мононокэ гүнж
 
Киноны үйл явдал Мүромачигийн эрин үеийн сүүлчээр өрнөнө. Залуу дайчин Ашитака ойн савдгууд болон ойн нөөц баялгийг ашиглах гэсэн хүмүүс хоорондын тэмцлийн гэрч болно. Гэхдээ тэр аль талд бат зогсох ёстой вэ гэдгээ сайн ухамсарлана. Учир нь байгалыг эвдэж сүйтгэхээс илүүтэй хайрлан хамгаалах учиртай гэдгийг тус кино сургамжилдаг. Байгалыг эвдэн сүйтгэж өөрсдийн сууцыг барихаас илүү байгалиа хайрлаж, түүнтэй уусан нэгдсэн орон гэрийг бий болгох тухай төгсгөл хэсэгт өгүүлэгддэг.

Японы ард түмэн байгаль амьтай гэсэн маш их сүсэг бишрэлтэй бөгөөд бүхий л зүйлс амьтай, тэдэнд сүнс бий гэдэгт итгэдэг. Энэхүү үзлийн нөлөөгөөр Мияазакигийн анимэшн кинонууд хүн ба байгалийн хоорондох харилцаа, тэдний эвлэршгүй тэмцлийг өргөнөөр харуулдаг.  

Хаяао Миязаки өөрийн аниме бүтээх багийхны хамт эртний ой мод, уул толгодоор аялаж, тэндхийн байдлыг нүдээр үзэж зургандаа буулгасан гэсэн баримт бий. Мөнхүү анимэгийн ихэнх хэсгийг гараар зурсан бөгөөд тун яльгүй хэсэгт компьютер график ашигласан гэнэ. Миязаки тус киног бүтээх явцад зурагдсан 144,000 зургийг нэг бүрчлэн өөрөө шалгаж, 80,000-ыг нь ахин зурсан гэдэг. Онгон дагшин байгалын сүр хүч, уул усны эзэн савдагуудыг сэтгэлд хоногштол буулгаж чадсан “Мононокэ гүнж” бол Миязакигийн хамгийн оргил бүтээл нь гэж судлаачид үздэг.

Ойн хамгаалдаг ариун сүнснүүд үзэн ядалт, өшөө хорслоо дийлэлгүй түүндээ идэгдэх юм бол хамаг биеэс нь өт язагнан цухуйж буг чөтгөрт хувирдаг. Эмиши удмын хан хүү Ашитаки тийм нэгэн буг чөтгөр тосгон руу нь дайрах гэж буйг харснаар замаас нь тосон тулалдаж кино эхэлдэг.

Харамсалтай нь Ашитаки чөтгөрийг дарах ч гэлээ нэг гартаа хараал хүргэчихдэг бөгөөд хараалыг тайлж, амиа аврах аргыг олохоор тосгоноосоо явдаг. Ийнхүү аян замд явах зуур ариун сүнсүүд, хүн хоорондын дайнд татагдан орно. Моро хэмээх аварга, цагаан чонон дүрт ариун сүнсний өргөж авсан охин Санд дурлаж  ариун сүнс, хүн хоёрын аль ч талд нь оролгүйгээр хэн хэнийг нь зогсоох гэж зүтгэнэ. Гэвч хүмүүс ойн тэнцвэрийг хадгалж, ариун сүнснүүдийн амьдрал үхлийг шийдэж байдаг буга дүрт ойн бурхны толгойг цавчиж орхидог. Ашитак өөрийн дурласан Санаа үхлийн аюулаас аварч, хамтдаа хүмүүсийн гараас тасарсан толгойг нь авч ойн бурханд эргүүлэн өгснөөр цэцэг ногоо дэлгэрч, тосгон сүйрэх, хүмүүс үхэх аюулаас аврагдсанаар үйл явдал төгсөнө. Гэхдээ тэдний хоорондын дайнд ялагч гэж байсангүй. Угаас аль нэг тал нь заавал ялж байж төгсдөг кино хийх шаардлагагүй шүү дээ.

Тэгээд ч “Хүүхдүүдэд зориулсан кинонд бүгдийг дахиад шинээр эхлэх боломж байгааг харуулдаг. Харин насанд хүрэгчдэд зориулсан кинонд бодит байдлыг өөрчлөх боломжгүйг өгүүлдэг. Ийм 2 төрлийн киноны цорын ганц ялгаа нь энэ юм шүү” гэж Миязаки өгүүлсэн байдаг. Өөрийгөө гутранги үзэлтэй нэгэн гэж тэрээр тодорхойлсон бөгөөд хэчнээн гунигтай, хэцүү амьдралыг баатрууд нь даван тууллаа ч гэсэн бүх кино  нь аз жаргалтай төгсдөг юм даа.
Б.Алтанхуяг

Монгол брэнд