top banner

Монголоо дэлхийд таниулж буй уран бүтээлчид


2017-05-23 23:01:45
Зураг

“Уран хас”-ын эзэн

Монголынхоо нэрийг дэлхийн кино урлагийн тавцанд өндөр өргөж яваа залуусын нэг бол найруулагч Б.Үйзэнмаа юм. Түүнийг монголын кино сонирхогчид “Уран хас” бүтээлээр нь андахгүй мэднэ. Харин гадаадын кино үзэгчид, мэргэжлийн судлаачид “Над руу ингэж битгий хар”, “Khuyagaa”, "Thos", "Spider Beach" кинонуудаар нь сайн мэднэ.

Б.Үйзэнмаа 1984 оноос хойш Германд амьдарч буй бөгөөд Мюнхений кино урлагийн дээд сургууль төгссөн юм. “Над руу ингэж битгий хар” кино нь түүний дипломын ажил байсан бөгөөд тус бүтээлээрээ 2016 онд болсон Германы 37 дахь удаагийн “Бавар”-ын кино наадамд оролцож “Шилдэг залуу найруулагч”-аар шалгарсан юм. Мөн уг кино нь “Олон улсын кино шүүмжлэгчидийн холбоо”-ны нэрэмжит шагналыг хүртсэн билээ. Тэрбээр киноныхоо найруулагчаар ажиллахаас гадна Хэди гэх охины гол дүрийг бүтээсэн байдаг. Тиймдээ ч Б.Үйзэнмааг алдартай найруулагч төдийгүй, гайхалтай жүжигчин болно гэдэгт олон хүн итгэдэг.

Тус кинонд “ЛГБТ” хүмүүсийн тухай гарах ба тэдгээрийг нийгмээс тусгайлан ангилах ёсгүй гэх сэдвийг хөндсөн байна. Мөнхүү найруулагч Б.Үйзэнмаа шагнал авах үеэрээ “Би эрх чөлөөтэй хүн. Яагаад гэвэл би хэнийг ч үзэн яддаггүй” гэсэн Германчуудын сэтгэлийг улам ихээр догдлуулсан гэдэг.

Монгол бүсгүйн цагаахан сэтгэлийг тайзан дээрээс ийнхүү харуулж чадсан тэрээр юунд ч үл хязгаарлагдах задгай сэтгэлгээтэй нэгэн гэдгээ киногоороо хэдийн тунхаглаад амжсан уран бүтээлч билээ. Өнгөрсөн жилүүдэд л гэхэд Испани улсад болсон “REC” олон улсын кино наадмаас “Онцгой санаа”, Азийн кино наадмаас “Хамгийн ирээдүйтэй уран бүтээлч” гэх шагналуудыг хүртсэн юм.

Аливаа уран бүтээлчийн тойрон хүрээлэлд нууцаар дүүрсэн хуйвалдаант орон зай оршдог. Харин Б.Үйзэнмаа хэнийг ч үзэн яддаггүй гэх үгээрээ тэрхүү орон зайн хуйвалдааныг үгүй хийж чадсан. Монгол хүний мөн чанар, урлагийн үнэ цэн юунд оршдог вэ гэдгийг ухаарч, таньсан хувийн орон зайгаа хадгалж чаддаг нь түүний онцгой зан араншинтай гойд зохицдог. Хамгийн гол нь “би ийм сэдвээр кино хийнэ” гэж дотроо төсөөлөн бодсон л бол түүнийгээ Б.Үйзэнмаа заавал хэрэгжүүлдэг.

Хискогийн графити бүр “Монгол” сэдэвтэй

Графити урлагийн төрөл эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед Австралийн Мельбурн хотноо ажиллаж, амьдардаг, уран бүтээлч Х.Хоснаранг мэдэхгүй уншигчид цөөхөн болжээ. Мэдээж түүний нэрийг ой санамжиндаа тогтоож аваагүй ч гэлээ уншигч та зургуудыг нь хаа нэгтээ үзсэн юм уу, хальт хараад өнгөрсөн гэдэгт итгэлтэй байна.

Найзууд нь түүнийг Хиско гэж дууддаг бөгөөд зураач маань графити зурж эхлээд найман жил болж буй юм. Улаанбаатар хотын 23 дугаар сургуулийг төгссөн тэрээр 1999 онд Австрали улсыг зорьж очсон үеэс хойш өдгөө 18 жилийг ардаа орхижээ. 2014 онд “Digital Ink” компаниас зохион байгуулсан “Ink Festival”-д урилгаар ирж оролцож Австрали, Сингапур, Солонгос, Хавай, Филиппинийн нэртэй уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байв.

Тэрбээр Мельбурн, Сидней хотуудад зургаан удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргасан юм. Х.Хоснарангийн ихэнх графити зургууд нь монгол үндэсний зан заншил, хувцаслалтын онцлогыг орчин үеийн хөгжилтэй хослуулсан байдгаараа онцлогтой. Тийм дээ ч гадаадын жуулчид, иргэдийн сонирхлыг ихээхэн татаж буй.











Сэтгэлийн жигүүр

Хүнд бус шувууд л далавчтай байдаг гэх ойлголт урлагийн шинэ хэлбэрүүд үүсч хөгжиснөөр үгүй болсон. Хүнд хүсэл мөрөөдөлдөө хүрэх, хязгааргүй оргил рүү тэмүүлэх сэтгэлийн дотоод хүч гэж бий. Үүнийг нь “жигүүр”-тэй зүйрлэж бичсэн олон арван кино зохиол, өгүүллэг, тууж, дүрслэн бүтээсэн уран зургууд бий.
Дотоод сэтгэлдээ жигүүр урлаж, урлагийн тэнгэрт дүүлэн нисч яваа хүмүүсийн нэг бол балетчин Г.Хосбаяр. 12 настай байхдаа л балетаар хичээллэж, ямар хүнд хэцүү урлаг болохыг нь яс махандаа тултал мэдрээд уйлж зогссон хүү өнөөдөр дэлхийд монголоо сурталчилж явна.

СУИС-ийн Соёл, урлагийн менежментийн ангийг бакалавр зэрэгтэй дүүргэсэн тэрбээр 2008 онд Японд зохион байгуулагдсан бүжгэн жүжгийн тоглолтонд оролцох урилга авснаар ажил үйлсийн гараа, уран бүтээлчийн замналаа жинхэнэ утгаар нь эхлүүлж тус улстай аж амьдралаа холбосон юм. Өдгөө тэрбээр эхнэр Майко Сүгаварагийн хамт Японд суурин амьдарч байгаа ч гэлээ эх орондоо ирэх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа дурдсан нь бий.

Г.Хосбаяр Японы “Асами Маки балет”, “Комаки балет”-уудад бүжигчнээр ажиллаж буй бөгөөд түүнийхээ хажуугаар өөрийн гэсэн хувийн “Майко балет” нэртэй сургуулийг нээгээд хоёр жил болж буй юм. Уг сургууль нь Иватэ муж болон Токио хотод хоёр салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

“Тайзан дээр гарах бүрт минь Ган-Үүрийн Хосбаяр гэж дуудахад өөрөөрөө нууцхан бахархдаг” хэмээн хуучилж байсан тэрбээр балетын сургуульдаа багшилж, өсвөрийн шилдэг бүжгэн жүжигчдийг бэлтгэж байна. Мэдээж Япон улс балетын шалгуурыг дээд зэрэглэлийн өндөр хэмжээнд авч үздэг нь тодорхой. Ямартаа ч Г.Хосбаяр тэр шалгуурыг давж гарсан дэлхийн олон орны балетчидаас авьяас чадвараараа шалгарч үлдсэн хүмүүсийн нэг юм.

Баатарлаг тоглогч

Хэрэв уншигч та кино урлагт хайртай, жинхэнэ үзэгч бол Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа орлон тоглогч Н.Цогтсайхныг андахгүй мэдэх биз ээ. Одоогоор тэрбээр орлон тоглогчоос гадна Холливудын олон алдартантай хамтран ажиллаж, дэлхийн хэмжээний томоохон кинонуудад туслах дүр бүтээх болсон юм.

Холливудын олон кинонд туслах дүр болон орлон тоглогчоор ажиллаж яваа Н.Цогтсайхан Унгар улсад ажиллаж амьдардаг. Тэрбээр бидний сайн мэдэх “47 ронин”, “Хатуу самар-5”, “Aurora borealis”, “Марсын иргэн”, “Марко Поло”, “Да Винчи код”, “Инферно” зэрэг олон алдартай кинонд Ази залуугийн “баатарлаг” дүрийг бүтээсэн нэгэн. Мөн өнгөрсөн онд шинээр үйлдвэрлэгдсэн Германы “Renault” автомашины нүүр царай болсон юм.

Өндрөөс нисч, үсэрч харайж, сэлэм жадаар гавшгай тулалдсан үзүүштэй хэсэгт тоглосон жүжигчний чадвар биширмээр харагддаг. Харин Н.Цогтсайхан үүнийг ямарч тулааны ур чадвар эзэмшсэн жүжигчнээс дутуугүй хийж гүйцэтгэдэг учир найруулагчдын хараанд өртсөн байна.

Цаашид Холливудтай хамтарч ажилладаг студи байгуулахаар төлөвлөж байгаагаа дурдсан түүнд мөрөөдөлдөө хүрэх жаахан зай бий. Магадгүй “алхам төдий зай” ч үлдээгүй байж мэднэ. Учир тэр хэдийн монголоос гаралтай чадварлаг Ази жүжигчин гэдгээрээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдчихсөн юм. Энтони Хопкинс, Брюс Уиллис, Мэт Дэймон, дуучин Селена Гомез, реппер 50 цент нартай хамтран ажиллаж байсан бөгөөд эл бүх алдартнууд түүний танил билээ.

 
Б.Алтанхуяг

Монгол брэнд