Хоршоологчид үйлдвэр байгуулахаар ажиллаж байна

PDF version

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 150 орчим өрх нэгдэж, "Баянгичгэнэ" хоршоог 2011 оноос байгуулан эсгийний үйлдвэрлэл хийж эхэлжээ.

Өдгөө тус хоршооныхон сумын хэрэгцээний бүтээгдэхүүнийг бүрэн хангаж бүсийн хэмжээнд үйл ажиллагаагаа хүргэж байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд сум, аймгийн хүн амын тоо харьцангуй хурдацтай өсч, ард иргэд ч үндэсний уламжлалт цагаан эсгийгээр хийсэн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь нэмэгдэж байгаагаас үүдэн тус хоршооныхон Эсгийний үйлдвэр болгон өргөтгөхөөр ажиллаж байгаа аж.

Тус хоршоо нь гишүүдийнхээ хөрөнгө оруулалтаар эсгий, эсгийн эдлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авч, зургаан хүнийг байнгын ажлын байраар хангажээ. 

Сонирхуулахад, Баянцагаан сум нь Улаанбаатар хотоос 900 км, Баянхонгор аймгийн төвөөс 245 км алслагдсан, 3500 орчим хүн амтай. Аймгийн ИТХ-ын шийдвэрээр 2002 оноос эхлэн Баацагаан, Шинэжинст, Баян-Өндөр сумыг хамруулсан Амарбуянт бүсийн төв сум болон хөгжиж байна.

                                                                                                                                    Б.Мөнхзул