Гурван сумын мал эмнэлгийнхэн унаатай боллоо

PDF version

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянцагаан, Галуут, Жаргалант суманд 2014 оноос хойш хэрэгжиж буй Хөдөө аж ахуйн маркетинг төслөөс тус сумдын мал эмнэлгийн аж ахуйн нэгжүүд, мал эмнэлэг үржлийн тасагт дуудлага үйлчилгээнд зориулан японы мотоциклуудыг хүлээлгэн өглөө.

Хөдөө аж ахуйн маркетинг төсөл Баянхонгор аймагт 2017-2017 онд хэрэгжихдээ хүнсний ногооны 13, малын эрүүл мэндийн 11, мал үржлийн 6, малын тэжээлийн 4, нийт 34 дэд төслүүдэд 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний үр дүнд төсөл хэрэгжиж буй сумдад 2016 онд 254.1 га-д тариалалт хийж, 129.7 тонн төмс, хүнсний ногоо, 418 тонн ногоон тэжээл, 151 тонн хадлан олон наст нийтдээ 698.7 тонн ургац хураан авсан байна. Хоршоод эл ургацаас 92.5 сая орчим төгрөгийн борлуулалт хийжээ.

Мөн малын удам угшлыг сайжруулах чиглэлээр төслийн таван суманд 6 дэд төслийн хүрээнд 205 хуц, 255 ухна, 650 эм хонь, 200 эм ямаа ниыт 1310 цөм сүргийн мал нийлүүлсэн байна. Энэ удаагийн 9 ширхэг мотоцикль нь мал эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд бодитой дэмжлэг болж байгааг сумдын мал эмнэлгийн хамт олон хэлж байлаа. 

                                                                                                                               Б.Мөнхзул