Өсвөрийн аврагчид ур чадвараараа өрсөлдлөө

PDF version

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн сургуулиудын Өсвөрийн аврагч клубуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, сэтгэл зүй, бие бялдарыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Өсвөрийн аврагч-2017” тэмцээн гурав дахь жилдээ амжилттай явагдлаа.

Тэмцээнд Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 6 сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Спортын бүрэн дунд сургууль, Алтанбулаг, Зүүнбүрэн, Шаамар сумдын ЕБС, Дулаанхаан тосгоны ЕБС, Шаамар сумын МСҮТ зэрэг 13 сургуулийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Өсвөрийн аврагч тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Баатар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер Н.Баянжаргал нар оролцон хүүхдүүдэд сурлага спортын өндөр амжилт хүссэн юм. Тэмцээнд 10 хүүхдийн бүрэлдэхүүнтэй 13 баг саадтай зурвас, аврах ажиллагаа, эмнэлэгийн анхны тусламж, мэдлэг сорих асуулт, гал сөнөөгчийн иж бүрэн хувцас өмсөх зэрэг 4 цэг дээрх өгөгдсөн даалгаварыг биелүүллээ. Тамирчид эдгээр өгөгдлүүдийг гүйцэтгэн нийт 4 км зам туулан өрсөлдсөнөөс багийн дүнгээр Сүхбаатар сумын ЕББД 5-р сургуулийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, үүрд хадгалагдах цом, өргөмжлөл, алтан медалийн эзэд боллоо. Удаах байруудад Сүхбаатар сумын ЕББД 2-р сургууль, Дулаанхаан тосгоны ЕББД сургуулийн баг тамирчид тус тус шалгарч шагналын эзэд болов.

Тэмцээнд оролцсон багийн хүүхэд бүр, бэлтгэж оролцуулсан багш нарыг урамшуулсан нь энэн удаагийн тэмцээний онцлог байлаа. Сүхбаатар сумын баяр наадмын талбайд зохион байгуулсан уг тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгууллаа.

Ч.Отгонцэцэг