Уулбаян суманд мал төллөлт 60 гаруй хувьтай байна

PDF version

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Уулбаян сум 2016 оны жилийн эцсийн өрх хүн ам, малын тооллогоор 847 өрх, 2873 хүн ам, 135108 толгой мал тоолуулжээ.Тус суманд одоогоор бод малын төллөлт 48 хувьтай, бог малын төллөлт 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Нийт хээлтэгч малын 60 гаруй хувь нь төллөжээ.

“Манай сумын хувьд өвөлжилт сайхан болж өнгөрлөө. Бичин жил гэдэг утгаараа малчид маань өөрсдийн бэлтгэлээ маш сайн хангасан байсан. Цас багатай сайхан цаг байсан, дээрээс нь малчид маань ч бэлтгэл сайтай байсан учир өвлийг өнтэй давж, хавартайгаа золгоод байна. Ханш нээгээд удаагүй байхад газар чийгтэй, ногоо ургаж эхэлсэн, цаг агаарын байдал таатай байна. Мал төллөлт маш сайн явагдаж байгаа. Нийт хээлтэгч малын 60 гауй хувь нь төллөөд байна. Гэхдээ сумын хэмжээнд төллөх мал тоо энэ онд буурсан. Учир нь бичин жилийн өвөл хүнд болно гэсэн ойлголтоор малчид малаа зарж борлуулах, зарим төллөх эх малаа үржилд оруулалгүй өнжөөсөн тал их ажиглагдаж байна. Одоо урин цаг ирлээ гээд бид тайвширч болохгүй. Хаврын тэнгэр хартай гэдэг. Хаваржилтийн бэлтгэлээ бас базааж байна. Одоогоор нөөцөнд 58 тонн өвс байна. Цаг хүндэрвэл малчиддаа нийлүүлэхэд бэлэн...” гэдгийг Уулбаян сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Ж. Соёлсүх хэллээ.

Бичин жилийн босгон дээр Уулбаян сумаас Монгол Улсын гавъяат малчин нэг, Улсын аварга малчин нэг, Алтан унаганы эзэн нэг, Аймгийн авраг амалчин нэг төрөн гарсан гээд хөдөө аж ахуйн салбарын хувьд амжилт арвинтай жил болсоныг онцолж байлаа.

Т. Одончимэг