Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар унаатай боллоо

PDF version

Төв /МОНЦАМЭ/. Эмнэлгийн анхны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэхэд тулгарах бэрхшээлтэй байдлыг арилгаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах үүднээс Төв аймгийн 26 сум, Өрхийн эрүүл мэндийн төвийн 57 багийн эмч нарт мотоцикль гардуулав.

Өнгөрсөн оны 12 сарын 13-ны өдөр Анхан шатны нэгжид ажиллаж байгаа  багийн  эмч нарт эрүүл мэндийн Сайдын албан даалгавар, стандарт, удирдамжийн хэрэгжилтийг хангах, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, эх, хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр чадваржуулах сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм.

Уг сургалтын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд 57 багийн эмчид олгох мотоциклийн батламжийг гардуулсан юм. Үүний дагуу “Дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдөр"-өөр аймгийн 26 сумын 57 багийн эмчид шинэхэн мотоциклийг хүлээлгэн өглөө.

Арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэн, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ч.Болормаа болон аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Т.Есүхэйтөмөр