“Зохиол-Миний нүдээр” сэдэвт илтгэлийн уралдаан боллоо

PDF version

Төв /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Зохиол-Миний нүдээр” сэдэвт илтгэлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд  21 сургуулийн ахлах ангийн  23 хүүхэд оролцож мэдлэг ур чадвараараа өрсөлдлөө.

Амьдралаас зөв зүйлийг тусган хүлээн авч, хариуцлага хүлээх чадвар нэмэгдэж, уран сайхны торгон мэдрэмжтэй, аливаа асуудлыг ялгаж салган таних ач холбогдол бүхий уг уралдаанд оролцсоноор өөрийн үзсэн зүйлээ зөв болон үнэн гэж өөртөө итгэлтэйгээр ярих, бусдыг яриандаа татан оролцуулах чадвар нэмэгдэнэ хэмээн Нацагдоржийн нэрэмжит Төв аймгийн нийтийн номын сангийн дарга А.Ням-Од ярилаа.

Илтгэлийн тэмцээний гуравдугаар байрыг Алтанбулаг сумын ЕБС-ийн сурагч Л.Гэрэлчимэг, Цээл сумын ЕБС-ийн сурагч М.Одгэрэл, Зуунмод сумын тавдугаар сургуулийн сурагч Н.Мөнхсолонго, нар эзэлсэн бол дэд байрыг Угтаалцайдам сумын сурагч Б.Балжинням, Батсүмбэр сумын сурагч Н.Рамеонгүль нар тус тус шалгарчээ. Харин шилдэг илтгэгчээр Хүмүүн ахлах сургуулийн сурагч С.Лувсанравдан шалгарав.

Уран зохиолын задлал хийх арга зүй, үгийн арвин баялаг сантай зохиолоос иш татан жишээ баримттайгаар, яруу сайхнаар ярьж илтгэх чадварыг нь дээшлүүлэхэд тус уралдааны зорилго оршиж байгаа гэж Батсүмбэр сумын ЕБС-ийн Монгол хэл уран зохиолын багш Б.Баяржаргал онцолсон юм.

Амьдралаас зөв зүйлийг тусган хүлээн авч, хариуцлага хүлээх чадвар нэмэгдэж, уран сайхны торгон мэдрэмжтэй, аливаа асуудлыг ялгаж салган танихад  уг илтгэлийн тэмцээний ач холбогдол оршиж байгаа аж.

Т.Есүхэйтөмөр