Д.Амаргараг багшийн шавь нар ахин амжилт гаргав

PDF version

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн Монгол бичгийн багш Д.Амаргараг сурагчдынхаа хамтаар Зүүн бүсийн Монгол бичгийн олимиадад амжилттай оролцоод иржээ. Түүний бэлтгэсэн гурван шавь нь тэргүүн, дэд, тусгай байруудыг хүртсэн бол өөрөө мөн багш нарын төрөлд тусгай байрын  шагнал хүртсэн байна.

Д. Амаргараг багшийн шавь А.Мөнхтөр 10 дугаар ангийн төрөлд нэгдүгээр байр, Ө. Ундармаа 12 дугаар ангийн төрөлд дэд байр, Б.Батсолонго Сайхан бичигтэн төрөлд анги дэвшин оролцож тусгай байранд шалгарсан амжилт гаргажээ. Ийнхүү Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн багш сурагчид тус олимпиадад хоёр дахь удаагаа аваргалж байгаа нь энэ юм.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, АБТА, Ц. Цэрэндаш агсны нэрэмжит Зүүн бүсийн Монгол бичгийн олимпиад 03 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулагдсан. Тус олимпиадад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 400 орчим багш сурагчид оролцжээ. Харин Сүхбаатар аймгаас гурван сургуулийн 30 гаруй багш сурагч зорин очиж оролцсон байна.  

Энэхүү олимпиад нь энэ жил 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм байна.

Т. Одончимэг