Хяналтын камерын дүрс бичлэг шаардлага хангахгүй байна

PDF version

Дундговь/МОНЦАМЭ/ Гэмт хэрэг зөрчлийг илрүүлж, бууруулах зорилгоор аймгийн төвийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд камерын хяналттай болж байгаа нь сайн хэрэг боловч дүрс бичлэгийн хувьд чанарын шаардлага хангахгүй байна.

Орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө гаргаж, Мандалговь хотын гудамж талбайд 60 гаруй камер суурилуулж, нийтийн хэв журмыг хянадаг болсон. Камерын тусламжтайгаар өнгөрсөн онд 300 орчим гэмт хэрэг, захиргааны зөрчил илрүүлсэн байдаг. Нийслэлтэй ойрхон, авто замаар холбогдсон нь давуу тал хэдий ч Улаанбаатараас орон нутагт ирж хулгайн гэмт хэрэг үйлдсэн цөөнгүй тохиолдол ч хяналтын камерын тусламжтайгаар илэрч байсан. Энэ мэтээр камерын хяналт тодорхой үр дүн өгч байсан учраас албан байгууллага, аж ахуйн нэгжүүд дор бүрнээ гадна гэрэлтүүлэгээ сайжруулж, камерын хяналттай болох тухай тогтоолыг ИТХ- ын тэргүүлэгчид ийнхүү гаргаж байсан билээ.

Одоогийн байдлаар аймгийн төвд 84 байгууллага, аж ахуйн нэгж камерын хяналттай болсон байна. Гэхдээ зарим байгууллагын камер дүрс бичлэгийн хувьд шаардлага хангахгүй, хэт бүрсгэр байгаа, хүний нүүр царай, өмссөн хувцас ялгагдахгүй шахам байгаа нь учир дутагдалтай гэдгийг Цагдаагийн газрын олон нийттэй харилцах албанаас мэдээлсэн юм. Мөн камерын дүрс олон хоногоор архивлагдах боломжгүйгээр суурилуулсан байгууллага ч байгаа ажээ.

Тиймээс нэгэнт өөрийн байгууллагын аюулгүй байдлыг хангахад зориулан хөрөнгө зарцуулж байгаагаас хойш чанарын шаардлага хангахуйцаар хийхийг  Цагдаагийн газраас байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сануулж байгаа ажээ.

Т. Отгонтуяа