Менингококкm халдварын тархалт сэргэж байна

PDF version

Төв /МОНЦАМЭ/. Энэ оны эхний гурван сарын байдлаар менингококк халдварын тохиолдол Улаанбаатарт хоёр, Дорнод аймагт хоёр, Дархан уул аймагт нэг, Орхон аймагт нэг, нийт зургаа бүртгэгдсэн байна. 1997-2007 оны хооронд Төв аймгийн хэмжээнд есөн тохиолдол гарч 51 хүн өвчилж нас барж байжээ.

Менингококкын халдвар нь арьсан дээрх өвөрмөц, зөв биш хэлбэртэй, хэмжээ нь ижилгүй, цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Энэ өвчнөөр бүх насныхан халдварладаг хэдий ч голдуу 6-36 сартай хүүхдүүд зонхилон өртдөг байна. Өвчин нь 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурч, хоол унданд дургуйцах, бие сулрах, дотор муухайрах, царай цонхийх, бага насны хүүхдийн гэдсээр өвдөх, 1-2 удаа шингэн суулгах зэрэг ерөнхий хордлогын шинжтэй зовуураар илэрдэг байна. Мөн дотоод болон гадаад орчин менингококкит халдвар тархахад илүү нөлөөлдөг гэнэ.

Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 4-12 цагийн дотор ихэвчлэн хөл, гуяар гардаг байна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор биеийн дээд хэсэг болох цээж, хэвлий, нүүр, ялангуяа нүдний салст бүрхүүлд гардаг. Харин цусархаг тууралт нь хөх ягаан өнгөтэй дарахад арилахгүй, одлог болон янз бүрийн хэлбэр хэмжээтэй юм байна. Гүвдрүүт тууралт нь 1-2 хоног, цусархаг тууралт дунджаар 2-5 хоног, үхжих тууралт 7-10 хоног, заримдаа 2-3 сарын дараа арилах талтай байдаг байна.

Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийг шаардлагагүй бол олон нийтийн газраар авч явахгүй байх, гараа тогтмол угаах, амны хөндийг сод, царвангийн уусмалаар зайлах, витаминлаг чанартай хоол хүнс хэрэглэх, ханиаж найтаахдаа амаа дарах, амны цаас хэрэглэх болон жимс хүнсний ногоог бүлээн усаар сайтар угааж хэрэглэхийг Зооноз ХӨТСТ-ийн ОЭМ-ийн мэргэжилтнүүд анхааруулж байна.

Сэргэн тархаж буй халдварт өвчинд менингококкит халдвар ордог болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлжээ.

Т.Есүхэйтөмөр