"Булган хотын хавар" урлагийн наадам болно

PDF version

Булган /МОНЦАМЭ/ "Булган хотын хавар" урлагийн наадмыг Булган аймгийн Булган сумын ЗДТГ санаачлан, Булган сумын Соёлын ордон, “Булган мээж” орон нутгийн өмчит компанитай хамтран  зохион байгуулах гэж байна. 

Хүн амд хүргэх урлаг соёлын үйлчилгээг нэмэгдүүлж, иргэдийн соёлын үнэлэмжийг дээшлүүлэн соёлын биет бус өвийг сэргээх зорилготой энэ наадамд Булган суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага, багуудыг оролцуулах юм.

-“Булган хотын хавар” урлагийн наадам ирэх сарын 20 хүртэл үргэлжилнэ. Байгууллагууд сугалаа суглаж, хугацаагаа сонгон урлагийн тоглолтоо хийнэ. Уртын дуу, морин хуур, харилцаа, найрал, зохиолын болон эстрад дуу, цэнгээнт бүжиг, уран уншлага, “Яг түүн шиг” үзүүлбэр зэрэг 10 төрлөөр наадамд оролцогчид өрсөлдөнө гэж Булган сумын соёлын ордоны ажилтан С.Ганзориг ярьлаа.

 Энэ наадамд мэргэжлийн урлагийн байгууллага, уран бүтээлчид оролцохгүй бөгөөд шинэ залуу авьяасныг нээн илрүүлсэн, мартагдсан, ховордсон соёлын өвийг сэргээсэн зэрэг шалгуур үзүүлэлт тавьсан байна.

Урлагийн наадам энэ сарын 21-нээс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулагдана.  

М.Батжаргал