Баяннуур сумын хадлангийн талбай усанд автжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-09-11 23:06:03
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баяннуур сум энэ жил 3000 тонн өвс, 50 тонн гар тэжээл бэлтгэж, сумын аюулгүй нөөцөд 100 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэх юм.
Тус сумын өвс бэлтгэдэг гол газар Бор булангийн хадлангийн талбай усанд автсан учир өвс бэлтгэх ажилдаа хараахан гараагүй байна. Харин малчид өөрсдийн бололцоогоор хадлан бэлтгэх ажилдаа оржээ.
- Өнгөрсөн жил зудтай зургаан сумын тоонд орж байсан ч малын хорогдол багатай онд орсон. Одоогоор сумын нөөцөд 30 тонн хивэг, 10 тонн хорголжин тэжээл бий. Сумын аюулгүйн нөөцөд 100 тонн өвс бэлтгэх ёстой. Энэ жилийн хувьд бороо хур элбэгтэй байснаас хадлангийн талбай руу үерийн ус хальснаас одоогийн байдлаар хадлан хадах боломжгүй байна. Энэ сарын сүүлч 10 сарын эхээр хадлан бэлтгэж өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэх бүрэн боломжтой гэж тус сумын Засаг дарга Б.Ёндон ярилаа.
М.Батжаргал

Холбоотой мэдээ