“Номын баяр-Бидний баяр” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-09-11 14:06:08
Дундговь /МОНЦАМЭ/ С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв номын сангаас үйл ажиллагаагаа сурталчлах, иргэдийн ном унших хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, уншигчдынхаа тоог нэмэгдүүлэх зорилгоор “Номын баяр-Бидний баяр” өдөрлөгийг есдүгээр сарын 10-ны өдөр төв талбайд зохион байгууллаа. 
Өдөрлөгийн үеэр номын сангийн үйл ажиллагааг оролцогчдод сурталчилж, боршур, танилцуулга тарааж, хуучин, шинэ номын худалдаа хийж, сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргаж, уншигчийн үнэмлэх, карт үнэгүй нээж, номын клубд бүртгэх үйлчилгээг үзүүлснээс гадна иргэд хоорондоо ном солилцох, ном хандивлах, боломжийг олгосон үйл ажиллагаа болжээ. 
Уншигчийн үнэмлэх, картыг бага ангийн сурагчдад 500 төгрөг, 6-аас дээш ангийн сурагчид, насанд хүрэгчдэд 1000 төгрөгөөр нээдэг бөгөөд өдөрлөгийн үеэр нийт 138  сурагч,116 насанд хүрэгч үнэгүй үнэмлэх нээлгэж, номын сангаар үйлчлүүлэх эрхтэй боллоо. Уншигчийн үнэмлэхний хугацаа энэ оны 12 дугаар сарын 31-ээр дуусгавар болох ажээ. 
С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв номын сангаас зохион байгуулсан өдөрлөгийн энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн 2012 оны 158 дугаар зарлиг дор уламжлал болгон зохион байгуулагддаг “Номын баярын өдөр”-ийн цогц арга хэмжээний нэг хэсэг болж байгаа юм. 
 
Д.Алтантогос
 
Холбоотой мэдээ