Путин-Меркелийн уулзалт ба “Умардын урсгал”-ыг зогсоох Трампын оролдлого

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-08-22 12:19:15
Эмре Пекер, Бойян Панчевски
 
Берлин хотноо энэ сарын 18-ны өдөр Оросын Ерөнхийлөгч В.Путин, Германы Канцлер А.Меркель нарын уулзалт болсон. Энэ үеэр Оросын удирдагч “Умардын урсгал–2” хий дамжуулах хоолойг барих ажлыг дуусгахад баталгаа гаргуулж авахаар оролдсон юм. Харин АНУ энэхүү төслийн хувь заяанд нэлээд нөлөөлж мэдэхээр байна.


 
Одоогийн байдлаар, АНУ уг хоолойг барьж дуусгахад саад учруулахын тулд багц хориг арга хэмжээ авахад бэлэн болжээ. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалтын ажилд оролцож буй компаниуд төдийгүй төслийн санхүүжилтийг хийж буй санхүүгийн фирмүүдийн эсрэг хориг тавихаар төлөвлөж байна. Одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан Америкийн албан тушаалтнуудын ярьж байгаагаар бол, эдгээр хориг арга хэмжээг аль хэдийнэ боловсруулсан ба ойрын хэдэн долоо хоногийн дотор хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ хоригийг зайлшгүй тавих ёстой гэж одоохондоо ярихгүй байгааг дээрх хүмүүс дурдлаа.   

Хоёр улсын удирдагчдын уулзалтын үеэр хэлэлцсэн гол сэдэв нь Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах “Умардын урсгал-2” хийн хоолойг барих тухай асуудал байв. Уг төслийг Оросын төрийн өмчийн “Газпром” компани хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөлд Royal Dutch Shell, Wintershall, Uniper, OMV, Engie зэрэг Европын томоохон компаниуд оролцож байна.

“Бид герман түншүүдтэйгээ хамтран “Умардын урсгал-2” магистраль хоолойг барих төсөл дээр ажиллаж байна. Төслийг хэрэгжүүлснээр Европ руу хий тээвэрлэх тогтолцоо боловсронгуй болж, тээвэртэй холбоотой эрсдэл хамгийн бага хэмжээнд хүртэл буурах юм. Хамгийн гол нь, өсөн нэмэгдэж буй Европын эрчим хүчний хэрэгцээг хангах явдал мөн” гэж ноён Путин хатагтай Меркельтэй хамтран хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.  



Харин уг хоолойг барихыг олон жилийн турш эсэргүүцэж буй Америкийн засаг захиргааны хувьд “Умардын урсгал-2” нь Европыг Оросын хийнээс улам хамааралтай болгож, Кремлийн нөлөө, түүний олж буй орлогыг улам нэмэгдүүлнэ” гэж болгоомжилж байгаа бололтой. 

Дээрх албан тушаалтнуудын ярьснаар бол, 2016 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэж буруутгах болсноос хойш хийн хоолойн төслийг АНУ улам хүчтэй эсэргүүцэж байгаа аж. Түүнээс гадна, Европын Холбооны доторх эсэргүүцэл нь уг хоолойг зогсоож чадна гэдэгт Трампын засгийн газар эргэлзэх болсон үед уг эсэргүүцэл улам хүчтэй болжээ.

Оросууд сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэдгийг нотолсны дараа буюу 2017 оны 8 дугаар сард төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй компаниуд, хувь хүмүүсийн эсрэг хориг тавих бүрэн эрхийг АНУ-ын Конгрессоос Ерөнхийлөгч Трампад олгосон юм. Тэгэхээр одоо төслийг зогсоохын тулд уг эрхийг ашиглаж магадгүй гэдгийг Америкийн албан тушаалтнууд дурдлаа.

Америкийн нэгэн албан тушаалтны ярьснаар бол, Цагаан ордон, Төрийн Департамент, Худалдааны яам, Эрчим хүчний яамны хамтран хийж буй хориг арга хэмжээг боловсруулах үйл ажиллагаа төгсгөлийн шатандаа ороод байгаа аж.

Хориг тавихын өмнө шийдлээ хүлээж буй цорын ганц асуудал нь “зөвхөн Балтийн тэнгист хоолой тавьж буй компаниудын эсрэг хориг арга хэмжээ авах уу, эсвэл төслийг санхүүжүүлэхэд оролцож буй банкууд, санхүүгийн байгууллагуудын эсрэг хориг тавих уу” гэдэгт оршиж байгаа аж.

Харин Германы албан тушаалтнуудын онцлон хэлснээр бол, хүйтэн дайн ид өрнөж байх үед ч гэсэн барууны орнууд Оросын хийг худалдан авч байжээ. Хатагтай Меркелийн туслахын ярьснаар, хориг тавихад АНУ бэлэн байгаа нь шингэрүүлсэн хийгээ Европт их хэмжээгээр худалдах гэсэн ноён Трампын хүсэл зорилготой холбоотой гэнэ. 

Импортын ган, хөнгөн цагаанд нэмэлт татвар ногдуулсантай холбоотойгоор Атлантын далай дамнасан худалдааны харилцаанд гарсан ээдрээтэй нөхцөл байдлыг зөөлрүүлэхийн тулд Америкаас худалдан авч буй байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлнэ гэдгээ Европын Холбоо 7 дугаар сарын сүүлчээр амлаж байв. 

Харин америкчууд хийн хоолойн ажлыг тасалдуулахын тулд хориг тавих магадлал хэр зэрэг байгаа талаар Меркелийн төлөөлөгч ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Цагаан ордны төлөөлөгч ч мөн адил нөхцөл байдлыг тайлбарлаж өгнө үү гэсэн бидний хүсэлтэд хариу өгсөнгүй.

“Эрчим хүчний эх үүсвэрийг экспортлох талаар Оросын талтай хамтран ажиллаж буй компаниуд тодорхой эрсдэлд орж байгаа гэдэг нь ойлгомжтой” хэмээн Германд суугаа АНУ-ын элчин сайд Ричард Гренелл ярьж байна. Тэрбээр 5 дугаар сард албан тушаалдаа орсноосоо хойш уг асуудлыг нэг бус удаа хөндөн ярьж байгаа юм.

Ноён Трамп ч мөн адил уг төслийг хэд хэдэн удаа олон нийтийн өмнө шүүмжилж байсан билээ. Тэрбээр хатагтай Меркельтэй хоёр талын уулзалт хийх үеэрээ уг асуудлыг хөндөж байсан.

Хийн хоолой барихтай холбоотойгоор санаа зовоож буй нэгэн асуудлыг дурдая. “Газпром” компанийн Украинтай байгуулсан гэрээ 2019 онд дуусгавар болсны дараа “Умардын урсгал-2” ашиглалтанд орсноор Орос улс Украинаар дамжуулан хий нийлүүлэхээ зогсоож магадгүй юм. 2014 онд Оросын цэргүүд нутаг дэвсгэрийнх нь нэг хэсгийг булаан эзэлснээс хойш Москватай сөргөлдсөөр буй Украин бол Оросоос Европт нийлүүлж буй хийг нутаг дэвсгэрээрээ дамжуулан өнгөрүүлснөөр ашиг олдог транзит улс юм. 

“Умардын урсгал-2” төсөл дууссаны дараа ч гэсэн Украинаар дамжуулан хангалттай хэмжээний хийг үргэлжлүүлэн нийлүүлнэ гэсэн Путиний амлалт нь АНУ-ыг тайвшруулах болов уу хэмээн хатагтай Меркель найдаж байлаа.



Харин ноён В.Путин амлалтаа давтан хэлсэн хэдий ч "дамжин өнгөрөх хийн хэмжээ нь эдийн засгийн эрэлтийг тусгаж байх ёстой" гэдгийг онцлон тэмдэглэжээ. Дээрх төсөл дууссаны дараа Украинаар дамжуулан хий тээвэрлэх хэрэгцээ шаардлага багасна гэж Украины албан тушаалтнууд гомдоллож байгаа юм.

Америкийн нэгэн албан тушаалтны ярьснаар, Европынхон Оросын хийнээс хамаардаг байдлыг багасгах хэрэгтэй гэсэн асуудал л Вашингтоны санааг хамгийн ихээр зовоож байгаа аж. Өнгөрсөн хугацаанд Кремлийнхэн бусад оронд шахалт үзүүлэхийн тулд байгалийн хийгээ нэг бус удаа ашиглаж байсан билээ. 

“Оросын нөлөө энэ хийн хоолойгоор дамжин урсч ирж байгааг бид таслан зогсоох гэж байгаа юм” гэж дээрх албан тушаалтан хэлэв.  



“Умардын урсгал” хоолой 2011 онд ашиглалтанд орсон бөгөөд жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий зөөвөрлөх хүчин чадалтай. Өнгөрсөн онд гэхэд 51 тэрбум шоо метр хий тээвэрлэсэн нь дээд амжилт болжээ. Харин 2019 онд “Умардын урсгал-2” ашиглалтанд орсноор дээрх хүчин чадал 2 дахин нэмэгдэнэ.

Асуудлын нарийн ширийнийг сайн мэдэх Европын Холбооны нэгэн албан тушаалтны ярьснаар бол, Европын 5 компани болон Оросын “Газпром” компани төслийг хэрэгжүүлэхэд аль хэдийнэ 5 тэрбум еврогийн хөрөнгө оруулчихаад байгаа учраас АНУ хориг тавьсан ч гэсэн уг төсөл зогсохгүй гэдгийг “Газпром”-ын төлөөлөгчид АНУ-ын Төрийн Департаментын Эрчим хүчний газрын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн туслах Жон Маккеррик мэдэгдсэн байна.

Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалж: The Wall Street Journal https://www.wsj.com/articles/u-s-opposition-to-pipeline-hangs-over-meeting-between-putin-and-merkel-1534582801
.

 

Холбоотой мэдээ