Le Monde: Бээжин, Москва хоёр бол холбоотнууд биш харин хамтрагчид мөн

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-08-07 16:04:41
Изабель Факон (Isabelle Facon)
 
7 дугаар сарын 16-нд болсон Д.Трамп, В.Путин нарын уулзалт Орос-Америкийн харилцааг хэвийн болгох зорилготой байсан боловч эргэлзээ тээнэгэлзээг улам лавшруулсан юм. Ийм нөхцөл байдал нь Оросыг Хятадын зүгт улам түлхэж өглөө. Хэдийгээр ашиг сонирхол нь цаг үргэлж давхцан нийцэж байдаггүй ч гэсэн Москва, Бээжин хоёр хэлхээ холбоогоо улам бэхжүүлсээр.

Орос, Хятад хоёрын хүчний харьцаа тэнцүү бус байгаа нь тэдний ирээдүйн хамтын ажиллагааг бусниулна гэж барууны тоймчид үзсээр ирсэн. Харин  хоёр улсын удирдагчид түншийн холбоо, харилцан итгэлцэл бат бэх байгааг онцлон тэмдэглэдэг.  

Донбасст өрнөсөн дайн, Крымыг нэгтгэсэнтэй холбоотойгоор үүссэн олон улсын хямралын дараа хоёр талын харилцаа “санал нийлэх” шатанд шилжсэнийг Оросын нэгэн улс төр судлаач тэмдэглэн хэллээ.  Үүнийг “улс төрийн хамгийн өндөр дээд түвшинд харилцан ойлголцол бий болсон, Хятадын компаниудын Оросын эрчим хүчний эх үүсвэрт хүрэх гарц болон Хятадын армийн Оросын цэргийн технологид хүрэх гарц өргөжсөн, Хятад-Европыг холбох дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд Оросын нутаг дэвсгэрийг ашиглах өргөн боломж нээгдсэн” гэж ойлгож болно.

Үнэхээр хэд хэдэн бэрхшээл саадыг хоёр улс даван туулж чаджээ. Удтал эргэлзэн тээнэгэлзэж байсан Оросын тал С-400 пуужингийн цогцолбор болон Су-35 сөнөөгч онгоцоо Хятадын армид худалдахыг зөвшөөрлөө. Ази тивд Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах  системийг байрлуулахыг хоёр тал эрс эсэргүүцэж байгаа нь тэднийг цар хүрээний хувьд даруухан боловч бэлгэдлийн ач холбогдол ихтэй хамтын ажиллагаа өрнүүлэхэд хүргэжээ. 2014 оны 5 дугаар сард “Сибирийн хүч” хий дамжуулах хоолой байгуулах талаар томоохон хэлэлцээрт гарын үсэг зурав. Түүнээс гадна, барууныхан хориг тавьсны улмаас зогсоод байсан Ямалийн хойг дахь шингэрүүлсэн шатдаг хийн терминалыг барих ажлыг санхүүжүүлэхэд Хятадын мөнгө хөрөнгө ихээхэн тус нэмэр болжээ. Тодруулбал, уг төслийн 20 хувийг Хятадын Нефть-хийн үндэсний корпораци, 9,9 хувийг “Торгоны зам” сан эзэмшиж байна.     

1990-ээд оныг хүртэлх ээдрээтэй харилцаа ба өнөөгийн түншлэлийн харилцаа 

2018 оны 6 дугаар сарын 6-нд Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон В.Путин Хятадын Улсын радио-телевизийн компанид ярилцлага өгөхдөө “Орос-Хятадын харилцаа бол жилээс жилд өнгө төрх нь сайжирч, давхар давхраар улам өндөрсөж буй байшинтай адил” хэмээн зүйрлэсэн байна. Тэрбээр Ши Жиньпинийг “найдвартай сайн нөхөр” гэж үнэлсэн юм.  Хоёр тал роботтехник, мэдээлэл зүй, хиймэл оюун ухааны салбарт үр ашигтай хамтран ажиллах боломж байгаа, ШХАБ-ын хүрээнд үр ашигтай хамтран ажиллах боломж байгааг онцлон тэмдэглэсэн. ЗХУ задарсны дараа бий болсон Шанхайн бүлгийг 2001 онд байгуулагдсан ШХАБ орлох болсон билээ. Уг байгууллагад Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан гэсэн улсууд багтдаг. Дундад Азийн энэ бүс нутгийг тогтворжуулах гэсэн Москва, Бээжин хоёрын хүсэл эрмэлзлийн бэлгэ тэмдэг болж байсан ШХАБ нь Путиний хэлснээр “2017 онд Энэтхэг, Пакистан элсэн орсны дараа дэлхийн хэмжээний глобал байгууллага болон хувирсан байна”.

Оросын ард иргэд ч Хятадад сайнаар ханддаг. Левада-центр төвөөс 2017 оны 12 дугаар сард явуулсан судалгаагаар, оросуудын ердөө 2-хон хувь нь Хятадыг “дайсан” гэж үзэж байжээ. Гэтэл АНУ-ыг 67 хувь нь, Украиныг 29 хувь нь, Европын Холбоог 14 хувь нь “Оросын дайсан” гэж үзэж байгаатай харьцуулахад дээрх 2 хувь бол өчүүхэн тоо юм. Санал асуулгад оролцогчдын 70 хувь нь Хятадын талаар эерэг бодолтой байдгаа хэлсэн бол 13 хувь нь сөргөөр ханддаг аж.

Хүйтэн дайн дууссаны дараа Орос, Хятадын эрх баригчид улс орныхоо дотоодын хөгжлийн асуудалд анхаарлаа төвлөрүүлж байлаа. Дотоодын хөгжил нь олон улсын таатай нөхцөл байдлыг шаардана. Өнгөрсөн үеийн сөргөлдөөнөөс зайлсхийж, сайн хөршийн харилцаа тогтоохыг хоёр тал эрмэлзэж байна. 19  дүгээр зуунд байгуулагдсан тэгш бус гэрээ, 1950-иад оны сүүлчээс эхлэн хоёр коммунист гүрний харилцаанд бий болсон үзэл суртлын зөрчилдөөн, 1969 онд Уссури гол дээр /Даманы арал, хятадаар Жэньбао дао/ болсон зэвсэгт мөргөлдөөн зэргийг тооцож үзэх аваас хоёр улсын харилцаа тун ээдрээтэй байлаа. Хятадын нэгэн шинжээчийн онцлон тэмдэглэснээр, иймэрхүү байнгын түгшүүртэй байдлыг хоёр тал “улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлж буй хүнд дарамт” гэж үзэж байлаа. Тэгэхээр эл дарамтаас ангижрах хэрэгтэй болсон.



Сайн хөршийн харилцаа тогтоох нэн шаардлагатай гэдэг дээр хоёр тал санал нэгдсэн нь 4 мянга гаруй км үргэлжлэх хилийн шугамын асуудлаар гэрээ байгуулах боломжийг олголоо. Гэхдээ үүнд нэлээд цаг хугацаа орж, 2005 онд л уг гэрээг байгуулсан юм. Орос, Хятад хоёр өөрсдийг нь зааглан холдуулж байсан тэр зүйлийг даван туулж чадлаа. Үүний сацуу батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт харилцаагаа хэвийн болгов. 2009 онд хоёр тал хил орчмын бүс нутгуудын хамтын ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийг баталсан бөгөөд уг хөтөлбөрт 168 төсөл багтаж байна. Түүнээс гадна, хил дамнасан хууль бус наймаа болон хил зөрчихтэй тэмцэх, экологийн зэрэг олон тулгамдсан асуудлыг хэлэлцэхийн тулд засгийн газар хоорондын ажлын хэсгүүдийг байгуулав.   

Энх тайванч, бүтээлч харилцаа нь юуны өмнө бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх талаар хоёр талын авсан үүрэгт тулгуурладаг. Улс орных нь байдлыг тогтворгүй болгох гэж байна хэмээн үзсэн гуравдагч хүчнүүдэд хоёр тал үл итгэсэн байдлаар ханддаг. Улс төрийн дэглэмийг хадгалан үлдэх нь Москва, Бээжин хоёрын гол зорилт юм. Хүйтэн дайн дууссаны дараа АНУ тэргүүтэй барууны орнууд өөрсдийн геополитик, эдийн засгийн ашиг сонирхолд нийцүүлэн бусад улс орнуудын улс төрийн удирдлагыг өөрчлөх гэсэн оролдлого хийж ирсэн гэж хоёр улс үздэг. Ингэж дүгнэх нь хуучин ЗХУ-ын орон зайд гарсан “өнгөт хувьсгалууд”-тай холбоотой.  2003 онд Гүржид, 2004 онд Украинд дэгдсэн хувьсгалууд нь Москвагийн санааг зовоож байсан бол 2005 онд Киргизэд болсон “алтан зул цэцгийн” хувьсгал Бээжинг түгшээж байлаа. Учир нь, уйгуруудын салан тусгаарлах үзлийг уг хувьсгал улам өдөөнө гэж Хятадын эрх баригчид болгоомжилж байв.  “Арабын хаврын” хувьсгалд барууныхны оролцоо бий гэж Орос, Хятад хоёр үздэг.

Энэ бүхэн нь хоёр талын хувьд Дундад Азийн бүс нутгийн талаар үл ойлголцсон зүйл байхгүй гэдгийг харуулж байна. Бээжин тус бүс нутагт 2000 оноос эдийн засгийн оролцоогоо идэвхжүүлж байгаа, гэхдээ тэнд Москва батлан хамгаалах, улс төрийн тал дээр тэргүүлэх байр суурьтай байгааг үгүйсгэдэггүй. Энэ нь түүхэн улбаатай юм. Бүр 1996 онд хоёр улс хил хязгаараа бататгаж, бүс нутагт үүссэн тогтворгүй байдлыг сөрөн зогсох үүднээс олон талт платформ болох Шанхайн 5 бүлгийг үүсгэн байгуулсан. Орос улс Дундад Азитай маш урт газраар хиллэдэг бол Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орон баруун хойд талаараа Дундад Азитай хиллэдэг. Дээрх бүлэг Шанхайн Хамтын ажиллагааны байгууллага болж өөрчлөгдсөний дараа “терроризм, сепаратизм, экстремизм”-ын аюул заналыг сөрөн зогсох асуудал дээр анхаарлаа голлон хандуулах болов. Энэ тал дээр Орос, Хятад хоёр бие биенийгээ тун түвэггүй ойлгож байгаа. Чеченийн 2 дугаар дайны дараа Москвагийнхан Кавказын салан тусгаарлах үзлийг лалын радикал үзэлтэй холбон ойлгож байгаа бол Бээжингийн хувьд, лалын шашинт уйгурууд нь исламын радикал үзлийн тусгал болдог. Дашрамд дурдахад, “Лалын улс” бүлэглэлийн эгнээнд тус бүс нутгаас гаралтай олон хүн элсчээ.
 
Украины талаарх Москвагийн үйл ажиллагааг Хятадын албаны хүмүүс зөвтгөдөггүй. Гэхдээ “Украины хямрал юунаас болж дэгдсэн, НАТО дорно зүгт өргөжсөнөөр Орос улсад шахалт үзүүлж байгаа зэргийг Хятадын удирдлага болон дипломатчид ойлгож мэдэрч байгаа” аж. Үүний хариуд Оросын тал Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх төвийг сахисан байр сууриа хадгалж байна. Гэсэн хэдий ч АНУ-ын зүгээс тус бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож байна гэсэн Бээжингийн мэдэгдлүүдийг Москва дэмжиж байна. 2016 онд Оросын тал урьдын даруухан байр сууриасаа бага зэрэг хэлбийж, тэнгисийн цэргийн /маргаантай бүсийн гадна болдог хэдий ч/ хамтарсан сургуулилтад оролцохыг зөвшөөрчээ. Жилийн дараа хоёр орны тэнгисийн флотууд Балтийн тэнгист дахин сургуулилт хийв. Балтийн тэнгис бол сүүлийн үед Орос болон НАТО-гийн хооронд бий болсон түгшүүртэй байдлын гол голомт болоод байгаа билээ.   

Ингэснээр Орос, Хятад хоёр олон улсын асуудлуудаар хамтран зүтгэгч нөхөд болж байгаа юм. Гэсэн хэдий ч Оросын Олон улсын харилцааны зөвлөлөөс гаргасан 2017 оны дипломат үйл ажиллагааны тайланд дурдсанаар, Бээжинтэй харилцах улс төр, эдийн засгийн харилцаанд өрөөсгөл тэнцвэргүй байдал үүссэн нь улам гүнзгийрч байгаа аж. Москвагийн хувьд, эн тэргүүний дипломат зорилтуудын нэг бол эдгээр харилцааны чанарыг сайжруулах явдал мөн гэдгийг тус зөвлөлийн тайланд дурдсан байна.

Сүүлийн 25 жилийн хугацаанд, ялангуяа эдийн засгийн тал дээр хүчний харьцаа Оросын талд ашиггүйгээр бүрэлдсээр ирсэн нь илт байна. Харилцаа маш өндөр түвшинд байгааг харгалзан үзвээс, энэхүү тэнцвэргүй байдал нь Оросын хувьд түүний аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд занал учруулахаар зүйл биш ээ. Гэхдээ хүчирхэгжихийн төлөө тэмүүлж буй тус улсад саад тотгор болж байгаа юм. Олон улсын валютын сангийн мэдээллээр, дэлхийд 2 дугаарт ордог том эдийн засагтай, дэлхийн ДНБ-ий 17,7 хувийг үйлдвэрлэдэг Хятад улс нь дэлхийд 12 дугаарт ордог эдийн засагтай, дэлхийн ДНБ-ий 3,19 хувийг үйлдвэрлэдэг Орос улстай харьцуулахад 10 дахин өндөр үзүүлэлттэй байна. 2010 оноос хойш Хятад улс Оросын худалдааны гол түнш байгаа бол Орос улс нь Хятадын хувьд 9 дүгээрт орох түнш аж.  2014 онд Орос-Хятадын худалдааны эргэлт 95 тэрбум долларт хүрсэн. Харин Хятад-Европын Холбооны худалдаа 615 тэрбум доллар, Хятад-АНУ-ын худалдааны эргэлт 555 тэрбум долларт хүрээд байна.
 
Гадаад худалдааны бүтэц ч мөн адил асуудалтай байгаа юм. Орос улс голдуу түүхий эд экспортолж, оронд нь суурь машин, тоног төхөөрөмж худалдан авдаг. Хэдийгээр эргэлзэж байсан боловч 2014 онд Орос улс С-400, Су-35 зэрэг зэвсгүүдээ Хятадад худалдахаар шийдвэрлэсний гол шалтгаануудын нэг нь дээрх бүтэцтэй холбоотой. Оросын Хятадад оруулж буй хөрөнгөнөөс хамаагүй их хөрөнгийг хятадууд Орост оруулж байна.    

Хил орчмын бүсэд ч гэсэн тэнцвэргүй байдал үүсчээ. Алс Дорнодод аж үйлдвэржилт зогсч, хүн ам цөөрч буй явдлыг Оросын эрх баригчид үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр аюултай зүйл гэж үздэг. Хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж чадалгүй бүтэлгүйтэх аваас энэ нь бүрэн эрхт байдлаа алдахад хүргэж мэдэхээр аюултай. Энэ талаар ил ярьдаггүй боловч ийм мэдрэмж нь хүн ам зүйн тэнцвэргүй байдалтай холбоотой. Алс Дорнодод 1 хав.дөр. км талбайд 1,1 оршин суугч ногдож байгаа бол Хятадын хойд нутагт 1 хав.дөр. км-т 100 хүн амьдардаг.  Түүнээс гадна, дээрх болгоомжлол нь 1990-ээд оноос хойш идэвхжиж буй Хятадын эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотой бөгөөд Алс Дорнодын нутаг дэвсгэрийн түүхэн статусын талаарх дээр үед үүсч байсан ээдрээтэй байдлыг дахин сэдрээнэ. 19 дүгээр зууны сүүлчээр Амар мөрөн, Приморийн хязгаарт тавих хяналт сул байсан нь Хятадын худалдааны цэгүүдийн хяналтан дахь анклавууд буюу хаалттай бүсүүд олноор бий болоход хүргэж байлаа. 1990-ээд оны эхээр Хятадын худалдаачид  тухайн үед барааны хомсдолд ороод байсан Оросын Алс Дорнодын зах зээлд нэвтэрч эхэлсэн байна. Цаг хугацаа өнгөрөх тусам тэдний оролцоо улам тэлж, худалдаа төдийгүй хөдөө аж ахуй, барилга зэрэг олон салбарыг хамарчээ.  

2009 оны хамтын ажиллагааны хөтөлбөрт тусгасныг үзвэл, хоёр орны засгийн газрууд Хятадын зүүн хойд нутаг болон Оросын Алс Дорнодын эдийн засгийн харилцааг сайжруулахыг оролдож байна. Бээжингийн хувьд, бүс нутгаа хөгжүүлэх үүднээс Алс Дорнодыг зах зээл гэж харж байгаа бол Москвагийн зүгээс Алс Дорнодыг хянахыг хүсдэг. Үүний сацуу Оросын тал дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дурамжхан хандаж байна. Мөнгө санхүүгийн хомс байдал, хүнд сурталтнуудын хөшүүн хойрго ажиллагаа, орон нутгийн болон холбооны эрх баригчид хятадуудын эдийн засгийн байр суурийн талаар өөр өөр санаа бодолтой байгаа нь үүнтэй холбоотой. Үүний сацуу Оросын тал бүхнийг урсгалаар нь, хяналтгүй орхихыг хүсэхгүй байна. 2012 онд Алс Дорнодын хөгжлийн яамыг байгуулж, “Восточный” сансрын хөлгийн буудлыг барьж, Байгал-Амарын төмөр замыг шинэчилж, гадаад бодлогынхоо хүрээг Ази тив рүү чиглүүлэн тэнцвэржүүллээ.



Алс Дорнодыг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг Москва хүлээн зөвшөөрсөн, гэхдээ хөрөнгө оруулалт янз бүрийн эх сурвалжаас орж ирээсэй гэж хүсч байна. Түүнчлэн гадаадын ажиллах хүчгүйгээр уг бүс нутгийг хөгжүүлэхэд маш хэцүү гэдгийг Москва хүлээн зөвшөөрөхийн сацуу янз бүрийн орны ажиллах хүчийг авахыг илүүд үздэг. Алс Дорнодыг хөгжүүлэх төслүүд харьцангуй амжилттай хэрэгжиж байгаа нь “Хятад хөршдөө хэтэрхий богино хугацаанд нээлттэй болох аваас Алс Дорнод нь зүгээр л нэг түүхий эд нийлүүлэгч болон хувирч, эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах гэсэн итгэл найдвар хөсөр хаягдана” гэсэн болгоомжлолыг улам лавшруулж байна.

Түүнээс гадна, Орос улс нь Дундад Ази дахь Хятадын эдийн засгийн тэлэлтийг тогтоон барихыг эрмэлзэж байгаа юм. Тухайлбал, тус улс ШХАБ-ын хүрээнд чөлөөт худалдааны бүс болон хөгжлийн банк байгуулахаас Казахстаны хамтаар татгалзсан. 2015 оны 1 дүгээр сард Евразийн Эдийн засгийн холбоо /ОХУ, Беларусь, Казахстан, Киргизстан/ байгуулсан гол зорилгуудын нэг нь үүнд оршиж байгаа юм. Гэсэн хэдий ч Москвагийн хувьд маневр хийх орон зай хязгаарлагдмал хэвээр. Учир нь, дээрх улсууд өөрсдийнх нь эрх ашигт нийцэж байгаа тохиолдолд хөрөнгө оруулалт, эрчим хүчний салбарт Бээжинтэй байгуулсан гэрээ хэлэлцээрүүдээсээ ухарч буцахгүй нь ойлгомжтой. Мөн Хятадын “шинэ Торгоны зам” хөтөлбөрөөс Дундад Азийн орнуудад шинэ шинэ зээлүүдийг амласаар байгаа билээ. Харин Оросын хувьд, Хятадын санхүүгийн цохилтын хүчний эсрэг сөргүүлэн тавих зүйлсээр тун хомс. 

Өөр нэгэн зүйл гэвэл, Крымыг өөртөө нэгтгэсэн Орос улсад ЕАЭЗХ-ны орнууд үл итгэх байдлаар хандах нь улам ихэссэн. Бээжингийн хүч чадал бэхжиж буй өнөө үед бүс нутаг дахь давуу тал нь болж байсан “бусдын хайр талархлыг” Москва алджээ. Түүнээс гадна, Хятадын хөрөнгө оруулагчид нь хоёр орны хооронд байгуулсан геополитикийн тохиролцоонд захирагдахгүйгээр зөвхөн эдийн засгийн үр ашгийг эн түрүүнд тавьдаг болохыг Оросын тал ойлгож мэдэрсэн байна. Хятадын хүчирхэгжилт  нь өөрийнх нь болгоомжлол түгшүүрийг анзаарахгүй гэдгийг Москва мэдрэхгүй байна гэж үгүй. 2015 оны 5 дугаар сард “Торгоны зам” ба ЕАЭЗХ-ны уялдаа холбооны тухай хоёр орны удирдагчдын хамтарсан мэдэгдлийн ачаар л Оросын тал нэр төрөө авч гарч чадсан юм. Гурван жилийн өмнө гарын үсэг зурсан Хятад-ЕАЭЗХ-ны эдийн засгийн хамтын ажиллагааны тухай гэрээ нь илүү даацтай үр өгөөж авчирна гэж хэлэхэд хэцүү.  

АНУ тэргүүтэй барууны орнуудын зүгээс өөрсдийг /Орос, Хятад/ нь шууд хүрээлж буй улсуудын дотоод хэрэгт ямар ч байдлаар оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй байж, тогтвортой байдлыг эрхэмлэж байгаа нь хоёр улсын стратегийн түншлэлийг бат бэх болгож байгаа юм. Гэсэн хэдий ч энэхүү бат бэх суурь нь олон улсын гол гол асуудлуудаар байр сууриа байнга уялдуулан зохицуулах үүргийг хоёр гүрэн хүлээдэг гэсэн үг биш ээ. Түүнээс гадна, түншлэлийн хослол дахь хүчтэй оролцогч болохын хувьд Хятад улс өөрийн гэсэн тоглолтыг хийнэ. Төслүүд эдийн засгийн хувьд өгөөжтэй гэж үзсэн тохиолдолд л Хятад улс Орост хөрөнгө оруулах ба эдийн засгийн чухал ашиг сонирхлоор холбогдож буй барууныхныг хурцаар шүүмжлэх албагүй.  

Харин Москвагийн хувьд, хүчний зөрүүг улам ихэсгэж байгаа болон өөрийнх нь имижийг бусниулж буй хүчин зүйлүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байна. Үе үе илэрч буй хамгаалах сэтгэл зүй ч үүнтэй холбоотой. Тухайлбал, ийм сэтгэл зүйгээс үүдэн “Роснефть”-ийн хувьцааны 14 хувийг Хятадын консорциум худалдан авах гэж байснаа больжээ. Москвагийн хувьд, одоохондоо “хятад эрсдэл”-ийг хязгаарлах, итгэлцлийн харилцаа бий болгох, санал зөрөлдөөний уг сурвалжийг үгүй хийхийг эрмэлзэж байна. Ойрхи Дорнод дахь цэрэг-дипломатын амжилт нь Оросыг түр зуур тайвшруулж, хүчний харьцаа тэнцүү мэт сэтгэгдлийг төрүүлжээ. Хятадын батлан хамгаалахын төсөв Оросынхоос олон дахин их /150 тэрбум доллар:45 тэрбум доллар/ боловч Орос улс цөмийн зэвсгээр асар их давуу.   

Орост маш чухал байгаа дэд бүтцэд хөрөнгө оруулах, үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах замаар эдийн засгийн харилцаан дахь өрөөсгөл тэнцвэргүй байдлыг арилгахад бэлэн гэдгээ Бээжин харуулна хэмээн Москва найдан хүлээж байна. Гэхдээ Бээжин нөхцөл байдлыг ийм байдлаар харж байгаа гэж хэлэх баталгаа алга. Хятад улс түншээ хүндэтгэдэг, гэхдээ ямар ч асуудлаар түншийнхээ санаанд заавал нийцсэн байр суурьтай байх албагүй гэж үздэг. Тэгэхээр одоо Москва нүүдэл хийх хэрэгтэй болж байна. Эцсийн эцэст, эдийн засгийн шинэчлэлээ хурдасгах, олон улсын харилцаанд илүү нээлттэй байр суурь эзлэхээр Орос улс шийдэх болов уу?

Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалж: https://www.monde-diplomatique.fr/2018/08/FACON/58982
https://inosmi.ru/politic/20180801/242884835.html
    
 
 

Холбоотой мэдээ