Атомын бөмбөгдөлтөд өртөн амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх ёслол болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-08-06 09:13:02
ТОКИО. /РИА Новости/. Японы Хиросима хотод Америкийн атомын бөмбөгдөлтөд өртөн амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх ёслол 73 дахь жилдээ болсон ба энэ үеэр дэлхий нийтээрээ цөмийн зэвсгээс татгалзах уриа дэвшүүлж байв гэж РИА Новости агентлаг мэдээлэв.
 
Өнөөдөр Хиросима хотын Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд орон нутгийн цагаар өглөөний 8 цаг 15 минутад атомын бөмбөгдөлтөд хохирогсдын дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогссон байна. 1945 оны наймдугаар сарын 6-ны яг энэ цагт Хиросима хот дээр хаясан атомын бөмбөг 140 мянга орчим хүний аминд хүрсэн юм.
 
“Дайны үед атомын бөмбөгдөлтөд өртсөн цорын ганц улсын хувьд Япон улс цөмийн зэвсэггүй дэлхийг цогцлоохын төлөө цуцалтгүй ажиллах ёстой. Манай улс идэвхтэй хүчин чармайлт тавьж, цөмийн зэвсэгтэй болон цөмийн зэвсэггүй орнуудын хооронд яриа хэлэлцээ хийх гүүр нь болох бодолтой байна” гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Хиросима хотод болсон ёслолын үеэр мэдэгджээ.
 
Хиросима хотын Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд болсон ёслолд оролцогчдод НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттеришийн захидлыг уншиж танилцуулсан байна.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ