Хүүхэд нас ба ид шид

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-07-27 14:06:34

ХАРРИ ПОТТЕР БА АЗКАБАНЫ ХОРИГДОЛ

Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн шидтэн хүүгийн тухай өгүүлсэн дэлхийд алдартай зохиолыг Монголын хүүхэд, залуучуудад зориулан Монсудар хэвлэлийн газар, зохиогчийн эрхийн агент болох “The Blair Partnership”-ээс өгсөн албан ёсны зөвшөөрлийн дагуу 7 ботийг цувралаар орчуулан гаргаж байгаа билээ. Энэхүү цувралын эхний хоёр дэвтэр болох "Харри Поттер ба Философийн чулуу", "Харрин Поттер ба Нууцат өрөө" нь 2017 оны 11 дүгээр сард хэвлэгдэн гарсан бол энэ удаад "Харри Поттер ба Азкабаны хоригдол" хэмээх гурав дахь ном нь уншигчдад хүрлээ. Мөнхүү эхний ботиудын хэвлэгдсэн байдлаас үзвэл дөрөв дэхь ном буюу “Харри Поттер ба Галт цом” нь ирэх 11 дүгээр сард гарах болов уу.

Дээрх цувралыг, дэлхийд алдартай шилдэг бэстселлер "Хаан ширээний тоглоом" болон "Хосолмол" цувралуудаараа уншигчдын талархлыг хүлээгээд байгаа орчуулагч Н.Энхнаран орчуулжээ. Дэлхий нийтээр 500 гаруй сая хувь борлогдсон эл бүтээлийг цаг хугацааны хувьд хожуу ч байж мэдэхээр нөхцөлд албан ёсны эрхтэйгээр гаргаж буй учир Монсударын “Жангар” хүүхдийн номын редакц тун хариуцлагатай хандсан нь мэдээж биз ээ.



"Харри Поттер ба Азкабаны хоригдол'' номын нээлтийн ажиллагаа энэ сарын 25-нд Интерномын төв салбарт болж өнгөрсөн юм. Нээлтийн ажиллагааны үеэр Харри Поттер цувралын уншигч фэнүүд цугларан, уралдаан тэмцээн зохиож нэгэн оройг хамтдаа өнгөрүүлсэн билээ.

“Харри Поттер ба Азкабаны хоригдол” ном нь хүүхэд залуучуудын хамгийн ихээр унших дуртай боть юм. “Хүлэг баатарын автобус харанхуйд түчигнэсээр Харри Поттерын өмнө зогсох үед түүний хувьд “Хогвартс”-т өнгөрүүлэх бас нэгэн ер бусын жил эхэллээ”. Эндээс эхлэн хүүхэд бүр Харри Поттерын тухай догдлон уншиж, ид шидийн сургуулиар түүнтэй хамт аялж, мянга мянган хүмүүсийн зүрх сэтгэлийг татсан өнчин хүүгийн тухай өөр нэг түүхийг хамт бүтээдэг.

Тус ботиос Поттерын цусан төрөл болох Сириус Блэйк, үхлийн аюултай, дементоруудтай учирч, хожим “Үхлийн шүтээн” дээрээс л жинхэнэ учрыг нь ухаж мэдэх боломжтой Снейпийн гэрэл гэгээг харах боломжтой.

Анх Ж.К.Роулингийг 1990 онд Манчестерээс Лондоны Кингс Кросс хүрэх галт тэргэнд явж байх үед Харри Поттерын тухай бичих санаа төрсөн гэдэг. Энэ тухайгаа тэрээр “Харри Поттер тэр чигээрээ л миний тархинд буугаад ирсэн” хэмээсэн байдаг. Түүнийг хүүхдийн уран зохиолд оруулсан хувь нэмрийг үнэлэн “Ханс Кристиан Андерсений шагнал”-аас эхлэн Францын “Хүндэт Легионы одон” зэрэг олон шагналыг хүртээсэн юм. Тэрбээр орчин үеийн хамгийн амжилттай зохиолчдын нэг төдийгүй энэрэнгүй үйлсийн төлөөх олон буяны үйлсийг дэмжигч гэдгээрээ ч мөн алдартай нэгэн.

ХҮҮХЭД НАС БА ИД ШИД

Би хотын хүүхэд биш учир цэнхэр дэлгэцээр Харри Поттерын зурагтай ном хэвлэлийн реклам үзэж байсангүй. Ердөө л жаахан байхад минь гардаг “Сурагч” сонинг барьж суугаад анх удаа аянга хэлбэртэй сорвитой, бяцхан шидтэн Харри Поттертой танилцсан юм. Тэр үеэс л энэхүү номыг орчуулаад гаргачихдаг болоосой гэж их хүсч билээ.

1997 онд хэвлэгдсэн тус зохиол надаас ямартаа ч нэгээр дүү байж таарав. Харин 2006 онд л 10 настай даа Варнер Брос компаны бүтээсэн өнөөх алдартай киног олж үзэв. Бүр таван жилийн өмнө Харри Поттер кино болчихсон байхад мэдэхгүй явж байжээ.



Харри Поттер бол монгол ардын баатарлаг тууль “Жангар”-т гардаг шиг эцэг эхээ алдаж өнчин хоцорсон хүү. Магадгүй тухайн үед “Жангар”-ыг бараг цээжилтлээ шахуу уншдаг байсан учраас Харри Поттер сонирхлыг минь татсан байж болно. Гэвч хамгийн гол нь ид шид байсан юм. Миний хэзээ ч төсөөлж байгаагүй ч хэр нь байх боломжтой гэж үнэмшдэг зүйлс тус кинонд бүхлээрээ багтжээ. Бургасаар шидэт саваа хийж, морин дээрээсээ дементоруудтай байлдаж явна хэмээн төсөөлж асан бага насны төсөөлөл намайг номд, уран зохиолд илүү дуртай болгочихсон юм.

“Цэцэн бэрийн үлгэр”-т гардаг шиг ухаантай, Харри Поттер шиг шидтэй, Робин Гүүд шиг арга мэхтэй байхийн тулд бүгдийг өөрөө сурах шаардлагатай гэдгийг ойлгодог байлаа. Гэвч ойлгохын хэрээр бодит үнэнтэй эвлэрч, нэг л өдөр ид шид байдаггүй гэх ойлголттой тулчихаад том хүний дүрд хувирч билээ. Гэвч сэтгэл зүрхэнд минь нуугдан суудаг, номд дурлуулсан балчир насны минь үлгэрийн баатрууд одоо ч амьд хэвээрээ оршсоор буйд талархнам.

ХҮҮХЭД БА УРАН ЗОХИОЛ

“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакц нь хүүхдийн номын чиглэлээр дагнан ажиллаж, хүүхдийг хөгжүүлэх, сонирхлыг нь татах, нас сэтгэхүйд тохирсон олон олон номуудыг эрхлэн гаргасаар байна. Энэхүү редакцийн ажилтан, албан хаагчид хэдийн том болсон хүмүүс ч гэлээ хүүхдийн сэтгэхүйд тохирсон бүтээлүүдийг сонгон орчуулж, арвин баялаг түүхтэй монгол ардын үлгэр домогуудыг хянаж олны хүртээл болгодгоос харахад яг л том болсон хүүхдүүд гэдэг тодорхойлолт өгмөөр санагдана.

Утга зохиол судлаач Х.ЧойдогжамцХарри Поттерыг муулахаасаа өмнө үндэсний үлгэр домог гэж хув хуурай үглэж, зүтгээд шинэ бүтээл туурвихгүй гэдгээ бодмоор юм даа. Үнэнхүү сайн хүүхдийн зохиол гэдэг маш сайн "том хүн"-ий зохиол л байдаг” хэмээжээ.



Мэдээж манай ард түмэн аман зохиол, ардын үлгэрийн арвин баялаг сантай ард түмэн. Гэсэн хэдий ч олон арван жилийн турш яригдаж, хэлцэгдэж ирсэн үлгэр домгийн сэтгэлгээ, язгуур ухамсарт Харри Поттерыг орчуулснаар өөрчлөлт орох зүйлгүй. Ер нь яагаад бид ардын үлгэрүүдээс илүүтэйгээр Робин Гүүд, Бяцхан хунтайж, гуталт муурын үлгэрүүдэд тааламжтай ханддаг байв. Мэдээж тэд бол аливаа муугийн эсрэг тулалддаг баатрууд. Гэтэл монгол ардын зарим нэг үлгэр сургамж илүү их байдаг нь сургуулийн насны уншигчдад тохирохоос бус хүүхдийг багаас нь ном уран зохиолд шимтэх боломжийг хазаарлаж өгдөг нэг гэм бийг санах учиртай.

Судалгаагаар бага насандаа хүүхэд номын гол баатрын үйл явдлыг сонирхож эхлэхийн зэрэгцээ хүүхдийн сэтгэл хөдлөлд өөрчилт гарч эхэлдэг.  Дөнгөж хэлд орсон хүүхэд “энэ юу вэ”  гэсэн асуулт тавьж эхлэхээс авахуулан зурагт ном үзүүлэн ажиллахад сайн үр дүн гардаг байна. 

Гэтэл сургуулийн доод насны хүүхэд бичиг үсэг сонирхож эхлэх үед шуудхан “Гэсэр”, “Жангар”-ын тууль бариулаад суулгачихаж болохгүй. Бид их сургуульд орж байж л энэ томоохон бүтээлүүдийг судалж, бичлэгийн хэлбэр, агуулга, найруулгын хэлбэрийг нь тодорхойлж, суралцдаг сэтгэхүйн болоод, язгуурын асар том бүтээл. Харин хүүхдэд ахмад дэгээг хөнгөхөн чадчихдаг Робин Гүүд шиг нэгэн, аймшигт Волдемортыг сөнөөдөг бяцхан саваатай баатар л чухал. Цаашид бид аман зохиолынхоо сайхан бүтээлүүдээс уншуулж сэтгэхүйг нь дэс дараатай хөгжүүлж болно. Үүнийг сайн мэддэг зохиолчдын нэг нь П.Лувсанцэрэн бөгөөд “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” бол хүүхдийн зохиолын нэгэн содон шигтгээ билээ.

Өнөөгийн даяарчлагдсан нийгэмд улс орон болгон өөрсдийн төрөлх хэл дээрх Харри Поттерын номтой байх буюу. Гэтэл манай улсад энэ хачирхалтай сайхан чимээ дуулдаж бүх боть нь албан ёсны эрхтэйгээр хэвлэгдэж буй нь сайшаалтай хэрэг.

Ер нь зохиол бол амьдралын бодит хуулбар биш. Ямар нэг байдлаар дээгүүр түвшинд бичигдэх ёстой. Магадгүй бодит оршихуйг ямар нэг хэмжээгээр тааруулан урласан байх учиртай байж мэднэ. Уран зохиолын ер бусын шинж чанарыг илүү товойлгон гаргасныг болзолт дүр гэдэг шүү дээ. Поттер яг л тийм дүр бөгөөд түүний хувьд цаг хугацааг эргүүлэх ч чадал байна. Энд л бидний хүүхдүүдийн хүсдэг зүйл үлгэрийн баатар оршдог юм даа.
 
Б.Алтанхуяг
 
 
 
 
 
 

Холбоотой мэдээ